И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - ХӨРШ ОРНУУД БА МОНГОЛ УЛС

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 13

1860-аад оны үеэс Европын баян чинээлэг эрхмүүд Швейцарын Альпын уулсын тансаг амралтын газруудад амарч цанаар гулгаж эхэлснээр өвлийн аялал жуулчлал эхэлсэн гэж үздэг.

Өнөөдрийг хүртэл хөгжиж байгаа өвлийн аялал жуулчлалын гол нөөц, жуулчин татаж буй хүчин зүйлс:

  • Хүйтэн цаг агаар
  • Өвлийн байгалийн үзэмж
  • Цас, мөс
  • Цана чарга, тэшүүрээр гулгах
  • Өвлийн спортын тэмцээн уралдаан
  • Эвент арга хэмжээ
  • Аялагчдын ая тухыг хангасан тансаг зэрэглэлийн амралтын бааз ресорт
  • Цас мөсөн хотхон
  • Өвлийн аялал жуулчлалын хот тосгон
  • Цанын бааз
  • Халуун рашаан
  • Улс ба орон нутгийн онцлогтой өвлийн аяллын хөтөлбөр зэрэг байна.

Өвлийн аялал жуулчлалын хугацааг олон улсад 12 дугаар сараас дараа оны 3 дугаар сар дуустал буюу нийт 4 сарын хугацааг авч үздэг.

ДАЖБ-н статистикаар 2018 онд Европ тивийн хэмжээнд 672 сая жуулчин аялж, 519 тэрбум ам.долларын орлого оруулсан.

Тэгвэл Евростатистикийн гаргасан мэдээллээр 2017-2018 оны 12 сараас 3 сард өвлийн улирлаар нийт аялсан жуулчдын 28,2% буюу 189,5 сая жуулчин аялж, мөн жуулчны 23,2% нь байрлах салбарт захиалга хийж үйлчлүүлсэн байна.

Тэгвэл хөрш улс ОХУ-д 2019 онд 24.551.444 гадаад жуулчин хүлээн авч, 166520.1 сая рубль орлого олсон. Мөн 41.964 сая иргэн гадаад орнуудад аялсан бол Монгол улсад 111000 орчим орос жуулчин аялжээ. Манай хил залгаа бүс нутаг Алтайн улс, Тува улс, Буриад улс, Байгалын чанадын муж нь нийт 2.593.201 хүн амтай ч цалин орлогын хувьд Холбооны улсдаа бараг хамгийн доогуур ордог муж улсууд байдаг нь төлбөрийн чадварт нөлөөлдөг. Гэхдээ эдгээр Холбооны улс, мужуудад байгалийн үзэмж, цанын бааз, амралт рашаан сувилал дэд бүтэцдээ түшиглэн өвлийн спортын тэмцээн, уралдаан, эвент арга хэмжээ, цана чарганы аялал зэргээр дотоодын аяллыг ихээр хөгжүүлж Хятад, Солонгос зах зээлийг ихээр татаж байна. Мөн Зул сар, Шинэ жил, Улаан өндөгний баяр, Маслянка, Буриадын Цагаан сар зэрэг баяр ёслол, Зимняда өвлийн спортын бүх нийтийн баяр /10000 цаначин нэг зэрэг уралдаж тэднийг дэмжихээр 100000 хүн цугладаг/, Байгал нуурын мөсний аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаан болж байна. Түүнчлэн 1975 оноос баталж хөгжүүлсэн “Алтан Саян цагираг” аяллын маршрут, 2000 км замтай “Их Алтайн алтан цагираг” аяллын маршрут, 2018 онд Оросын төрөөс зүүн бүс нутгуудад аялал жуулчлал хөгжүүлэхээр эхлүүлсэн “Восточное кольцо России” төслийн 30 маршрут зэрэг аяллын иж бүрэн маршрут, бүтээгдэхүүн нь өвлийн аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Оросууд нь бүх нийтээрээ өвлийн спортоор идэвхтэй хичээллэдэг, хүйтнээс айдаггүй тул өвлийн спортын тэмцээн уралдаанд оролцох, дээд зэрэглэлийн цанын баазуудад цанаар гулгах, хямдралтай худалдан авалт хийх, зугаацах зорилгоор ирэх боломжтой. Гэвч монголчууд бидний адил гаднаас өвөл зунгүй жуулчин татаж авах талыг ихэд анхаарч ажиллаж байгаагаараа бидний өрсөлдөгч болж байгаа болно.

Бидний өмнөд хөрш БНХАУ нь 2018 оны байдлаар 62,9 сая жуулчин хүлээн авч 40,386 тэрбум ам.долларын орлого олсон. Харин 2018 онд Хятадаас гадагшаа 150 сая орчим жуулчин аялж, 277 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг.  Тэгвэл дотоодын аялал жуулчлалд давхардсан тоогоор 5.5 тэрбум хүн хамрагдаж, 5,05 их наяд юаны орлого оруулсан.

Монгол улстай хил залгаа ӨМӨЗО нь 2019 онд аялал жуулчлалаас 1.340 тэрбум ам.долларын орлого олжээ. ААААА зэрэгтэй аялал жуулчлалын цогцолбор газар 4, АААА зэрэглэлтэй аялал жуулчлалын цогцолбор газар 27, ААА зэрэглэлтэй 50 аялал жуулчлалын газар байна. ӨМӨЗО-нд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр дараах эвент арга хэмжээг тогтмол болгон зохион байгуулж байна. Үүнд:

  • Харбин хотын олон улсын мөс цасны баяр- Энэ баяр нь 1985 оноос үүссэн. Мөсөн хотхон нь жил бүр 1-р сараас эхлэн бүтэн сар гаран үргэлжилдэг. Шинэ он, Цагаан сар, Өлзийт өдрийн баяр, цасанд гулгах баяр зэрэг 4 үндсэн хэсэгтэй.
  • Манжуур хотын цас мөсний баяр- Хятад, Монгол, Оросын гоо бүсгүйн тэмцээн, цана, тэшүүр, хоккейн тэмцээн, худалдаатай арга хэмжээг 1998 оноос эхлүүлсэн.
  • Хөлөнбуйрын мөнгөн өвлийн наадам- Энэ арга хэмжээ нь 2000 оноос эхэлсэн. Цас мөсний баяр, өвлийн загасчлал, спортын уралдаан тэмцээн, өвлийн тосгонд зочлох г.м
  • Үзэмчний өвлийн наадам- Эрийн гурван наадам, тэмээний уралдаан, урлаг соёлын уралдаан, “Үзэмчин цом” монгол үндэсний хувцас заслын тэмцээн г.м баярыг агуулсан баяр юм.
  • Баргын гал тахилгын соёлын найр- Барга ястны үндэсний дуу бүжиг, зан заншил, эрийн гурван наадам, галын тахилга, галын наадам, барга тосгон хот айл г.м. эвенттэй
  • Рашаан хотын мөс цасны баяр- Цана, тэшүүрээр гулгах, халуун рашаанд орж алжаал тайлах аялал зохион байгуулдаг.

Эдгээр нь голлох эвент бөгөөд бусад аймаг, хот муж бүрд үндэсний онцлогтой Цас мөсний баяр, Адууны соёлын баяр, Цагаан сар, Үндэсний хувцасны баяр, Өвлийн идээ ундааны баяр, Өвлийн байгалийн үзэмж бахдах аялал зэргийг зохион байгуулдаг. Өвөрмонголын өвлийн аяллын гол аялагчид нь хятадын дотоодын аялагчид бөгөөд аялагчдын 85% нь тур оператораар захиалж аялдаг онцлогтой.

Монгол улсын хувьд 2019 оны байдлаар 577.262 жуулчин ирж 607.231.369 ам.долларын орлого олсон байдаг. Тэгвэл өвлийн улиралд 12-3 сард жуулчны тоо эрс багасч сард дунджаар 22700, нийт өвлийн саруудад 90000 орчим жуулчин ирж байна. Энэ нь зуны 7-8 сард нэг сард ирдэг гадаад жуулчны тооноос 3-4 дахин бага үзүүлэлт юм.

Өвлийн аялал жуулчлалын улирлаар Хөвсгөл аймагт “Мөсний баяр”, Өмнөговь аймагт “Тэмээний баяр”, Улаанбаатар хот орчимд “Бүргэдийн баяр”, “Улаанбаатарын өвлийн наадам”, “Шинэ оны анхны нар харах аялал” зэрэг эвентүүд зохион байгуулагдаж оролцогчдын 90-95% нь дотоодын аялагчид байдаг. Аялал жуулчлалын зарим компаниуд Туул гол, Горхи Тэрэлжийн бүсэд нохой чарга, морин аялал, цас мөсний дугуйн аялал, хиймэл мөсөн хананд авирах зэрэг спорт аяллын төрлөөр аяллын хөтөлбөр гарган хөгжүүлж байгаа нь сайшаалтай. Энэхүү аяллын хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа аялагчид бараг 100% дотоодын амрагч аялагчид байгаа юм. Эндээс харахад бид өвлийн саруудад гадаад жуулчин төдийлөн авч чадахгүй байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй байгаа нь

  • Улирлын хамаарал
  • Өвлийн нөхцөлд хүлээн авах байр сууц
  • Жуулчны сонирхол татах аяллын хөтөлбөр
  • Сонирхол татах үзмэр
  • Эвент арга хэмжээ цөөхөн
  • Дэд бүтцийн тааруу байдал
  • Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх улсын нэгдсэн бодлого
  • Маркетинг төлөвлөгөө байхгүй
  • Төрийн дэмжлэг муу
  • Салбар хоорондын уялдаагүй байдлын хор уршиг
  • Үйлчилгээний салбарын чанар зэрэг асуудлаас шалтгаалж байна гэж үзэхээр байгаа юм.

Хэдийгээр Тэрэлж, Улаанбаатар хот орчимд зарим жуулчны бааз, амралтын газрууд гэр, байраа өвлийн дулаалгатай болгож улирал хамаарахгүй ажиллаж үйлчилж байгаа боловч орчны бүсэд нь өвлийн аяллын бүтээгдэхүүн, өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх дэд бүтэц, уралдаан тэмцээн, эвент арга хэмжээ байхгүй, спортын мэргэжлийн дасгалжуулагч, эвент менежмент явуулах боловсон хүчин байхгүй зэрэг нь хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд саад болж байна.

Бид өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх асуудлыг шинэ шатанд гаргахын тулд шинээр бүтээлчээр сэтгэж ажиллах шаардлагатай байна. Аялал жуулчлалтай холбогдож хамт хөгжих зүй тогтолтой нэг чухал ойлголт бол амралт чөлөөт цагийн менежментийн асуудал юм. Дотоодын иргэдийн баяр, амралтын өдрийг идэвхтэй өнгөрүүлэх чиглэлд амралт, чөлөөт цагийн зөв менежмент хэрэгжүүлж чадвал дотоодоосоо эхлээд өвлийн аялал жуулчлалын идэвхтэй хэрэглэгч, үйлчлүүлэгчид бий болно.

Хот хөдөөд зохион байгуулагдаж байгаа цана тэшүүр, мөсөн шагайн харваа зэрэг тэмцээнд оролцогч тамирчин, дасгалжуулагч, арын албаныхнаас нь өөр үзэгч хөгжөөн дэмжигч байхгүй шахуу явагддаг. Энэ нь иргэд чөлөөт цагаараа уг тэмцээн уралдааныг үзэж сонирхох, хичээллэх, идэвхтэй амрах орчин нөхцөл, материаллаг бааз байхгүй байгаатай холбоотой. Иймд цанын бааз, тэшүүр, хоккей, мөсөн шагайн харвааны талбай орчимд үзэгч дэмжигчдэд амрах дулаан байр, хоол ундаа, тоглоом наадам, зугаа цэнгээн, соёлын үйлчилгээний орчин бүхий дэд бүтцийг суурин буюу зөөврийн нүүдлийн шийдлээр бий болгох, цана, чарга, тэшүүрийн түрээсийн үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх, уг спортын төрлүүдийн богино цагийн сургалтыг тогтмол зохион байгуулах, уралдаан тэмцээнд сонирхогчдыг өргөнөөр оролцохыг дэмжсэн ажлууд зохион байгуулах замаар иргэд, хүүхэд залуучуудыг өвлийн спортод дур сонирхолтой болгох нь зүйтэй.

Олон улсад хөгжиж байгаа өвлийн спортын төрлөөс уулын цана, гүйлтийн цана, тэшүүр, сноуборд, скиборд, кёрлинг, цаснаа явагч мотоцикл, хоккей, биатлон, тарамплен, скиджоринг /нохой хөллөж цанаар гулгах/, сноукайтинг /цасны шүхэр/, спидглайдинг /параглайдингийн шүхэртэй цанатай явах/, цасны регби, юкигассен /цасан бөмбөгийн тулаан/, цас мөсний мотоцикл, ундаг дугуй, цасны дрифт авто уралдаан, мөсний далбаат завь, триатлон өвлийн гурван төрөлт /гүйлт, цана, дугуй/ зэрэг төрлүүдийг сонгож хөгжүүлэн аялал жуулчлалтай холбох боломж байна.

Манай мэргэжлийн соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг спортын арга хэмжээтэй уялдуулан хөгжүүлэх боломжтой гэж харагдаж байна.

Европт хийгдсэн судалгаанаас харахад өвлийн аялал жуулчлалд хамрагдсан жуулчдын гуравны нэг нь идэвхгүй буюу цана чарга тэшүүрээр гулгахгүй, даарахыг хүсэхгүй, адал явдал хайхгүй, эрсдэлд орохыг хүсдэггүй жуулчид байдгийг анхаарах хэрэгтэй. Тэдэнд тансаг дулаан, романтик орчин бүхий өвлийн байр сууц, цэнгэг агаар, түг түмэн одод, байгалийн үзэмж, өвлийн аяллын хот тосгон, тансаг зоог, спорт, соёл урлагийн эвент арга хэмжээ, зугаа цэнгээнд оролцох таатай боломж, хөнгөлөлт, хямдрал бүхий худалдаа, найрсаг үйлчилгээ хэрэгтэй.

Гаднаас валютын урсгалыг татах гол зах зээл нь хятад жуулчин гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч хятад жуулчинд хандах хандлагаа өөрчилж тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэхэд төрөөс дэмжиж зориг гаргаж ажиллах хэрэгтэй байна. Төр зохицуулалт хийвэл аялал жуулчлалын салбар хятад жуулчныг хүлээн авч улсынхаа эдийн засагт их хэмжээний валют оруулахад бэлэн байна.

Цаашид өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийвэл зохистой. Үүнд:

  • Монгол улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, төрийн туслалцаа, дэмжлэг, удирдлагыг тодорхой болгох
  • Аялал жуулчлал, соёл урлаг, спортын болон бусад салбарын ойлголцлыг бий болгож үйл ажиллагаа, хөтөлбөр, удирдлагыг уялдуулах
  • Цайны замын зун, өвлийн аяллын хөтөлбөр, маршрут, үйлчилгээний байгууллагуудыг тодорхой стандартаар тогтоож баталгаажуулах
  • Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг хот, аймаг, сум, тосгон, уул, нуур, гол буюу тодорхой газрыг оновчтой тогтоож хөгжүүлэх дунд ба урт хугацааны төлөвлөгөө боловсруулах
  • Өвлийн аялал жуулчлалын маркетинг, мэдээлэл зар сурталчилгааны нэгдсэн арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
  • Шууд нислэгтэй БНХАУ-ын Гуанжоу, Хонконг зэрэг өмнөд мужууд, Тайландаар төв болгож Зүүн өмнөд Ази, Солонгос, Японы зах зээлд чиглэсэн маркетинг хийх
  • Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай зөөлөн дэд бүтэц хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих
  • Өвлийн улиралд жуулчинд чиглэсэн худалдан авалтын хөнгөлөлт, НӨАТ-ын буцаалтын систем бий болгож нэгдсэн хямдралын 14-30 хоног зарлаж байх
  • Өвлийн аялал жуулчлалын эвент хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх
  • MICE аялал жуулчлалыг өвлийн улирлаар түлхүү хөгжүүлэх
  • Өвлийн спортын дэд бүтэц цэнгэлдэх хүрээлэн, хоккейн ордон, цана тэшүүрийн уралдааны зам талбай, цанын бааз, биатлоны талбай, бусад барилга байгууламж байгуулах
  • Бүх нийтээр өвлийн спортоор хичээллэж, дэлгэрүүлж хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, спортын уралдаан тэмцээний тоо давтамжийг нэмэгдүүлж амралт чөлөөт цагийн менежмент, аялал жуулчлалтай холбох
  • Өвлийн аялал жуулчлал, эвент арга хэмжээний мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх
  • Өвлийн спортын төрөл дасгалжуулагч, багш нарыг бэлтгэх зэрэг болно.

Бид хамтаараа өвлийн аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлснээр аялал жуулчлалын салбар улирлаас хамаарахгүй ажиллах боломж бүрдэж салбарын орлого нэмэгдэж, ажлын байрууд баталгаажиж, улсынхаа эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэх өргөн боломж байна. Бид бүх шатанд хоорондоо ойлголцож нэгдсэн бодлоготой хамтран ажиллаж байж аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж ирнэ.

 

Нийтэлсэн: Д.МӨНХТӨМӨР

“HAPPY CITY GROUP” ХХК-ийн Аялал жуулчлал хариуцсан захирал, аялал жуулчлалын судлаач, АЖБХН-ийн Хүндэт гишүүн

Сүүлд шинэчлэгдсэн