И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Эвент ба Тэмээний баяр

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 13

Говийн ард түмэн аль эртнээс л Цагаан сараар тэмээгээ уралдуулж ирсэн уламжлалтай.

  • 1995 оны есдүгээр сард манай салбарын анхдагчдын нэг “МАТ” компани Баяндалай сумын Баян төхөмийн нуураас Хонгорын элсний зүг долоо хоногийн тэмээн аялал хийсэн. Тухайн үедээ энэ нь анхны, холын, олон хоногтой групп аялал болж байсан юм. “Жуулчин говь” компанид урьд нь менежерээр ажиллаж байсан Х.Түмэндэлгэр, Баяндалай сумын малчин Бямбаа, Батаа нар аяллыг зохион байгуулсан юм. Группийн ахлагчийн “Гурван жуулчин тэмээнээс унагаж, нэг жуулчнаа тийрүүлсэн ч аялал маш сайхан боллоо” гэсэн үгэнд итгэхэд бэрх байсан ч “нулимс” унаган салсан жуулчиддаа итгэж билээ.
  • 1996 онд бидний урилгаар хөтчийн анхны сургалтыг “Газарчин” дээд сургуулийн багш, эдүгээгийн МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, багш Мөнхчимэг, GTZ-ийн ажилтан П.Сувд нар зохион байгуулж өгсөн. 
  • 1997 оны өвөл Сэврэй суманд анхны олон номинацтай тэмээний уралдааныг зохион байгуулж “Түмэн тэмээний баяр” хэмээн нэрлэсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын анхны “эвент”-ийн суурийг тавьсан явдал байлаа. Тухайн үед Монголд “эвент” гэх үг орж ирээгүй байсан ч салбарынхан маань аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд аль эрт ярьж эхлээд байсан юм. 
  • 2000 онд “Түмэн тэмээ-Тэмээн Аяллын Холбоо” ТББ байгуулагдаж Тэмээний баяраа уламжлал ёсоор жил бүр өөрсдөө санхүүжүүлэн зохион байгуулж ирлээ. 
  • 2002 оноос аймгийнхаа удирдлагуудад хүсэлт тавьж хоёр жил тутамд Өмнөговь аймгийн хамгийн олон тэмээтэй иргэнд Аймгийн Засаг даргын нэрэмжит 5 лангийн Мөнгөн буур, хамгийн олон ботго бойжуулсан иргэдэд 4, 3, 2 лангийн Мөнгөн ботго олгож эхэлсэн нь тэмээг өсгөх, тэмээний баярыг тогтмол зохион байгуулах томоохон урамшуулал болсон. 

 

Эвент ингэж эхэлсэн түүхтэй.
Эвент зохион байгуулахад үндсэн гурван шаардлага байдаг аж.


Нэг. Аливаа эвент нь Орон нутгийн иргэдийн санаачилга, уламжлалт соёл, арга хэмжээ, үйл ажиллагаанд түшиглэсэн, олон нийтийн сонирхол, хүсэл зорилгод нийцсэн байх. 

Сэврэй сумын “Түмэн тэмээний баяр” нь монголчуудын уламжлалт тэмээний соёл, орон нутгийн иргэдийн санал, санаачилга дээр тулгуурлан зохион байгуулагдаж байсан түүхтэй. 


Хоёр. Байнгын, тогтвортой зохион байгуулагчтай, тогтсон нэг өдөр, хугацаанд, тогтмол зохион байгуулагддаг байх.

Иргэдийн санаачилгаар зохион байгуулагдсан “Түмэн Тэмээ-Тэмээн Аяллын Холбоо” нь тэмээний баярыг жил бүрийн Цагаан сарын шинийн найманд зохион байгуулж ирсэн. 
2005 оноос эхлэн Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран хожим бий болсон Хөвсгөлийн Мөсний баяр, Бүргэдийн баяртай хамтатган “Нүүдэлчдийн өвлийн наадам” хэмээн нэрлэж, жил бүрийн гуравдугаар сарын 6-7-нд тогтмол зохион байгуулдаг болов.


Гурав. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, эсвэл байнга санхүүжүүлдэг дэмжигчтэй байх.

Орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлж байгаль орчин, соёл уламжлалаа хамгаалан хөгжүүлдэг, хууль эрх зүйн хамгаалалттай байх

Эдүгээ “Түмэн тэмээний баяр” нь Өмнөговь аймагтаа төдийгүй, Монголын аялал жуулчлалын салбарын албан ёсны эвент болон батлагдсанаар жуулчдаас хураах үйлчилгээний хураамж, Өмнөговь аймгийн ИТХ-аас тогтоосон төсөв, аялал жуулчлалын компаниудын хандиваар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 
Тэмээний баярт Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн тэмээчид оролцож, Булган сумын иргэд “гэр буудал” байгуулан ажиллаж, тэмээний баярын номинацуудын бооцоо, шагнал, урамшууллыг хүртсээр ирсэн. Мөн сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клуб “Тэмээ-миний найз” урлагийн тоглолт, гар зургийн уралдаан зохион байгуулдаг. Малчид ингэний сүү, цагаан идээ, гар урлал, хүнсний бүтээгдэхүүнээ худалдаалж, жолооч нар, орон нутгийн хөтчүүд жуулчдад үйлчилж өвлийн аяллаас орлого олдог, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ. 
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ТУХАЙ

  • Дэлхий дээр 710,000 гаруй хоёр бөхт тэмээ байдгаас Монгол оронд 2019 оны байдлаар 472,389 толгой тэмээ тоолуулсан нь хамгийн олонд тооцогдож байна.
  • Монгол орон 1954 онд хамгийн олон буюу 895,3 мянган тэмээ тоолуулжээ.
  • Гэвч 1995 онд замбараагүй хэрэглээ, өмч хувьчлалын алдаатай бодлогын уршгаар Монголын тэмээн сүргийн тоо толгой 3 дахин буурсан байлаа. Энэ үед тэмээний зөвхөн нэг таахай БНХАУ-д 10,000 төгрөгт хүрснээр малчид тэмээгээ үйл олноор нь махлан хил давуулан худалдаалж, гарц сайтай мах, өөхнөөсөө Улаанбаатарын зах, нийтийн хоолны газруудыг хангаж байв.  
  • 1995 оноос тэмээг өсгөн хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх олон төрлийн ажил зохион байгуулагдсаны нэг нь орон нутгийн иргэдэд тулгуурласан тэмээн аялал байлаа.
  • Тэмээн аялал нь аялал жуулчлалаар дамжуулан уг амьтныг өсгөн хамгаалах, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, экотуризмын үлгэр жишээ загвар болж байлаа. Говийн малчид, иргэд тэмээн аяллыг зохион байгуулж сурснаар жуулчид үйлчилж амьдралаа дээшлүүлэн тэмээгээ хайрлах, хамгаалах анхны алхмууд хийгдэж билээ.
  • 1997 онд Сэврэй суманд анхны “Тэмээний баяр” зохион байгуулагдсанаар тэмээн сүргийг өсгөн хамгаалах, олон нийтийн анхааралд хүргэх шинэ менежмент болон хөгжсөн юм. Удалгүй Өмнөговь аймгийн бүх сум, хөрш аймаг болох Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговьд Тэмээний баярыг зохион байгуулах болсноор шигшмэл хурдан тэмээдийг өсгөж, үржүүлсэн. Тэмээний амьдын үнэлэмж 1-8 сая төгрөг болтлоо өсч, эдгээр арга хэмжээ нь олон нийтийн анхаарлыг татаж эхэлснээр тус холбооны гол зорилго биелэгдэж байгаагийн илэрхийлэл болж байлаа.
  • 2015 онд БОНХАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал Жуулчлалын холбооноос Өмнөговь аймгийн “Түмэн Тэмээний Баяр”-ыг Монголын аялал жуулчлалын салбарын дээд шагнал болох “Алтан луужин” шагналаар шагнав. Монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, уламжлалт тэмээн соёл, тэмээн спортыг хөгжүүлж, тэмээчдээ урамшуулан дэмжиж, үйл ажиллагааг нь алдаршуулах, нэгдсэн зохион байгуулалт, бодлогоор хангах үүднээс “Түмэн тэмээ–Тэмээн Аяллын Холбоо”-г шинэчлэн зохион байгуулсан юм.
  • “Тэмээн соёл-Уралдааны холбоо” болгон өөрчлөөд  дүрэм, үйл ажиллагааныхаа чиглэлийг Аймгийнхаа ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Ингэж эрх зүйн орчноо баталгаажуулсан юм. Цаашид Уламжлалт тэмээн соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх, Улсын чанартай уралдааныг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь аймгийн ИТХ-аас 19 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Түмэн Тэмээний Баяр” дээр тулгуурлан 2016 оны гуравдугаар сарын 6-7-ны өдөр “Монгол тэмээ-999” арга хэмжээний үеэр 1115 тэмээ уралдуулж 1108-ыг нь барианд оруулснаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.  

 

"Монгол тэмээ-999" арга хэмжээний хүрээнд 11 аймгийн 1600 орчим тэмээг нэг дор цуглуулж, 1000 тэмээний уралдаан, Тэмээтэй парад жагсаал, Тэмээтэй буухиа тэмцээн, Тэмээтэй сайхан хос зэрэг номинацын эздийг тодруулсан билээ. Аялал жуулчлалын Mongolia Quest компани Английн Лондон дахь Гиннесийн байгууллагын төлөөлөгч ноён Pravin Patel болон Гиннесийн байгууллагатай холбоо тогтоох, авч ирэх, үйлчлэх бүхий л асуудлыг маш богино хугацаанд амжилттай зохион байгуулсан. 

Гуравдугаар сарын 7-ны өглөө Ноён Pravin Patel Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Mongolia Quest компанид хамааралгүй, орон нутагт хяналт зохион байгуулах хөндлөнгийн ажлын хэсгийн 10 гишүүнтэй уулзаж үндсэн зөвлөгөөг өгснөөр 1000 тэмээг бүртгэх, дугаар олгох ажлыг зохион байгуулж 1115 тэмээг уралдааны гараанд гаргасан. Уралдааныг хоорондоо 200 метр зайд байрлуулсан 250 метр өргөнтэй 5 хэсэг гараанаас 1115 тэмээдийг хагас дугуй нум хэлбэртэйгээр байрлуулан гаргаж, 15 км зайд уралдуулав.

Гараанаас гарсан 1115 тэмээ гарсан ч зарим нэг тэмээ замдаа саатаж, эрхэм Pravin Patel -ийн тоолсноор 1108 тэмээ барианд орсон юм. Барианд орсон 1108 тэмээнээс Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин Б.Баянжаргалын улаан зүсмийн тэмээг унасан Ш.Хишигбаяр 35 минут 12 секунд хурдалж нэгдүгээр байр, Хүрмэн сумын Б.Түмэнбаярын хонгор зүсмийн тэмээ 35 минут 26 секунд хурдалж хоёрдугаар байр, Цогт-Овоо сумын С.Эрдэнэначингийн хүрэн тэмээ 35 мин 52 секундээр гурвалсан бол Цогт-Овоо сумын Д.Алдарсайханы ногоон тэмээ дөрөвдүгээр байр, Хүрмэн сумын Т. Дашнамжилын хөх халзан тэмээ айргийн тавд багтсан юм.

Ийнхүү уралдааны дүнг Гиннесийн албан ёсны төлөөлөгч Pravin Patel нэгтгээд Монгол тэмээ-999 арга хэмжээг зохион байгуулсан баг, говийн ард түмэн, малчид иргэдийг төлөөлүүлэн Аймгийн Засаг дарга Б. Бадраад албан ёсоор Гиннесийн амжилт хүртсэн батламжийг гардуулан өгсөн. Ийнхүү 2016 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Монгол Улс, Өмнөговь аймаг Дэлхийн дээд амжилтыг 1108 тэмээ уралдуулж шинэчлэн тогтоосон билээ. 

Сүүлийн 20 гаруй жил гадаад дотоодын аялагчид зорин ирж, аяллын компаниуд хөтөлбөртөө багтаах болсон нь уг эвентийн тогтвортой байдлыг харуулж байгаа гэхэд болно. Үүнээс гадна аймаг сумдуудад зохиогдож буй ижил төрлийн сарлагийн, адууны, тэмээний гэх мэт баярууд өөр хоорондоо ялгаатай, өөрийн онцлогтой байвал цаашид аялал жуулчлалын өрсөлдөхүйц, урт удаан хугацаанд оршин тогтнох эвент болж чадна гэж бодож байна. 

Нийтлэлийг бичсэн: “Гайхамшигт говь” АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр /2020.11.30 Даланзадгад хот/

Сүүлд шинэчлэгдсэн