И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Уламжлалт Хоолыг Аялал Жуулчлалын Бүтээгдэхүүн Болгох нь

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 14

Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, хурдацтай хөгжиж байгаа үйлчилгээний салбар юм. Иймд аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарыг илүү сайжруулах нь нэн чухал хэмээн төрийн бодлогын бүхий л шатанд дүгнэж байна. Энэхүү нийтлэлийг бичиж буй судлаач бид нар аялал жуулчлалын салбарыг бүрдүүлж буй цогц үйлчилгээнүүдийн нэг аялал жуулчлалын хоолны үйлчилгээг сайжруулах, үндэсний уламжлалт хоол, ундааны соёлыг жуулчдын сонирхолыг татах бүтээгдэхүүн болгох талаар судлахыг зорьсон юм. 


Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд өөрсдийн уламжлалт хоол ундааны онцлог байдал, үүх түүхийг танин мэдүүлэх зорилгоор аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд төлөвлөж, үүгээр дамжуулан аялал жуулчлалын маркетинг хийх, сэдэвчилсэн концепци бүхий хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. 


Аялагч жуулчид тухайн орон нутгийн хоол, хүнсийг бэлтгэх байдлыг сонирхох, зооглох, цаашлаад худалдан борлуулах зорилго бүхий аялал жуулчлал (Food tourism, Culinary tourism, Gastronomy tourism гэх мэт) нь хоол, хүнсний үйлдвэрлэлийн гинжин хэлхээний зарчим буюу фирмийн аж ахуй, үйлдвэрлэгч, зуучлагч, худалдааны төвүүд, хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, хэрэглэгч гэсэн зарчмаар тус бүрдээ аяллын бүтээгдэхүүн болдог онцлогтой. Иймд хоолны аялал жуулчлал гэхээс илүүтэйгээр аялал жуулчлалын хоолны үйлчилгээ гэдэг нэр томъёог ашигласан болно. Энэ төрлийн аялал жуулчлал хөгжсөн орноор Европын улсууд тэр дундаа Итали, Испани, Турк, Гүрж, Азийн улсууд дотроо Тайланд, Энэтхэг Вьетнам, Япон, Солонгос, зэрэг топ орнуудыг нэрлэж болно. Судлаач аялагч Г.Бадамсамбуу монголд гастрономи аялал хөгжих маш их боломжтой учир нь УБ хотод л гэхэд 50 гаруй үндэстний хоолыг нэг дор маш богино зайд идэж болдог нь жуулчдыг ихээр татах нэг шалтгаан болно гэсэн байдаг. Монголд дэлхийд алдартай Bizzare food шоу хийгдэж тарваганы мах хийж идэж байсныг санаж байгаа байх. Олон ч баримтат кино, ТВ-н нэвтрүүлэгээр хоолны тухай нэвтрүүлгийн нэмэлт хачир болгон гаргадаг. Тэгвэл монгол үндэсний хоол аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох боломжтой юу? 

 

Монголчууд эртнээс нааш мал аж ахуйг голлон шүтэж амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын мах, сүү шимийг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг байсан. Хоол, хүнсээ бэлтгэж боловсруулах уламжлалт арга ухаан нь тухайн үндэстэн, ястны соёл, аж төрөх ёс, зан заншил, байгаль, цаг агаар, мал аж ахуй болоод нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэглээг даган хөгждөг байна. Энэ онцлог байдлыг гадаад, дотоодын жуулчдад танин мэдүүлэх нь аялал жуулчлалын хоолны үйлчилгээний гол зорилго юм.
Юуны өмнө бид “Аялал жуулчлалын хоолны үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах нь” сэдэвт судалгааг асуулгын аргаар 2020 оны 04-05 дүгээр сард цахим хэлбэрээр зорилтот бүлгээс авсан бөгөөд судалгааны үр дүнд Монголын аялал жуулчлалын хоолны үйлчилгээний дараах давуу болон сул талыг илрүүлсэн болно (Хүснэгт 1). 
Аялал жуулчлалын хоолны үйлчилгээнд хийсэн нөхцөл байдлын шинжилгээ 
Давуу тал    

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүчин чармайлт
  • Уламжлалт хоолны соёл, онцлог байдал нь жуулчдын сонирхолыг татах байдал
  • Орон нутгийн үйлчилгээний онцлог, өвөрмөц байдал
  • Аялал жуулчлалын бүс нутгийн ялгаатай байдал  

Сул тал

  • Монгол уламжлалт хоолны нэр төрөл цөөн, хооллох уламжлал алдагдсан
  • Аяллын хээрийн мэргэжлийн тогоочийн хүрэлцээ бага
  • Тогоочийн ур чадвар муу
  • Аялал жуулчлалын компаний бүтээгдэхүүн төлөвлөлтийн асуудлууд (Гайд хоол хийх)
  • Аяллын үеийн хоол, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт
  • Аяллын үеийн эрүүл ахуй, ариун цэврийн асуудлууд
  • Орон нутгийн үйлчилгээний соёл, чанарын асуудлууд
  • Орон нутгаас хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авалтын чанар, аюулгүй байдлын асуудлууд
  • Аяллын үеийн хоол, хүнсний хог хаягдлын хэмжээ их
  • Энэ төрлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд контент болон улсын нэгдсэн бодлого дутмаг

Иймд дээрх сул талуудыг аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогуудад тусгайлан тусгаж давуу тал болгон хөгжүүлэх нь чухал юм. 
Судлаач Тао, Чен, Хү нар (2019) нь жуулчдын хувьд тухайн улс орны уламжлалт хоол хүнс нь сонирхолыг татах байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох хамаарлын судалгааг хийсэн байдаг. Жуулчдын хувьд хоол, ундааны уламжлалт байдал нь тэдний сонирхолыг татаж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангасан, өвөрмөц орчин нөхцөлтэй байх нь чухал гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Судлаач Д.Гансүх (2020)  аялал жуулчлалын хоолны үйлчилгээнд уламжлалт хоол, орчин үеийн хоол, эрлийжүүлсэн хоолны асуудлууд нь хэрэглэгчийн шийдвэрт шууд хамааралтай бөгөөд эдгээр нь тухайн аялал жуулчлалын бүс нутгийн ялгарал бий болох, тусгайлсан хоолны аялал, замналууд бий болох боломжтойг дурдсан байдаг. 

Иймд Монголын аялал жуулчлалын хоолны үйлчилгээ нь өөрийн уламжлал, онцлог байдлыг илүү товойлгон гаргах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал юм. Иймд дараах асуудлуудад аялал жуулчлалын салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд тусгайлан анхаарах нь зүйтэй.

Үүнд:

  • 1.  Бэлчээрийн малын мах бол Монгол үндэстний баялаг, брэнд бүтээгдэхүүн билээ. Монгол малын ашиг шимийг судалсан олон судалгааны ажлыг дүгнэн нэгтгэж үзвэл бэлчээрийн малын махны биологи, хүнс тэжээлийн төгс чанар, технологийн үндсэн төлөв сайн үүлдрийн малынхтай адил байгаад зогсохгүй хэрэглээний болон технологийн олон үзүүлэлтээр давуу байна. Энэ нь жуулчдын эрэлт хэрэгцээг хангахуйц мах, махан бүтээгдэхүүнийг бий болгох, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бий болгож байна. Жишээлбэл, говийн алдарт Жимбий, говийн Цагаан шувуу, Цагаан шовио, Хорхог, Боодог, Тэмээний гол махан стейк, Үхрийн болон Хонины шарсан хавирган стейк, Гол махан стейк, Сүүн шөлтэй банштай хоол зэрэг хоол ундааг уламжлалт хоолны брэнд болгох боломжтой бөгөөд судалгаа шинжилгээ хийн хөгжүүлэх нь чухал юм. 

Монгол уламжлалт хоолны онцлог байдал

  • 2.  Сүүлийн жилүүдэд уламжлалт хоолны хэрэглээ, соёл нэлээдгүй алдагдсан. Иймд судлаачид хооллох соёл, хэрэглээ, уламжлалт хоол хүнсний түүхий эд бүтээгдэхүүн болон уламжлалт хоолны нэр төрлийн газарзүйн судалгааг хийх нь чухал болж байна. Эдгээр судалгааг хөгжүүлэх нь аялал жуулчлалын бүс нутаг, аяллын төрөл хэлбэр зэргээр ялгаатай байдлаар уламжлалт хоол хүнснийг төлөвлөх, жуулчдад үзүүлэх, хэрэглэх соёлыг таниулах, газар орны ялгаатай байдлаар уламжлалт хоолны брэндийг бий болгох боломжтой. Дараах зургуудад уламжлалт хоолны хэрэглээний орчин үеийн өөрчлөлтүүдийг үзүүллээ. 

       
Монгол уламжлалт хоолны хэрэглээний өөрчлөлт
Өөрөөр хэлбэл, гурилыг баяжуулж хэрэглэх, булууны чөмөг, үхрийн өвчүүний хирсэнг үндсэн хоолонд ашиглах, борцыг халуун тогооны шөлөнд хэрэглэх нь түгээмэл болсон. Уламжлалт аргаар бэлтгэсэн хоол хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг орчин үеийн хоолны жор технологитой хослуулах маягаар хоолны шинэ төрөл зүйл бий болгох (шинэ нэр төрлийн махан хоол, зууш, гудамжны хоол гэх мэт) нь хоол үйлдвэрлэлийн технологич нарын гол үүрэг болоод байна.  

  • 3.    Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, гэр буудал, амралтын газар, цайны газар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан, тогооч нарыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах шаардлагатай байна. Мөн энэ чиглэлийн үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулах эрх бүхий сургагч багшийг бэлтгэх нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн үйлчилгээний чанарт ахиуц дэвшил бага гарч байгаа нь удирдах ажилтан, менежер болоод үйлчилгээний ажилтнуудын ур чадвартай шууд хамааралтай. 

      
Орон нутгийн зочид буудлуудын өглөөний хоолны үйлчилгээ

  • 4.    Жуулчдын (гадаад болон дотоод) хувьд өдөр тутмын хоолны хэрэглээ, хоол хүнстэй холбоотой гаргаж буй шийдвэр гаргалт, худалдан авалтын зан төлөвийн асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тэдний хэрэгцээн дээр тулгаарласан Монгол уламжлалт хоолыг санал болгох, хоолны таваглалт, хэмжээ, порцыг хянах нь зүй юм.      
  • 5.    Аялал жуулчлалын хоолны үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг стандартжуулах нь чухал байна. Аяллын хээрийн хоол гэлтгүй орон нутгийн үйлчилгээний байгууллагуудад энэ асуудал нэлээн чухлаар тавигдаж байна. 
  • 6.    Уламжлалт хоол ундааг аялал жуулчлалын зорилтот зах зээлд таниулах зорилго бүхий сэдэвчилсэн контентыг бэлтгэх.  
 

Өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээнээс авч үзэхэд хэт их порцтой байх, төрөл бүрийн амтлагч хэрэглэх, жуулчдын хувь хэт өөх тостой, хурц байх, хэрэглэж чадахгүй хоолны орц, бүтээгдэхүүнийг шууд санал болгох зэрэг асуудал ажиглагдсан. Эдгээр нь өнөөгийн аялал жуулчлалын хоолны үйлчилгээний чанар, жуулчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж байна. 

Эндээс дүгнэн авч үзвэл, Монгол уламжлалт хоол хүнсний хэрэглээ, соёл нь жуулчдын сонирхолыг татах бүрэн боломжтой хэдий ч аялал жуулчлалын хоолны үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах шаардлагыг бий болгож байна. Дараагийн нийтлэлүүдээр ямар төрлийн хоолыг хэрхэн бүтээгдэхүүн болгох талаар илүү дэлгэрэнгүй уулзацгаая. 

Нийтлэлийг: М.Алтаншагай

Сүүлд шинэчлэгдсэн