И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 20

Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй

1990-ээд оны эхээр Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг хамгаалалтанд авна гэсэн зорилт тавьсан байдаг. Өдгөө энэ зорилтын биелэлт 20 хувьд хүрчээ. Гэвч бид эх орныхоо тусгай хамгаалалттай газар нутгуудын талаар ямар ч ойлголтгүй байна. Жишээ нь тухайн хамгаалалттай газрын хил хязгаар хаана эхэлж хаана дуусдаг, нэвтрэх боломжтой эсэх, отоглох цэг болон амралтын газрууд нь хаана байдаг, захиалга хэрхэн өгөх зэрэг мэдээллийг урьдчилан мэдэх байтугай газар дээр нь очоод ч олдоггүй.

Горхи Тэрэлжийн БЦГ руу нэвтрэхийн тулд Туулын гүүрэнд тулаад хураамж төлдөг. Өмнөговьд Ёлын Ам үзхээр очсон иргэд хаалтанд тулаад тасалбар авдаг бол Хөвсгөл нуурыг зорьсон хүмүүс Хатгал тосгоны захад ирээд байгаль хамгаалагчийн постонд тулдаг. Иймэрхүү нөхцөлд л хүмүүс хамгаалалттай газар луу нэвтэрч байгаагаа мэддэг. Гэтэл бусад 100 гаруй тусгай хамгаалалттай газар руу нэвтэрсэн эсэхээ ч мэдэх боломжгүй байдаг тул дүрэм журмын талаар мэдээлэлгүй аялагчид олон асуудал тарьдаг.

Тусгай хамгаалалтанд авсан газар болгоноо хаших хэрэгтэй гэсэг үг биш л дээ. Гол нь тухайн газар нутгийн онцлогт таарсан хаяг байршуулж, төв зам дагуу мэдээллийн самбарууд тавьж, хураамж төлөх цэгүүдээ бусад үйлчилгээтэй хавсарсан байдлаар шийдэх боломж бий.

Миний зүгээс дээрх асуудалд өчүүхэн ч гэсэн нэмэр болох үүднээс АНУ-д тусгай хамгаалалттай газрын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар, нэвтрэх цэг ямар стандарттай байдаг талаар үзсэн харсан зүйлсээ хуваалцъя.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тэмдэг тэмдэглэгээний ач холбогдол

“Тусгай хамгаалалттай газар нутгийн нэвтрэх цэг буюу хураамж авдаг хэсэг нэн чухал. Юун түрүүнд тухайн цэгээр өдөрт, сард, жилд хэдэн хүн, ямар унаагаар нэвтэрдэг тоон баримтыг гаргах хэрэгтэй. Үүн дээр үндэслэн тухайн газрын даацыг тодорхойлж, аялагчдын өсөх буурах хандлагыг тодорхойлдог. Ийм л энгийн даалгаврыг биелүүлчихвэл хөрөнгө мөнгө хэмнэхээс эхлээд олон давуу талтай” хэмээн АНУ-н тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүд ярьж билээ.

Өөдлөх айл үүднээсээ гэгчээр нэвтрэх цэгүүд дээр хураамж авахаас гадна аялагчдад мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Мөн нутгийн иргэдийг дэмжсэн бизнес, үйлчилгээнүүд бүхий түр амраах цэг байгуулаад аялагчдыг цааш нэвтрүүлэх нь зохистой. Хаалтын өмнө зогсоод 300 төгрөг төлөөд цааш явах, байгалийн үзэсгэлэнт газарт зориулан барьсан том хаалгаар нэвтрээд, тав тухтай байгууламжид түр саатан, боловсон ариун цэврийн өрөө ашиглаад цааш явах хоёрын хооронд асар том ялгаа бий.

АНУ-ын нэрт Yellowstone үндэсний паркийн хойд хаалга ерөнхийлөгч Рүүзвелтийн нэрэмжит бөгөөд 100 гаруй жилийн өмнө буюу 1903 баригдсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хэвийн ашиглагдаж, жуулчдын сонирхлыг татсаар байна.

Нөгөөтэйгүүр Yellowstone парк Рүүзвелтийн хаалган дээрх аялагчдын бөөгнөрлийг багасгаж, эвдрэл гэмтлээс хамгаалахын тулд тус хаалганаас холгүй мэдээллийн төв, амрах цэг бүхий шинэ нэвтрэх байгууламжийг байгуулжээ.

АНУ дахь үндэсний паркийн нэр бүхий хаяг нь аялагчдын хувьд зургаа авахуулж түр саатах цэг болдог тул үүднээс холгүй байрлуулдаг ба автомашины зогсоолтой байдаг. Хамгийн гол нь орж, гарч буй машины урсгалд саад болохооргүй, замын хоёр талд хийсэн байдгаараа онцлогтой.

АНУ-ын тусгай хамгаалалттай газрууд бүгд бор хүрэн өнгийн хаягтай тул алсаас хараад л хамгаалалттай газар луу дөхөж явааг мэддэг. Дизайны шийдэл нь олон янз байдаг ч тухайн ТХГН-ийн өнгө төрхийг хадгалсан, байгалийн тогтоцтой нь зохицсон байдаг төдийгүй сүр бараатай харагддаг.

Бид аяллаас буцаж ирээд найз нөхөд, хамаатан садандаа аяллынхаа зургаа гайхуулдаг шүү дээ. Аялагчид тухайн газрын нэр, хаягийг илтгэсэн хаалга эсвэл хаягны дэргэд зургаа авахуулах дуртай байдаг. Гол нь тэдгээр хаяг үзэмжтэй байхаас гадна байгалийн материал ашигласан байвал илүү зохимжтой.

2020 онд Горхи Тэрэлжийн БЦГ-ын захиалгаар Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо Хагийн Хар нуур руу чиглэсэн хоёр жим дээр хаалга болон мэдээллийн самбар хийж, суурилуулсан. Германы Засгийн Газар санхүүжүүлсэн энэ төсөл олон улсын жишигт нийцсэн ажил болж чадсан.

Yellowstone парк руу нэвтрэх таван хаалга байдаг бөгөөд тэдгээрийн ачаалал харилцан адилгүй байдаг. Жишээ нь зүүн хаалга ачаалал ихтэй байдаг тул зам нь 3-4 эгнээтэй ба олон ажилчидтай. Харин эсрэгээрээ ачаалал багатай хаалган дээр ажилчид байдаггүй бөгөөд аялагчдыг хураамжаа өөрсдөө ухамсраараа төлөхөөр зохион байгуулсан байдаг. Монголын хүн ам цөөнтэй, зочин гийчид багатай, ачаалал нь улирлын хамааралтай газруудад мэдээллийн самбар байршуулах нь үр дүнтэй санагдсан.

АНУ-ын тусгай хамгаалалттай газруудын үүд хэсгийн үйлчилгээ, амралтын цэгүүд “Мэдээллийн төв” нэр дор нэгдэж мөн л олон янз хэлбэрээр баригдсан байдаг ч хамгийн гол нь зочдын урсгалыг зөв зохистой, байгальд хор нөлөө багатай хэлбэрээр зохицуулахад чиглэсэн байдаг.

АНУ-ын ачаалал ихтэй зарим ТХГН даацад нь тааруулж өдөрт буюу улиралд зорчих иргэдийг тоог гаргаж, хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг ажээ. Хүн олноороо багширч, бөөгнөрдөг ачаалалтай газруудад аялагчдын урсгалыг зөв залж, ачааллыг тэгш хуваахын тулд байршил заасан буюу чиглүүлсэн тэмдэг тэмдэглэгээнүүд маш оновчтой байх нь чухал. Калифорни мужийн алдарт Ёсемите Үндэсний Парк нь харьцангуй жижиг хэмжээтэй хэдий ч (Ёсемите 3,000 км2 байхад Говь Гурвансайхан БЦГ 27,000 км2 байдаг аж) жилдээ 5-7 сая зочин хүлээн авдаг байна.

Тусгай хамгаалалттай газрын үүднээс аялагчдын урсгалыг зөв залахын тулд тасалбар худалдах авахад газрын зураг бүхий мэдээллийн товхимол үнэгүй өгдөг.

Аялагчид тухайн тусгай хамгаалалттай газарт юу үзэх, хаагуур явах, тахилгатай газрын дүрэм журмын талаар хангалттай мэдээлэл аваагүй бол олон асуудал үүсдэг. Иймд тухайн мэдээллийг олонд хүртээмжтэй, ойлгомжтой байлгахын тулд гэрэл зураг, танин мэдэхүйн сонирхолтой баримт агуулсан танилцуулга, видео, тайлбар хэлбэрээр хийдэг. Монгол Экологи Төв ТББ-ын хамт олон дээрх туршлагаас санаа авч Хөвсгөл нуурын БЦГ-ын менежментийг сайжруулах үүднээс Хатгалын үүдний хаяг, зам дагуух тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг шинээр хийж, байршуулсан. Мөн Хөвсгөл нуурын талаарх танилцуулгыг Англи, Монгол, Орос хэлээр бэлтгэж гурван жилийн турш жуулчдад тараасан нь иргэдийн зүгээс их сайшаагдаж байсан.  


Аялагчдыг мэдээллээр хангах хөтөч тайлбарлагч

АНУ-ын ТХГН захиргаа 20-р зууны дундаас судлаач Фрийман Тилдэнтэй хамтран хамгаалалттай газар нутгийнхаа талаар зочдод тайлбарлах тусгай хөтөлбөр боловсруулсан ба үүний дагуу өнөөг хүртэл салбарын бүх ажилчдаа сургадаг аж. Өдгөө ТХГН салбарт ажилладаг нийт ажилчдын 20% нь хөтөч тайлбарлагч хийдэг. Тэд дотроо гадаад дотоодын аялагчид, өндөр настан, цэцэрлэгийн насныхан, бага, дунд, ахлах ангийн сурагчдад хэмээн салбарлан, мэргэшдэг. Мөн АНУ-ын бүх тусгай хамгаалалттай газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тайлбарлагчид байдаг. Тухайн газрын үзмэр, тайлбар болгон нь хараагүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувилбаруудтай байдаг.

Манай улсын хамгаалалттай газруудад тусгай хөтөч тайлбарлагч ажиллуулах төсөв мөнгө хангалтгүй тул нутгийн иргэдийг сургалтад хамруулж, хөтөч тайлбарлагч болгон мэргэшүүлэх нь эерэг шийдэл болох боломжтой.

Өнөөдөр Монголчууд бидэнд ярих асуудал тоо томшгүй их бий. Гол нь аливаа асуудлыг шийдэхдээ хувийн ашиг сонирхлоо хойш тавиад эрүүл саруул ухаанаар буюу монголчуудын юмхнаар юм хийж чаддаг сэргэлэн зангаа ашиглан, олноороо нэгдэж чадвал бидэнд боломж их бий гэж хардаг.

Ё.Бадрал
2021 оны 3 сарын 20 өдөр /Улаанбаатар хот/

 

Сүүлд шинэчлэгдсэн