И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Аяллын хөтөч амаргүй ажил

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 19

Шанааг минь дагаж хөлс урсана. Ихэд хорсож байгааг бодоход нүүр нилээн түлэгджээ янз нь. Гэнэтхэн гар утсанд шуудан ирж байн байн дохио нь дуугарна. Бид хэсэгхэн зуурын сүлжээнд ороод гарч байгаа бололтой. Мориноос унах аюултай тул бууж байгаад л болъё доо гэж бодсон ч морины хөтөч ашгүй зогсох дохио өглөө. Нэг морины эмээлийн олом суларсныг олж харж. 2 хоног сүлжээгүй байсан тул утсаа шалгав.  Ажлаас, гэрээс гээд л олон мессеж дундаас нэгэн содон мессеж байх юм. Нэгэн танилын хүүхэд энэ жил арван жилээ төгсөж байгаа тул англи хэлийг нь сайжруулах зорилгоор танайд гайдаар явуулах гэсэн юм холбогдоорой гэсэн байв. Мөнгөө төлсөн жуулчид дээр минь хүүхдийнхээ хэлний дадлага хийлгэнэ гээд боддог бас бөх зүрхтэй хүмүүс юм даа гэж уцаарлангуй бодоод утсаа би далд хийлээ. Тайгаас олон цаг мориор явж байж хээрийн отог дээрээ ирдэг тул уцаарласан зүйлийнхээ тухай замын туршид эргэцүүлж явлаа.
Бидний ажил үнэндээ бусдын нүдээр харахад маш зугаатай сайхан харагддаг ч гэсэн энэ сайхан зүйлд хүрэхийн тулд юуг даван туулж байж энд ирэхийг бас тэр бүр мэддэггүй юм л даа. Хүүхэд нь ая даах болов уу даа. Үгүй тэгээд өөрөө дуртай ч байх юм билүү гэж бодсон ч тэдэнд анхнаас нь хэлж ойлгуулах нь л зөв байдаг тул ярилцаад үзье гэж бодон цааш явлаа.
Гадаад хэлийг төгс сайн эзэмшинэ гэдэг нь тухайн орны соёлыг өөртөө шинээр бий болгохыг хэлдэг бөгөөд аялал жуулчлалын салбараар дамжуулж өөртөө суулгаж авах нь яах аргагүй хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Гэхдээ энэ нь манай жуулчин хүлээж авах улирлын чанараас шалтгаалсан оюутан залуусын их урсгалын гол зорилго болоод удаж дээ. Учир нь энэ мэргэжил бидний дунд түр зуурын, нэмэлт орлого, хэлний дадлага гэсэн хэлбэрээр хөгжөөд 30 гаруй жилийн нүүр үзсэн. Дэлхийн 200 гаруй орноос манай орныг үзэх гээд зориод ирсэн эрхэм жуулчдад минь амьдралын туршлага гэх зүйлгүй, хальт хульт эх хэлээр нь ярьсан, эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийнх нь битгий хэл өөрийгөө ч аваад явж чадахгүй цэл залуухан туршлага нимгэн хөтөч өгөөд явуулж азаа үздэг мэргэжлийн бус оролцогчид их байдагтай ч бас холбоотой. Өвөө эмээ шиг нь санагдах тэдгээр үйлчлүүлэгчдийнхээ оюун санаа, амьдралын туршлагад нь хэлээ сайжруулах санаатай гээд л хөөрхөн гэгч нь ярьж зогсох хүүхдүүдийг явуулж байгаа бизнес эрхлэгч нар байсаар л байна.  
Энэ ажил цар хүрээ, агуулгын хувьд эх орноо бүрэн дүүрэн итгэлтэй төлөөлөх гүн гүнзгий ерөнхий мэдлэг боловсрол дээр сууриа тавьдаг. Монгол хэмээх энэ орны үүслээс нь өнөөг хүртэлх үүх түүхийг нь хүүрнэн өгүүлэх ба тэдгээрээс тавих асуултуудад хариулах хэмжээний мэдлэгийг өөрөөс чинь шаардана. Ном уншаад л, тайлбарыг нь хараад ганц нэг удаа аргалж болох ч дэлхий дахины түүхтэй нь холбож ойлгоогүй бол хольцгүй аргуун талх мэт горойсон тайлбар болж үйлчлүүлэгчээ унтуулна, залхаана. Магадгүй үйлчлүүлэгч би ийм юм сонсох гэж ирээгүй гэж уурлаж ч магад. Худлаа ярихын тухай  санахын ч хэрэггүй. Жуулчид ихэвчлэн маш их судалж уншсан байдгаас гадна зарим зүйлийн учрыг чамаас асуух гэж урьдаас бэлдсэн ч байж мэднэ. Манай улсын мэдээллийн урсгал замбараагүй байдаг тул хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг цаг алдалгүй хайж олж мэдээд харьцуулаад судлах ур чадвартай байж тэрхүү хэцүү асуултуудад хариулна.
Гэтэл ганц түүх биш хэдэн арван сэдэв хойно нь бас байна. Ерөнхий мэдлэгийн суурь сайн суусан оюутнуудад тийм хэцүү биш ч гэсэн бас нэг асуудал дээр очоод бүдрэх гээд эхэлнэ. Хот суурин газарт өссөн хүүхдүүдэд өнөө жуулчдад ганц гайхуулах нүүдэлчдийн амьдралын өдөр тутмын ахуйн тухай мэдлэг дутмаг байдаг. Яг л Африкт оччихоод тэдний тухай түг таг хийгээд тайлбарлаад байгаатай адил итгэлгүй санагдана. Энэ бол айраг гээд л тайлбарлачих гэхээр яаж хийдгийг нь хараагүй хатуухан хэлэхэд амсаж ч үзээгүй байдаг. Ялангуяа өнөө гадаад хэлний ур чадвар чинь энэн дээр бүүр их чансаа шаардаад эхэлнэ. Энгийн өгүүлбэрээр ойлголцоод яваад байсан чинь түүх, газар зүй, орон нутгийн онцлог, замын хажууд тааралдах шувуу, цэцэгний нэрнээс өгсүүлээд айраг цагаа исгэх, морь хэрхэн унах талаар тайлбар хийхэд шаардагдах үгсийн сангаар баяжаагүй хэлний ур чадвар чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт эмх замбараагүй тайлбараар жуулчдын нүдийг орой дээр нь гаргах нь энүүхэнд. Олон жил жуулчны жолооч хийсэн хүн гадаад хэл мэдэхгүй ч худлаа ярьж байгаа болон дутуу хэлсэн  тайлбарыг ойлгодог болчихдог.
Мөн олон орноор аялаад ирсэн жуулчдад өөрийн орныг сэтгэлд нь дотно ойр орон байлгахын тулд тэднийг халамжилж, соёлын ялгаатай байдлыг нь ойлгодог байхаас гадна эрүүл мэнд амь насыг нь аюулд өртөхөд хамгаалж чадах, урьдчилан сэргийлж чадах хэмжээний ур чадварыг олж авсан байх хэрэгтэй болно. Өндөр настай жуулчнаа даралт ихсээд унавал юу хийх ёстой вэ гэдгийг эхлээд мэддэг болох хэрэгтэй юм. Улсын ганц нийслэлд нь бүх зүйл нь төвлөрсөн манайх шиг улсад алс хөдөөгүүр аялахад өөрөөс нь шалтгаалахгүй бий болдог элдэв бэрхшээл мундахгүй юм. Замын бөглөрөл, онгоц хойшлох, үзвэрийн газрууд гэнэт хаах, гол үерлэх, машин эвдрэх, захиалга ороогүй байх, гэрт дусаалга гоожих, халуун усгүй байх, хулгай, бичиг баримтаа гээх, хоолны хордлого болох, мориноос унах, шаварт суух, ажилчид хоорондоо муудалцах, давхар захиалга авсан байх, наадам хойшлох, морины хөтөч нар хоцрох, архидалт, жуулчид хоорондоо муудалцах  гээд арван жилээ дөнгөж төгссөн битгий хэл насаараа байгууллага удирдсан хүнд ч ахдам үйл явдлууд хүлээж байдаг.
Гэтэл дээрх бэрхшээлийг төсөөлөөгүй ирсэн тэдгээр жуулчид амрах гэж, танин мэдэх гэж, амьдралын туршлага солилцох гэж ирдэг тул аяллын зорилгыг бүрэн биелүүлээд буцаана гэдэг нь амьдралд дөнгөж хөл тавьж байгаа туршлагагүй залуу үеийнхэнд бол нилээн өндөр босго юм.
Хувь хүний биеэ авч явах ур чадвар дээрээс бусдыг хөгжөөх, тайвшруулах, харилцан ярилцах зэрэг онцгой авьяас, тусгай ур чадвараа хэрхэн хөгжүүлж байгаагаас шалтгаалан ажил олгогч нарт тоогдох ёстой болно.
Харин дээрх ур чадвар, мэдлэгийг эзэмшиж чадаад сая нэг мэргэжлийн аяллын хөтөч тайлбарлагч болсон цагт чи эх орныхоо хамгийн сайхан газруудад хөл тавьж, маш олон танил найз нөхөдтэй болж, багаар ажиллаж, дасан зохицож, байгальд аялж сурсан, ямар ч сэдвээр чөлөөтэй ярьдаг хөгжилтэй, тэвчээртэй, халамжтай, найрсаг, асуудал шийдвэрлэх ур чадвартай, санаачлагатай, тэнцвэртэй, дипломат зантай нэгэн болон төлөвшсөн байна.
Миний танил хүүхдээ ийм л нээлттэй хүн болгох гарцыг уул нь зөв харж ажигласан байна. Гагцхүү энэ бүхнийг хийж үзэхэд хувь хүний зан төлөв ихээхэн нөлөөлдөг юм. Суралцах, өөрийгөө дайчлах, эвдэж чадах, шинийг хайх, дасан зохицох, амжилтанд хүрэхийг хүсэж чаддаг хүнд үзээд алдах сайхан мэргэжил.
Энэ бүхний суурийг тавих мэргэжлийн сургалтанд нь суугаад туршлагатай аяллын хөтөч тайлбарлагчийг, аяллын ахлагчийг дагалдаад нэг жил явахад 2 дахь жилээс л сая өөртөө итгэлтэй болж нүүр хагарч эхэлдэг. Нэг аялалд яваад ирэхдээ санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаг болохоос гадна бүхнийг бие даан төлөвлөж сурна. Аяллаас аяллын хооронд бүхнийг амжуулдаг болсон хүүхдүүдээрээ аав ээж нар бахархдаг болохоос гадна ингэж сурсан мэдлэг ур чадвар хүнээс амархан холдож мартагддаггүй юм гэдгийг энэ салбараас гараагаа эхлээд амжилттай яваа залуусын ажил амьдралын туршлагаас харж байна даа.
Нийтлэл бичсэн:
М.Нарангэрэл /“Номадик Трэйлс” ХХК- ийн гүйцэтгэх захирал/
“Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо”-ны хүндэт гишүүн

Сүүлд шинэчлэгдсэн