И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Аялал гэдэг улс орнуудын соёлыг мэдэхээс гадна өөрийгөө танин мэдэх, цэнэглэх, урамшуулах маш том хичээл

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 14

Өөрийг тань гурав дахь мэргэжлээ хуулийн чиглэлээр сонгож, хүний эрхийн активист, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн талаар судалдаг гэж сонссон. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Намайг Д. Ганчимэг гэдэг. Анх ХУИС-г орчуулагч мэргэжлээр төгсөөд БНХАУ-д боловсролын чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан. Дараа нь хэсэг ажиллаж байгаад МУИС-ийн хуульзүйн сургуульд хуулийн чиглэлээр суралцах ёстой юм байна гэж бодон суралцаж эхэлсэн. Бидний хувьд төгссөнийхөө дараа ямар чиглэлээр мэргэших нь их чухал байдаг учир би төгсөөд хүний эрх тэр дундаа охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн талаар ямар гадаадын туршлага байна, олон улсын түвшинд тулгамдаж буй асуудал, шийдэл, түүнийг монголдоо нутагшуулах, олон улсын жишгийг нэвтрүүлэх, хүмүүсийн хандлагыг өөрчлөх талаар нарийвчилж судалж байгаа. Энэ хүрээндээ “Simple justice” нэртэй подкаст хөтөлдөг. Одоогоор хүний эрхийн чиглэлээр 2-3 номын ажил дээр суугаад тун завгүй байна даа. 
Монголчууд “Явсан хүнээс үг сонс” гэдэг. Та ковидын үеэр Перуд хорионд байсан. Улс орнуудын хөл хорио тэр дундаа Перу ямар байв? Хэзээ эх орондоо ирэв?
Төлөвлөгөө ёсоор 2020 оны 3 сард Монголдоо ирэх байсан боловч Монгол улс хилээ хааж удаа ч үгүй Перу ч мөн адил хөл хорио тогтоож эхэлсэн. Тэндээ бараг 1 жил гацаад 10 сард буцаж ирсэн. Латин Америкийн орнуудад ковид хожуу илэрсэн ч нилээд хүчтэй дэлгэрч эдийн засгийн хувьд манайх шиг сульдсан. Миний хувьд латин америкийн орнуудад очих нь мөрөөдөл байсан. Перу маш сонирхолтой соёл иргэншилтэй газар, өнгө үзэмжтэй орон гэсэн сэтгэгдэл төрсөн. Хоол, бэлэг дурсгал, түүх гээд бүх зүйл нь их таалагдсан. ХАА нилээд хөгжсөн, ядуурал ихтэй ч органик хүнс хоол, хувцас хунарыг эрхэмлэдэг. 
Хүн өөрийн амьдарч буй орноосоо 24 цагаар өөр газар руу явж байгаа л бол энэ аялал жуулчлал хийж байгаад тооцогддог. Та аялал жуулчлалын талаар юу гэж боддог вэ? 
Анх 2008 оноос эхлэн БНХАУ-д суралцах хугацаандаа бага багаар аялж эхэлсэн. Тухайн үед тэрийгээ аялж байна гэж боддоггүй байсан. Одоо эргээд бодоход олон орноор ажлын болон хувийн шугамаар аяллаар явж байжээ. Би өөрийгөө нилээд сониуч аялагч юм болов уу гэж боддог. Аяллыг дан ганц тухайн оронд очиж зураг авахуулахаар төсөөлж болохгүй. Харин ч хүнд маш олон төрлийн мэдлэг, амьдралын ухаан зааж байдаг. Тухайн орныхоо онцлог, түүх, уламжлал, соёлыг нь судалснаар аялал илүү сонирхолтой болж баяждаг. 
Яагаад аялж эхлэх болов? Юу таныг аялах хүсэл сонирхлыг хурцалж өгдөг вэ?
“Хэрвээ танд хэцүү зүйл тохиолдвол АЯЛА, ямар нэгэн баяртай зүйл тохиолдвол АЯЛА” гэсэн үг байдаг даа. Аялал надад шинэ санаа, эрч хүчийг мэдрүүлдэг, аялсны дараа сэтгэл санаа хөнгөрсөн, шинэ зүйл мэдээд авсан юм шиг мэдрэмж төрдөг. Хорвоо ертөнц олон өнгөтэй байдаг гэдгийг улам бүр мэдрүүлдэг учир хүн аялалд дурладаг байх. Хамгийн тансаг бэлэг бол Аялал. Өөртөө гутал, цүнх авахаас илүүгээр шинэ газар үзэх, нэг шинэ хоол туршиж үзье гэж хичээдэг гэх үү дээ. (инээв) 
Аялагч хүний хувьд аялах улсаа хэрхэн сонгож, төлөвлөгөө хэрхэн гаргадаг талаараа манай аялагчдад сонирхуулаач. 
Эхний аяллуудаа Азийн орнууд тэр дундаа Хятадаас эхлээд Малайз, Хонгконг, Тайландаас эхэлсэн. Европоос Итали, Франц гээд томоохон аялал жуулчлалыг хөгжүүлсэн орнуудаас гадна хажууд нь орших жижиг улсууд, дагавар хотуудыг сонгон аялах болсон. Төлөвлөгөөний тухайд аль болох эрт төлөвлөх, захиалах тусмаа өөрт төвөг багатай байхаас гадна эдийн засгийн хувьд хямд тусдаг. Жишээ нь аяллын зардлын ихэнх хувийг эзэлдэг онгоцны билет, зочид буудлыг цагийг нь тулгаж захиалж байснаас дор хаяж 2-3 сарын өмнө захиалснаар та багадаа 30 хувийн хямдралтай захиалах боломжтой. 
Өөрийг тань дэлхийгээр аялагч гэдэг утгаар нь гадаад орнуудын аяллын талаар түлхүү асуултууд бэлдсэн байгаа. Жилдээ хэдэн улсаар аялдаг вэ? Нэг аялахдаа удаан хугацаагаар аялдаг уу?
Жилдээ яг хэдэн улсаар аялдаг гэсэн нарийн тоо гаргаагүй юм байна шүү. Зарим жил 1-2 орноор, заримдаа багадаа 3-4 оронд очсон байна. Ялангуяа европын орнууд нэг визтэй учир хамаг цаг хугацаа, мөнгөө зарцуулаад очиж байгаа учир ганцхан орон үзээд ирэхэд хангалтгүй, харамсалтай байдаг учир аль болох олон орноор аялаад, суралцаад ирэхийг боддог. Аяллын хугацааны хувьд чиглэлээсээ хамаараад 7-10 хоног аялдаг. Жишээ нь Европын аялалд явлаа гэж бодоход эртхэн төлөвлөөд, үзэх газруудаа сайтар тооцоолчихвол 7 хоног багадаа 3 орон үзчихдэг. 
Өөрөө аялсан газар орондоо ямар төрлийн аяллыг дэмждэг вэ? Та ямар төрлийн аялагч бол?
Аялагчийн тухайд ганцаараа, хувийн шаардлагаар, ажлын шугамаар гээд аялах тохиолдол бишгүй бий. Ямар нэгэн группд хамрагдаж аялна гэхээсээ илүү өөрөө аяллаа төлөвлөөд цагт баригдахгүй 2, 3-уулаа аялах дуртай. Өнөөдрийн хүртэл аялсан аяллуудаа харахад хөтөчтэй групп аялалд хамрагдаад явсан аялал маш ховор. Хувиараа аялах л сонирхолтой. Групп аяллаар явахын сул тал нь өөрийнхөө үзье гэж бодож байсан зүйлээ бусад хүмүүсийн цагт баригдаад үзэж чадалгүй буцчих гээд байдаг. Яг тодорхой нэг үзвэр, хот руу хөтөчтэй явах нь зүгээр санагдсан. Перуд аялж байхад  Мачу Печу руу хөтөчтэй явах нь дээр гэж зөвлөсөн учир орон нутгийн хөтөч авч явахад маш их мэдээлэл богино хугацаанд авч чадсанаараа давуу талтай байсан. 
Сүүлийн үед охид бүсгүйчүүд ганцаараа эсвэл 2-уулаа аялах сонирхолтой болж. Соло аяллын талаар юу гэж боддог вэ? Жишээ нь таны аялж байсан орнуудаас охид эмэгтэйчүүд соло аялахад хамгийн тохиромжтой эсвэл тохиромжгүй улс гэж байсан уу?
Тухайн орныг сайн мэднэ, би СОЛО аялж чадна гэж бодож байвал аялж болно л доо. Мэдээж аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудад ганцаараа аялах нь таатай. Би харин болж л өгвөл 2,3-аараа аялах нь илүү сонирхолтой, дор хаяж л зураг авахуулахаас эхлээд давуу талтай байдаг шүү. Эмэгтэй хүн юм чинь аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьсан нь дээр. Анх төлөвлөхдөө аялж буй газрынхаа аюултай, аюулгүйг судлаад, аюултай гэгдэх орнуудын аюулгүй хэсгийг судлаад аялбал болно. Тэгэхээс аюултай орон гэж байхгүй байхаа. Миний аялсан Перу л гэхэд Өмнөд Америкийн орнууд шиг зарим эвгүй хэсгээрээ эвгүй, орой үдэш явахад аюултай. Гэхдээ өөрсдөө болгоомжтой байгаад, үзэх газраа сайн судалчих юм бол үзэх газар ихтэй, маш баялаг түүх соёлтой, гоё хоолтой, үнэхээр сайхан газар байх жишээтэй.  
Аялагч хүний  хувьд хамгийн чухал зүйл санхүү байдаг. Хүмүүс баяжихаараа аялна, мөнгөтэй л бол сайхан аялна гэж боддог. Зарим нь бүүр хэрхэн зардал гаргахгүйгээр аялж болох талаар зөвлөгөө өгдөг. Өөрөө хэрхэн санхүүгээ зохицуулдаг вэ? Аяллын зардлын тал дээр санаа зовж буй хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ?
Өөрөө хөдөө өссөн болоод ч тэрүү анх хотод ирээд, дараа нь Хятад руу, цаашлаад Азийн орноор яваад л бүх л зүйл цоо шинэ, гоёхон байдаг байсан. Анх оюутан байхдаа тэтгэлэгийнхээ мөнгөөр хамгийн хямдаар цонхгүй буудалд буугаад л аялдаг байлаа. Ажилд орсныхоо дараа ажлынхаа цалингийн 50 хувийг нь хадгаламжинд хийгээд жилдээ заавал нэг орох үзэх зорилго тавьдаг байсан. Ингэж явсаар нөхөртэйгөө танилцаад хамтдаа аялах болсон. Ажлаар аль нэг оронд очихдоо хэдий завгүй байсан ч аль нэг сонирхолтой үзмэр, музей ч болтугай үздэг. Оюутан байхдаа наймаачдад орчуулга хийдэг байлаа. Тэд нар Бээжинд олон ирсэн хэрнээ Тиананмэний талбай, Цагаан хэрэм ч юм уу орж үзээгүй байсан. Тэгэхэд тэр эгч нарт ирэх бүрдээ нэг газар үзэж байгаарай, ингэж явдаг гээд арга замыг нь зааж өгөхөд “Нээрээ тийм байна шүү. Ингэж олон ирчихээд ийм сайхан газруудыг нь үзээгүй юм байна” гэдэг. 
Бодоод байхад хүн залуу байхдаа байртай болъё, машинтай болъё гэж зүтгээд байдаг. Харин дараа бодоход аялсан дурсамж л хүнд үлддэг. Аялаад ирэхээр оюун санаа, үзэл бодол огт өөр болоод ирдэг. Аль болох залуу байхдаа хямдхан ч хамаагүй аялахад хэдэн жилийн өмнө үзсэн зүйл чинь ямар нэгэн байдлаар өөрт тань тус болдог. Тиймээс мөнгөө зөв зарцуулаад, өөртөө зорилго тавиад аялах нь л зүйтэй гэмээр байна даа.  
Монголчууд нүүдэлчин удмын хүмүүс учир төрөлхийн л аялагч ард түмэн шиг байгаа юм. Аяллаас хүн юуг сурах ёстой вэ? Өөрийн тань сурсан хамгийн том сургамж юу байв?
Би номоо яагаад “Дэлхийтэй Танилцсан Тэмдэглэл” гэсэн юм бэ гэхээр аялж эхлэхээсээ өмнө Монголоос өөр ямар орон байдгийг, дэлхийн соёл иргэншлүүд, хуульзүйн талаар огт мэдлэггүй байж. Франц улс ийм онцлогтой юм байна, Италийн энэ нь жуулчдыг татаад байдаг юм байна, Африкт яагаад жуулчид ингэж их ирээд байна гээд бодож эхэлдэг. Африкийн орнууд хүнд их юм бодогдуулахаар газар юм байна лээ. Үүнээс гадна би Монгол орноо тийм ч сайн мэддэггүй юм байна гэдгээ эдгээр жилүүдэд ойлгосон. Энэ бүхний дараа өөрийгөө ёс уламжлалаа илүү их дээдэлж хайрладаг, хүнлэг, жинхэнэ Монгол хүн болсон гэж боддог. Тэрнээс гадна аялагч хүн нилээд минимал талдаа болчихдог. Мөн хосуудын харилцаанд аялал сайхан дурсамж бий болгохоос гадна тухайн хүнийг таних хамгийн шилдэг арга юм. Тиймээс хэн нэгэнтэй үерхэж эхэлж байгаа бол хамт аялаад үзэхэд гэмгүй шүү. (инээв) 
Өөрийн тань хариулт миний дараагийн асуулттай яг уялдаад ирлээ. (инээв) Эмэгтэй хүний цүнх гэхээр их ачаатай явах юм шиг ойлгогдоод байдаг. Аялагч хүний хувьд цүнхэндээ байнга авч явдаг чухал зүйлсээ сонирхуулаач. 
Эмэгтэй хүний цүнх нилээн баялаг шдээ. Яг аяллаа гэхэд цүнхэндээ юу авч явахаа төлөвлөнө. Би нойтон салфетка байнга авч явдаг. Энд тэнд их алхдаг учир ус авдаг. За тэгээд гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд зөндөө зүйл байна. Мэдээж хэдий хэр хугацаатай аялж байгаагаас хамаараад авч явах зүйлсээ сонгодог ч аль болох бага ачаатай, гоо сайхны бүтээгдэхүүнээ “аяллын сет”-р жижиг хэмжээтэй авч явдаг. Өмнө нь өндөр өсгийт голдуу өмсдөг байсан бол одоо даавуун фудболк, жинс, пүүз, кет гээд цөөн төрлийн хэрэглээтэй болж. Аяллын үед даавуун зүйлс их зүгээр байдаг. Ялангуяа даавуун цүнх. Боломжийн багтаамж сайтайгаас гадна энд тэнд явахад дээрэмдүүлэх вий гэсэн айдас багатай. Аялалдаа учиргүй үнэтэй брендийн цүнх бариад явж байгаа хүмүүстэй тэр бүр таарахгүй л байх. Миний хувьд Монголынхоо даавуун цүнхээр гоёх дуртай.  
Номны чинь талаар дэлгэрүүлж асуухгүй өнгөрч чадахгүй нь. Перуд хөл хорионд орсон хоорондоо “Дэлхийтэй танилцсан тэмдэглэл” номоо бичсэн гэж байсан. Ном бичих санаагаа хэрхэн олов? Юу таныг сэдэлжүүлж өгсөн бэ?
Ном бичих санаа 2019 оны 11 сард төрсөн ч бичиж эхлэх зориг хүрэхгүй, шантраад яваад л байсан. Хөл хорио хүн бүхэнд стресс нэмсэн байх. Энэ хугацаанд зүгээр сууж чаддаггүй хүн чинь хөл хорионд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж бодоод санаа шулуудсан. Миний ном нилээн танин мэдэхүйн чиглэлээр бичигдсэн. Хүн аль нэг газарт очих нэг өөр, харин тухайн орныхоо эсвэл газрынхаа үүх түүхийг мэдчхээд аялах нь огт өөр. Судалчхаад аялах, судлахгүй аялах огт өөр мэдрэмжийг өгдөг. Хүмүүст энэ мэдрэмжийг өгөхийг хүссэндээ номоо гаргасан. Анхандаа хэлний бэрхшээлээс шалтгаалан тухайн газрыг хараад, зургаа даруулаад “аа, нэг иймэрхүү газар байдаг юм байна” гэж бодоод өнгөрдөг байсан бол судлаад мэдээд, гадаад хэл  сайжраад ирэхийн хэрээр аялалд хандах хандлага өөрчлөгдсөн. Аялахын хажуугаар улс орнууд аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлж байна гэдгийг харж судлах дуртай. Нэг байшингаас илүү нэг хэлтэрхий чулуу ч гэсэн үнэ цэнэтэй байдаг гэдгийг өөрийнхөө аяллаараа харуулахыг зорьдог. 
Хэдий хэр хугацааг номондоо зарцуулав? Хэзээнээс уншигчдын гар дээр очив?
Бүтэн жилийг зарцуулсан. Коронагаас болоод хэд хэдэн удаа хойшлогдсоор өнгөрсөн 12 сарын 20-доор хэвлэлтээс гарсан. Одоогоор Интерном, Альфа, Booklo гэсэн 3 газраас худалдан авах боломжтой. 
Номонд 16 орны 22 хотын талаар бичигдсэн гэж байсан. Өнөөг хүртэл хэдэн орноор аялсан бэ? Номондоо аялсан бүх улсуудынхаа талаар оруулсан уу?
Номонд ихэнх орнууд багтсан. Гэхдээ сүүлд АНУ-н аялал жуулчлал сайн хөгжсөн хэд хэдэн мужаар аялсан аяллын тэмдэглэлийг хүмүүст илүү сонирхолтойгоор хүргэх болно. Миний хувьд Аризонагийн Индианчуудын амьдрал тун сонирхолтой байсан. Үүнийгээ нилээн сонирхолтой байдлаар хүргэе гэж бодож байгаа.  
Өөрийн тань ном тухайн газар орныхоо түүх соёлыг тодруулж бичсэнээрээ онцлог юм болов уу гэж бодлоо. Аялах газрынхаа түүх соёлыг хэрхэн судалдаг вэ? 
Аялж явж байхдаа судалдаг. Аялахаасаа өмнө youtube-р тухай улстай холбоотой бичлэг үздэг. Түүнээс гадна би маш их кино үздэг. Хүүхэд байхдаа үздэг байсан кинонуудаас гадаадын орнуудын анхны сэтгэгдлийг авч байсан.  Интернэт хэрэглээг аль болох зөв зохистой байлгах тал дээр хүмүүс анхаарах хэрэгтэй. 
Удахгүй 2 дахь номоо гаргах гэж байгаа гэж байсан. Нууц биш бол номынхоо талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
2018 онд Вашингтоноор аялахдаа тухайн улсын 200 гаруй жилийн үүх түүх, хууль эрхзүй, АНУ хүчирхэгжсэн нууц гэх мэт олон зүйлтэй энэ газар салшгүй холбоотойг мэдэж авсан. Хүний эрхийн, хууль эрхзүйн, АНУ-н түүхийн талаар ном. 
Улс орны онцлог бэлэг дурсгалын зүйлийг хэр цуглуулдаг вэ?
Хамгийн хямд, хамгийн дурсгалтай зүйл чинь хөргөгчний наалт шдээ. Туркээс мозайкан гэрэл, Перугээс сонирхолтой хээ бүхий гар урлалын бүтээгдэхүүн, тухайн газрынхаа онцлогийг хадгалсан зүйлийг гэртээ авах дуртай.   
Мэдээж бүх л улс орнууд өөрийн гэсэн онцлогтой. Хүн юуг нь яаж харж байна гэдгээс хамаараад эерэг, сөрөг сэтгэгдэл төрүүлдэг байх. Таны хувьд хамгийн мартагдашгүй дурсамж үлдээсэн газар юу вэ?
Улс орон бүр өөрийн онцлогтой тиймээс миний аялсан орнуудын энэ нь хамгийн гоё, энэ нь муухай гэж хэлэхэд хэцүү. Тэр газартаа хэр удаан байсан гэдгээс бас хамаарах байх. Африкийн аялалдаа их хайртай. Болж өгвөл энэ материаллаг нийгэмд олон хүн тийшээ аялаасай гэж хүсдэг. Одоо байгаа бидний амьдрал хангалттай, тиймээс бид байгаадаа талархаж илүү ихийг бүтээхийн тулд амьдрах ёстой юм байна гэдгийг олж авсан. Мөн Перу улсын түүх, соёл маш их таалагдсан. Яг үнэндээ Перугийн чанартай эдлэл, органик зүйл хэрэглэдэг болохоор тэндэхийн хоол, гар урлал гээд олон зүйлд нь дурласан. Франц, Италийг дараагаар нь нэрлэж болно. Хүн төрөлхтний түүхэнд эдгээр улсын нөлөө их. Тиймээс ч жуулчид эдгээр орнууд руу хөвөрдөг байх. 
Тэгвэл онцгүй сэтгэгдэл төрүүлж байсан улс эсвэл хот бий юу?
Малайзыг нэрлэх юм байна. Малайз бол олон соёлын нэгдмэл газар. Надад цаг агаарын хувьд маш бүгчим, өндөр барилга ихтэй байсан нь давчдуулж байсан байх. Анхандаа өндөр барилгатай газарт очоод зургаа авахуулчхаад явдаг байсан бол одоо тэс ондоо болж Европын жижиг хот, тосгод, сонирхолтой түүхтэй газарт очихыг эрмэлздэг.
Хэл мэдэхгүй байх, соёлын ялгаа зэргээс хамаараад аяллын явцад хүндрэл бэрхшээл хэр гардаг вэ? Түүнийгээ даван туулах ямар арга хэмжээ авдаг вэ?
Зарим хүмүүс хэл мэдэхгүй байж аялна гэхээр надад хэцүү юм шиг санагддаг.  Миний хувьд өөрийнхөө хэмжээнд 2 хэлийг боломжийн түвшинд эзэмшсэн. Тиймээс аялах гэж байгаа залуучууд дэлхийн заавал англи хэл гэлтгүй том хэлүүд болох франц, итали, испани, хятад зэрэг хоёрдогч хэлийг эзэмших шаардлагатай. Жишээ нь Перуд байхдаа испани хэл мэдэхгүй учир биеийн хэлэмжээрээ л ойлголцож явсан. Хэл мэдэхгүй дээр нь зарим хэсэгтээ тийм ч аюулгүй орон биш болохоор нэг орой харих гээд Uber дуудтал огт мэдэхгүй замаар, англи хэлгүй жолоочтой явахад айдастай л нэг хэсэг хугацааг өнгөрөөгөөд таньдаг замаа харангуутаа ямар их баярласан гээч (инээв).
 Аялж байхдаа хамгийн сүүлд хэзээ монгол хүн гэдгээрээ хамгийн их бахархаж байсан бэ?
Африкт явж байхдаа юм болов уу даа. 
Дараагийн төлөвлөгөө юу байна? Хаашаа хамгийн түрүүнд аялах вэ?
Энэ жил Монголдоо л аялана даа. 
Энэ удаа бид гадагшаа аялах талаар түлхүү яръя гэж бодсон учир ихэвчлэн гадаад аялалтай холбоотой асуултууд асуулаа. Гэхдээ энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх. Монгол хүн монголоороо эхлээд аялах ёстой гэсэн бодолтой хүмүүс байдаг. Энэ талаар таны бодол? 
Миний хувьд заавал эндээс эхлэх ёстой гэсэн зүйл байхгүй. Гадны олон орноор аялчхаад Монголоороо заавал аялах ёстой юм байна гэсэн сэтгэгдэлтэй хүн ч байгаа. Өөрийн боломж бололцоогоор л болох асуудал. 
Миний асуугаагүй орхигдуулсан зүйл байвал танд сүүлийн хэдэн хормыг үлдээе. 
Аяллын боловсролыг бусдад түгээх сайхан ажил хийж байгаа танай хамт олонд баяр хүргэе. Аялал гэдэг улс орнуудын соёлыг мэдэхээс гадна өөрийгөө танин мэдэх, цэнэглэх, урамшуулах, хаана яваагаа мэдэх маш том хичээл байдаг. Өмнө нь Монгол орноо сайхан гэж боддог л байсан. Харин аяласнаас хойш бүүр л хайрлаж биширч, гадны туршлагаас Монголдоо хэрэгжүүлэх юу байна гэдгийг судлахыг хүсдэг болсон. Ялангуяа аялал жуулчлалын бизнес эрхлэх гэж байгаа хүн жуулчлал өндөр хөгжсөн орны туршлагыг судалж аяллаас олох үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь нийт Монголын ард иргэдийн амьдрал сайжирна гэсэн үг.   
Аялах хүсэлтэй залуучууддаа ямар зөвлөмж, уриалга хэлмээр байна. 
Өгөөжтэй, эко аялаарай. Заавал бусадтай барьцаад илүү гарах гээд байлгүй өөртөө тааламжтай зүйлийг л хийгээрэй. Аялал бол өөртөө өгч буй бэлэг учраас өөрийнхөө бололцоондоо л тулгуурлах ёстой. Үүнээс гадна аялж байхдаа хэзээ ч битгий сүүлчийн мөнгөө шавхаж байгаарай. Юу ч тохиолдож болно шүү дээ. Мөн охид бүсгүйчүүд аялахдаа хамгийн их хийдэг зүйл бол дэлгүүр хэсэх байдаг. Үүнийгээ аяллын хамгийн сүүлд хийх нь дээр гэж зөвлөх байна. (инээв)
Танд баярлалаа. Цаашдын аян зам нь саадгүй байж, ном тань аялах дуртай хүн бүрийн ширээний ном болох болтугай гэсэн ерөөл дэвшүүлье. Номын цагаан буян дэлгэрэг. 
Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. 

Ярилцсан: М.Мөнхжаргал

Сүүлд шинэчлэгдсэн