И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Аялал жуулчлалын улирлыг уртасгах бүтээгдэхүүнүүд

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 14

Аялал жуулчлалын улирлыг уртасгах гэдэг нь жилийн дөрвөн улиралдаа зохицсон аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, тухайн бүтээгдэхүүнээ сурталчилж жуулчнаа татах хэрэгтэй гэж ойлгодог хүн л дээ, би.

Монголын аялал жуулчлалын улирлыг зуны гурван сар гэж ойлгодог хайрцаглагдсан сэтгэлгээнээс бид гарах хэрэгтэй. Улирал болгон өөрийн гэсэн онцлогтой, хүний сэтгэлийг татах увдистай байдаг. Түүнийг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх нь чухал. 


Аяллын улирлыг уртасгах талаар хүн болгон ярьдаг ч ажил хэрэг болсон нь бага. Салбарынхны сэтгэл дутсаных, төрийн дэмжлэг ч бага байдагтай холбоотой байх. Ер нь энэ цар тахалтай жил аялал жуулчлалын салбарт анзаарагдсан гол зүйл нь сэтгэл гарган ажиллавал бидэнд ч бас боломж байгаа гэж харагдлаа. Аяллын оргил улирлаас бусад үед аяллын бүтээгдэхүүн борлуулж буй компани маш цөөхөн байгаатай та санал нийлэх байх. 

  • Манайд өвлийн аялал жуулчлал гэхээр хэдэн эвент хийх талаар л яриад байдаг. Эвентээр жуулчдыг ихээр нь татна гэдэг зөвхөн нэг талыг харсан өрөөсгөл ойлголт юм. Бид олон төрлийн аяллын бүтээгдэхүүнийг бий болгож, тасралтгүй сурталчилж байж олон нийтэд хүрнэ. 
  • Миний бие өвлийн аяллын төрлүүд хөгжүүлэх тал дээр сүүлийн 15 жил ажиллаж байгаа хүн л дээ. Болсон болоогүй янз бүрийн аяллуудыг туршиж ирсэн. Зарим дээр нь амжилт олсон, зарим нь бүтэлгүйтсэн. Тэр туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм. Авах нэг нь авна биз дээ...
  • Манай компанийн хувьд зуны улирлын дараа намрын улиралд бүтээгдэхүүний гол чиглэлээ Говь руу хандуулдаг. Бид говийн үзэсгэлэнт газруудаар дугуйн аялал, гүйлтийн аялал хийдэг. Говийн их халуун дуусч, намрын саруудад аялахад таатай боломжийг бүрдүүлдэг. Намрын улиралд байгалийн төрх өөрчлөгдөж олон өнгийг бий болгодог. Тэр байгалийн үзэмжид хүмүүс татагдаж зургаа авахуулан олон нийтийн сүлжээнд тавьж гайхуулдаг юм билээ. Үүнийг нь ашиглах хэрэгтэй...
  • Намрын улирлын дараа өвлийн улирал манай оронд их урт үргэлжилдэг. Бараг арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл... Монгол орон дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог. Энэ үед дэлхийн бөмбөрцгийн хойд хагас тэр чигээрээ өвлөөрөө гоёж, өөр өөрийн өвлийн онцлогт тохирсон аяллаараа дэлхий нийтийн сонирхлыг татахыг хичээдэг. Олон төрлийн өвлийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулж жуулчид, спорт сонирхогчдыг урин дуудна. Улс орнууд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ өвлийн спортын төрлүүдийг аяллын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй нь туршлагаас харагдсан.
  • Бид ч энэхүү гадаад орнуудын туршлагыг судалж үзээд Монголдоо мөсөнд авиралт, мөсөн замын дугуйн аялал, уулын цанын аялал зэргийг хийж байна.
  • Жишээ нь, манай компани зуны зургаа, долоо, наймдугаар сард Алтай Таван Богд уулын бүс нутагт уулын аялал зохион байгуулдаг. Бид сүүлийн таван жилд энэ бүс нутагт уулын цанын аяллыг зохион байгуулснаар гурав, дөрөв, тавдугаар сарыг аяллын улирал болгож чадсан. Монголыг сонирхон ирэх уулын цаначдын тоо ч жил ирэх тутам нэмэгдэж байна. Энэ хугацаанд бид уулын цанын хөтчүүдийг бэлтгэж ирсэн. Би ч цанаар гулгаж сурсан.
  • Уулын цанын аяллыг ес, аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохиогддог Бүргэдийн баяртай холбон бүтээгдэхүүн болгох чиглэлээр судалж байна. Ингэж чадвал үндсэндээ энэ бүс нутгийн аяллын улирлыг таван сараар уртасгах боломжтой юм. 
  • Сүүлийн найман жилийн турш Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээнд мөсөнд авиралтын Karakorum Ice Festival нэртэй арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бусдын анхаарлыг татах болсон. Анх Ice Challenge Mongolia нэртэйгээр зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оноос тус арга хэмжээг сонирхогчдын тоо өссөнтэй холбоотойгоор фестиваль болгосон. Ингэснээр арга хэмжээгээ өргөжүүлж урлаг соёл, уламжлалт тэмцээн болох мөсний шагайн харваатай хослуулж олон улсад таниулах зорилготой байгаа юм. 
  • Энэ арга хэмжээг зохион байгуулснаар мөсөнд авиралтыг спортын тэмцээнт хэлбэр рүү оруулж чадсан. Мөсөнд авиралтын спортыг Монгол Улсад хөгжихөд түлхэц болсон гэж үзэж болно. Манай тэмцээнд оролцож тамирчны гараагаа эхлүүлсэн тамирчдаас өдгөө Ази тивийн аварга, мөнгө, хүрэл медальтнууд төрсөн билээ. Бид бүхэн ч дэлхийд чансаа өндөртэй тамирчид төрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг. Мөсөнд авиралт нь 2022 оны Бээжингийн олимпт албан ёсны нэг төрөл болж ороход тун ойрхон байгаа. Тиймээс энэхүү төрөлд Монголоос олимпын аварга төрнө гэдэгт бид итгэдэг. Үүний тулд арга хэмжээгээ ашгийн бус хэлбэрээр зохион байгуулж өдийг хүрсэн. 
  • Тэмцээнээ зохион байгуулсан анхны жилүүдэд хүрхрээнд мөс маш өргөн, сайхан тогтдог байсан ч сүүлийн жилүүдэд мөсний тогтоц ихээр муудаж мөсгүй болж байна. Өнгөрсөн жил л гэхэд хүрхрээний мөс тэмцээн явуулахад хангалтгүй байсан тул хүрхрээн дотор 22 метр өндөртэй мөсөн ханыг барьсан. Энэ жилээс бид Karakorum Ice Festival-ийг маскоттай (албан ёсны бэлгэ тэмдэг болсон амьтан) болгосон нь Цасхан юм. Цасхан гэх цагаан хэрэм маань Монголын өвлийн аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах болно.
  • Бид 2006 оноос эхлэн Мөнгөн Өвөл нэртэй дугуйн аяллыг Туул гол дээр зохион байгуулж ирсэн. Энэхүү аялалдаа жил бүр дотоод, гадаадын 100 гаруй хүнийг авдаг. Үүнээс гадна Хөвсгөл нуураас Тайга хүрэх өвлийн дугуйн аяллыг жил бүр зохион байгуулж байна. Мөсөн замаар дугуйгаар аялах сонирхолтой гадаад, дотоодын жуулчдыг ОХУ-ын Байгал нуур руу авч явж аялуулж байгаа.
 

2019 онд БОАЖЯ-аас зохион байгуулсан сургалтын үеэр Японоос ирсэн багш бидэнд өвлийн аялал жуулчлалын талаар хоёр цагийн лекц орсон юм. Тэр багш Финляндын Лапланд, Аляскад хийж байгаа өвлийн аяллын жишээг сонирхуулж ярьсан. Гэхдээ түүний ярьсан бүх төрөл Монголд байдгийг мэдээд гайхаж, “Яагаад энийгээ олон нийтэд хүргэдэггүй юм бэ” гэж асуухад хүрсэн. 
БОАЖЯ-наас өвлийн аялал хийдэг компаниудаа дэмжиж үзэсгэлэн яармагт оролцуулах, нэгдсэн маркетинг хийхэд нь чиглүүлж туслах хэрэгтэй. Мөн өвлийн аяллын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх, нисэх онгоцонд үнэгүй тээвэрлэх боломжийг хангах тал дээр дэмжих нь бидэнд маш чухал байна. Жишээ нь, Монголд цаныг онгоцоор тээвэрлэхэд нэг кг нь ойролцоогоор 12500 төгрөг байдаг бол бусад улс оронд үнэгүй тээвэрлэдэг. Авиа компаниуд маань жишээ авч цаашдаа ажил хэрэг болгоосой гэж хүсч байна. Энэ нь жижиг зүйл шиг харагдаж байгаа ч маш том дэмжлэг болно.  

 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дотоодын зах зээл маш том нөлөөтэй гэж боддог. Монгол аялагчид өвөл аялсан зураг хөрөг, аяллын тэмдэглэлүүдээ олон нийтийн сүлжээнд оруулж мэдээллийн масс бий болгох нь маш чухал. Монголд өвөл аялахаар сонирхсон хүмүүс өвлийн аяллын тухай мэдээлэл авахад хэцүү, бараг байхгүй байгаа нь бэрхшээл юм. Бид өвөл аялах явцдаа аяллын үеийн зураг авч, янз бүрийн контент хийдэг ч хангалтгүй байна. Тиймээс Өвлийн аялалд дурлагсад  нэртэй фэйсбүүк групп нээж өвлийн аяллын туршлагаасаа хуваалцах боломжийг олон нийтэд олгож байна. Та бүгдийг энэхүү группд нэгдэн өвлийн аяллын зургууд болон сэтгэгдлээ хуваалцахыг уриалж байна.

Дотооддоо компани бүр өөрийн контентоо хийж болох ч төр засгийн бодлогоор олон улсын зах зээл дээр гаргах, гадаад хэлээр тэр дундаа өвөл болдоггүй Азийн бусад орнуудад чиглэсэн нэгдсэн контентийг цацах нь урт хугацаандаа жуулчдын тоог нэмж хэрэглэгчээ бэлдэх нэг төрлийн бэлтгэл ажил гэж үзэж болно. 
 

Нийтлэлийг С.Алдархишиг /Монголиа Экспедишнс энд Турс/

Сүүлд шинэчлэгдсэн