И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

ӨВЛИЙН ТАЙГЫН АЯЛАЛ

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 20

Нийтлэлийг бичсэн Аялагч О.Эрдэнэбилэг

ӨВЛИЙН ТАЙГЫН АЯЛАЛ

Жангас тайгын жангас тайгын оройгоор
Жарвалзуулаад жарвалзуулаад давлаа даа
Жаахан улаан жаахан улаан дээлний минь
Хормой нь хийсээд хормой нь хийсээд давлаа даа

хэмээн хөнгөн, хөгжилтэй хэмнэл, Дархад аялгаар дуулах жолооч замгүй дов толгодоор орос  машины ид хавыг гайхуулан давхиулсаар хөвчийн тайгад ирлээ. Үүнээс дөрөв хоногийн өмнө баасан гарагийн орой ажлаа тараад Драгон автовокзал дээр хэсэг аялагч цугларлаа.

Ид өвлийн хүйтнээр явах аялалд даарах вий, ямар газар очих бол, танихгүй хүмүүс дунд аялах нь маш

сонирхолтой байх даа гэсэн бодол, бяцхан айдас тээсээр аялагчид автобусанд суув. Солонгос автобус дотроо өвлийн доторлогоо хийж зорчигчид тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн дүр зургийг манай орноос гадна

Орос улсад харах боломжтой юм. “Жолоочоо халуун паараа унтраагаарай” гэх хэн нэгний хоолой зүүдэн дунд зурвасхийн орж ирж төд удалгүй өглөө болжээ. Мөрөн хот. Бусад аймгийн төвүүдээс ялгаатай нь маш зөв

зохион байгуулалттай төлөвлөгдсөн хотын төвд өглөөний 9 цагт ирлээ. Ресторанд орж өглөөний цайгаа ууж,

тэр өглөөнөөс хойш 7 хоног бидний жолоочоор ажиллах Г.Эрдэнэбаяр, Э.Түвшинбилэг хоёртой аялагчид

танилцаж, хоолоо идэцгээлээ. Автобуснаас ачаагаа буулгаж Орос улсад үйлдвэрлэгдсэн, гадна дизайнаа

сүүлийн 40 жил огт өөрчлөөгүй фургон автомашинд ачлаа.

 

 

Өвлийн дулаан майхан, бусад ачаагаа ачиж дуусаад бид аяллаа жинхэнэ ёсоор эхлүүлж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум орохоор хөдлөв. Дархадын хотгорын үүдэнд байрлах зүүн талаараа Хорьдол Сарьдагийн нуруу, баруун талаар Улаан тайгаар хүрээлүүлсэн тус сум 6000 орчим хүнтэй Дархад, Халх хүмүүс аж төрдөг Монголын хамгийн хүйтэн сумдын нэг. Гадаа хонуулсан сархад голгүй хөлддөг хүйтэн газар сумын төвийн буудалд бид ирж хонолоо. Аялагчдадаа зориулж хийлгэсэн дээлээ хүн бүрт өгч өмсүүлээд шинэ дээлний ёс хийв. Ер нь өвлийн ч гэлтгүй бусад улирлын аялалд дээл маш чухал хэрэгтэй хувцас юм аа.
Нар жаргаагүй эрт байхад бид буудалласан газраа ирж, мөс хайлуулан цай чанаж, хайлуулсан усаараа оройн хоол болох плов хийв. Аялагч өөрийн ачаагаа задалж, унтлагын мешокондоо ороод өмнөх шөнө суугаагаараа хоносон нуруугаа амрааж унтлаа.

Улаан-Уул сум. Өглөөний жавар тачигнаж, бие засахаар сэрсэн хүмүүсийн хаалга онгойлгох чимээ, сэрүү татан орж ирэх хүйтэн агаар хүмүүсийг нэг нэгээр нь сэрээв. Өнөөдөр бид багахан алхалт хийж, Ар босготын хавцал хүрэх бөгөөд аль болох дулаан хувцас, гутлын түрий, хадаасаа ойр авахыг сануулж, аяллын хамгийн сайхан хоол цуйван сэгсэрлээ. Зуухан дээр хийсэн хоолны амт цаанаа л нэг гоё байдаг нь таатай. Хорьдол Сарьдагийн Дархан цаазат газрын захиргааны байранд очиж бүртгүүлж, төлбөрөө төлөөд Хөвсгөлийн болон Дархадын хотгорыг зааглах Хорьдол сарьдагийн нуруу, Дэлгэрхаан уулын баруун бэлд орших үзэсгэлэнт Ар босготын хавцал руу хөдөллөө. Монгуушийн хавцал, Арсайн хавцал гээд олон гоё хавцал Хөвсгөлд байдгаас Ар босготын хавцалыг зөвхөн өвөл л очиж үзэж болдгоороо онцлогтой.
Бид талдаа 8 км орчим алхаж, хавцалд хүрэхэд хөл доор мөс дуугарч цааш алхах бүр чимээ нь нэмэгдэх бөгөөд зарим аялагчид түгшиж “Энэ зүгээр үү” хэмээн асууна. Ирж яваа цаг, харьж яваа улирал учраас голын шар ус хөдөлж эхэлсэн үеэр бид үүгээр явж таарсан юм. 70 метр өндөртэй хавцлын өргөн 50 орчим метр бөгөөд нийт урт нь 5 км гаруй энэхүү хавцал дундуур урсах Ар босготын голд олон ан амьтан ирж ундаалдаг түргэн урсгалтай, том гол бөгөөд цасан дээр буга, баавгай, чоно, үнэгний мөр элбэг тааралдана. Агаарын температур -18 градус орчим дулаан, цэнгэг агаартай, өвлийн цэнхэр тэнгэртэй бахдам сайхан байгаль дунд хэдэн цагийг хөгжилтэй өнгөрүүлээд бид машинаа тавьсан ам хүртлээ буцаж алхлаа. Үүнээс бид цааш хөдөлж Хорьдол Сарьдагын хавцлыг бүрэн дүүрэн тольдох боломжтой өндөрлөгт ирж зураг буулгалаа. Эргээд Улаан-Уулын буудалдаа ирж, маргааш Монголын хамгийн хойд зүгт орших сум Цагааннуур руу эртлэн хөдлөх учир өнөөдрийн сайхан байгалийг бүгд зүүдлэн, амар тайван хоноцгоолоо. Гадаа шөнөдөө -36 хэм хүрч байв. Гэнэт машинд орхисон сархадаа санаж оруулж ирэхээр гарав. Нүдэндээ ч итгэсэнгүй голгүй хөлджээ.


Цагааннуур сум. Хожим Ренчинлхүмбэ сумын нутгаас тасалж Цагааннуур сумыг байгуулсан бөгөөд Хөвсгөлийн брэнд болсон цагаан загасаараа алдартай. Дархад болон цаатан хүмүүс ихэвчлэн амьдардаг, хилийн 0258 дугаар анги байрладаг 8000 орчим хүнтэй том сум юм. Улаан-Уулаас хөдөлсөн бидний хэсэг аялагчид очих замдаа хожим 2015 онд нээгдэж судлагдаж дуусаагүй байгаа Хуйтын агуй үзэж, Цагаан нууран дээр үдшийн наран жаргах, алсад Хорьдол Сарьдагийн оройд тусах нарны тусгалд ягааран харагдах Мөнх Сарьдагуудтай зураг авхуулж орой нь Цагааннуур суманд ирлээ. Лхагва ахын буудалд хэдэн жилийн өмнө “Содура” киноны зураг авалтын багийнхан хэсэг хугацаанд байрлаж байсан ба энэхүү хуучны буудал тэртээ 1950-иад онд баригджээ. Энд бид хоноглов. Буудлын эзэн Лхагва ах ярианыхаа төгсгөлд үргэлж “тэ” гэж хэлэх ба тэгэхгүй бол амьсгаа нь давчдан ярьж чаддаггүй гэх хөгжилтэй яриа, цаатан хүмүүс таалагдсан нэгнээ үлдээж чаддаг хэмээсэн хошигнол ганц бие залуучууд, бүсгүйчүүдийг бяцхан сандаргаад авсан юм. “Шинжлэх ухаан хөгжиж бүхий л юмс үзэгдлийг учир зүйн холбогдолтой, ул үндэслэлтэй тайлбарладаг болсон өнөө цагт цааны сүүгээр сүлсэн цай уугаад хүргэн, бэр болж үлддэг гэвэл өөр улсын хүмүүс биднийг шоолох биз” гэхэд Тэ ах “Одооны залуусын чадал тааруу болчихжээ. Урьд цагт Өлийн даваа даваад ирсэн хэнийг ч явуулалгүй үлдээчихдэг чадалтай хүмүүс их байсан шүү” гээд оройн хоол болох банштай бинтэй шөл бидэнтэй цуг идэж суухдаа хэлсэн нь олон аялагчийн зүүдэнд орсон байлаа.
Жангас тайга. Хилийн 0258 дугаар анги дээр очиж бүртгүүлээд хил орчмын газар аялах маршрутаа танилцуулж, хилчнээс зааварчилгаа авч Жангас тайга руу хөдлөв.
Жангас тайгын жангас тайгын оройгоор
Жарвалзуулаад жарвалзуулаад давлаа даа
Жаахан улаан жаахан улаан дээлний минь
Хормой нь хийсээд хормой нь хийсээд давлаа даа хэмээн хөнгөн, хөгжилтэй хэмнэл, Дархад аялгаар дуулах жолооч замгүй дов толгодоор орос машины ид хавыг гайхуулан давхиулсаар хөвчийн тайгад ирлээ.
Нутаг олондоо Цагаан Ганбаа нэрээр танигдсан, хөвчийн тайгад бол ан амьтан нь хүртэл андахгүй мэдэх цаатан өвөө гэргийн хамт биднийг угтан авлаа.

20-р зуунд Соёлын довтолгоонд өртcөнөөр урцнаас модон байшинд хүчээр амьдрах болсон цаатнуудын аж амьдралыг залгуулагч гол эх үүсвэр цөөхөн хэдэн цааг улсад тушаах жилийн норм гэх нэрийдлээр үй олноор нь нядалж, зөвхөн эврийг нь аваад махыг нь муу мах хэмээн хаяж байв. Тэр цагт цаатнуудын ихэнх нь тува аялгаа гээхэд хүрч, ад шоо үзэгдэж байсан бараан цаг үеийн эсрэг сөрж тэмцсэн нэг нь элдвээр хэлэгдэн цоллуулж, хэрэг хүлээж байсан гашуун түүх ердөө хагас зууны өмнө. Харин сайн цаг ирэхэд 290-ээдхэн өрх буюу 3000 орчим цаатан иргэн амар амгалан аж төрж буй нь аялал жуулчлалыг сонирхон, хөгжүүлэхийг зорьдог бидний хувьд сайхан мэдээ байлаа. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрөөс сар бүр тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэгийг цаатан иргэн бүрт үзүүлэх зарлиг гаргасан нь өөрсдийн өв соёлоо хэвээр хадгалж үлдэх, зөвхөн цаагаа маллаж, жуулчин гийчинд амьдралаа энэ байгаагаар нь харуулж буй нь аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн төдийгүй Монгол орны нэг нэрийн хуудас болсон гэлтэй.

Өнөөдөр дэлхийд 3 сая орчим цаатан хүмүүс аж төрж байна. Үүнээс 3000 нь Монголд, Дархадын хотгорт элдэв стрессгүй, аз жаргалтай, амар амгалан аж төрж байгаагийн нэг нь Ганбаа ахынх юм.
Урцанд хонох хүслийн жагсаалт аялагчдын нэн тэргүүнд бичигдсэн мөрөөдөл байсан бөгөөд бүгд урцанд хуваагдан орцгоож, гал түлж, хөнжлөө задалж дэлгээд тайгын амьдралтай танилцахаар яаравчиллаа.
Ганбаа ахынд ороод цааны тосоор хайрсан боов, цааны сүүгээр сүлсэн цайгаар дайлуулж, жаахан сонин аялгатай яриаг чих тавин сонсоод, бид цаа руу явцгаалаа. Цаа буга бол бугын төрлийн хүн гаршуулан тэжээсэн ганц төрөл зүйл бөгөөд ашиг шим арвинтай, хөвчийн тайгад явахад шандастай өхөөрдөм амьтан юм. Нэлээд хужирсаг, эрх амьтан гэдгийг бид төд удалгүй мэдэж авсан.
Цаанд эмээл тохож мордоод зургаа авхуулж багахан тойруулж явж үзээд амьдралдаа тийм олон цааг нэг дор байгааг анх удаа харахдаа л бахархал минь төрж байв. 2000 цаа. Өвөлжөөнөөс төд удалгүй хаваржаа руугаа нүүхээр овог аймгаараа нүүдэллэхийн өмнөхөн бид иржээ.
Цаатан хүмүүс амьдрах тухайн газар зурагт, радио, интернэт байхгүй чих амар, нүд сэргэм гайхалтай. Цэнгэг агаар, сэтгэл хөдөлгөм найрсаг хүмүүсийн дунд ирцгээсэн аялагчид тайгын шар нохойтой, бяцхан хугаштай, ирээдүйн хөвчийн эзэн товор товор алхах хүүхдүүдтэй, 4 метр урт 20 ширхэг мод овоолон тавьж монгол гэрийн анхдагч зохион байгуулалттай урцны өмнө зургаа авхуулж байх хооронд Өмнөд Солонгосоос кино урлагаар даган орж ирсэн нэг соёл болох хоол, бидний сайн мэдэхээр тактуритан тайгад ирж хийх сахилгагүй санаагаа гүйцэлдүүлэхээр яаравчиллаа.
Хүмүүст ч энэ санаа минь таалагдав. 25 литр тактуритан хийсэнд аялагчид, цаатан иргэд айл хотлоороо бүгд идэцгээж амттай хоолонд цадах нөгөөдүүлээ хараад эгээтэй л олон хүүхдээ гэдэс цатгаж, сэтгэж ханасан аав шиг баярлан суув. Өнөөдөр аяллын оргил хэсэг. Галын наадам хийх зөвшөөрлийг овгийн ахлагч Цагаан Ганбаа ахаас аваад мод гишүү цуглуулж түүдэг асаахад бэлтгээд, Улаанбаатараас энэ хүртэл нүдний цөцгий мэт хайрлан авчирсан мэргэжлийн буудлагатай салютаа бэлдлээ.
Галаа хөгжөөж, сархад задлан тайгын, цаатан болон дархад ардын дуу сонсож хилийн наана цаана орсон элэг нэгт хүмүүсийн тухай сонсож, ирээдүйд залуучууд нь яваад өгөхөөр хүнхэр тайга, хөвч хангай нь эзгүйрэх байх даа гэсэн хөнгөн гуниг төрөхөд “Биднийг сурталчилж тоож байгаад баярлалаа” гээд намайг үнсэв.
Сэтгэл зурагдам эдгээр үгсийг сонсоод “Аялал жуулчлал ийшээ бүр илүү хөгжөөд хүмүүс их ирдэг болвол та хэд алзахгүй ээ. Яг энэ салют шиг л” гэж тэдэнд хэлээд галын наадмаа эхлүүллээ. Дүр зураг, баяр хөөрийг бичихэд үг хүрэлцэхгүй мэт байгаа учраас уншигч та дараа нь хамт аялаад өөрийн биеэр мэдрээрэй.
Тэнгис, Шишгэдийн бэлчир.

Тайгад, урцанд хонох мөрөөдөл маргааш өглөө нь босоход биелсэн байв. Ийм нимгэн байж яагаад даарсангүй вэ гэж гайхсан хүмүүс өглөөний цайгаа ууж ачаагаа бэлдээд алдарт Енисэй мөрөнд цутгах Тэнгис гол орохоор хөдөллөө. Дараа ирэхдээ далай их жаргалтайгаар эргэн уулзах ерөөл тавиад баруун хацраа үнсүүлж, Эрдэнэбаяр жолоочийн Жангас тайга дууг бүгдээрээ дуулан уруудлаа.
Хотгойдын шадар ван Чингүнжавын Манжийн эсрэг сүүлийн хориглолт хийсэн цайзаас Тэнгисийн гол, Шишгэдийн голын бэлчирийг харж, Монгол Улсын нэгэн эх оронч хөвүүн амь биеэ үл хайрлан тэмцсэнийг тамгалан үлдээсэн газар орны түүхтэй танилцаж, тэндээ бид хоноцгоосон юм. Амралтын баазад гал түлээд эргэн өөр улиралд ирэх болзол тавьцгааж, эх орны минь хойд хэсэг олон зуун нууц, байгалийн олон зуун үзэсгэлэнт тогтцыг өнөөг хүртэл тэр хэвээр нь авч үлдсэн газраа зун нь ямар байхыг төсөөлсөөр төд удалгүй амарцгаалаа.
Жаргалант гол.
Өвөл хөлддөггүй, дотроо ногоон өвстэй гол хэмээн товчхон тайлбарлаж болох энэ гол Ренчинлхүмбэ сумаас 5-хан км зайтай оршдог цан хүүрэг татуулсан үзэсгэлэнт тогтоцтой, бургас модон дунд урсдаг гол юм. Бусад улирлаас зөвхөн өвөл л хамгийн тансаг харагддаг. Зөвхөн зун л аялдаг хүмүүс нэг удаа өвөл ирээд үзэхэд гэмгүй, ирсэндээ харамсахгүй газар билээ.
Аялагч залуусын амнаас “Ёстой гоё”, “Үнэхээр гайхалтай”, “Дахиж заавал ирнээ” гэх үгс аялал өндөрлөх хоног ойртох тусам урссаар.
Эндээс бид Жиглэгийн даваагаар давж, Хөвсгөл нууран дээгүүр давхисаар Хатгал тосгонд ирж хоносон юм. Маргааш өдөр нь Мөрөн орж, ирсэн автобусандаа суугаад улсын нийслэл Улаанбаатар руугаа хөдөллөө.
Аялал бол амьдралд байх ёстой бүлэг. Харин энэхүү бүлгийн хуудсанд зочлох тоолондоо та хорвоо ямар баян юм бэ гэдгийг ойлгоно. Эгэл бүхнээс гоо сайхныг мэдэрч, өнгөрсөн бүхий л дурсамждаа талархах нь таныг баян болгож байгаа хэрэг. Амьдралд цуглуулсан бүхнээ үхэхдээ аваад явахгүйгээс хойш эгэл байхад суралцъя гэвэл аялаарай.

 

Сүүлд шинэчлэгдсэн