И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Бидний ажлын үнэн шүүлтүүр бол ирсэн жуулчдын сэтгэл ханамж, талархал

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 13

Монгол Улсыг гадаадын олон оронд одоо ч Төв Азийн цээжинд морин дэл дээр дэрвэж өссөн нүүдэлчин ард түмэн хэмээн төсөөлдөг. Ийм л дүр зургийг бодитоор харахаар жуулчид хэдэн мянган км туулан манай орныг зорьдог биз ээ. Тэгвэл өдгөө нүдний гэм болоод буй жинхэнэ уламжлалт ахуй соёлоо хадгалж үлдэхийн гүн гүнзгий мөн чанар, утга учрыг нь ойлгуулахын төлөө сүүлийн 10 жилийн амьдралаа зориулж буй нэгэн эрхэмтэй хүүрнэлдсэнээ хүргэж байна. Тэр бол “Монгол Номадик” баазын захирал Д.Энхбаатар билээ. Зураач мэргэжилтэй тэрбээр аялал жуулчлалын салбарт багагүй хугацаанд амжилттай ажиллахад нь түүний уран бүтээлчийн мэдрэмж нөлөөлсөн биз ээ...

Аялал жуулчлалын салбарт анх хэрхэн орж ирсэн бэ?

-Аялал жуулчлалтай бүр багаасаа, 16, 17 настай Дүрслэх Урлагийн дээд сургуулийн оюутан байхдаа л холбогдсон байдаг. Оюутнуудтай дадлагаар явж байхдаа эсвэл зуны амралтаараа зураг зураад хаана л жуулчид байна тэр газруудад очиж, хэдэн доллар болгох санаатай гүйдэг байсан үеэс л жуулчидтай анх харилцаж, гадарладаг болсон. Тухайн үедээ хэдэн зурсан зургаа зараад гүйдэг байсан бол яваандаа бэлэг дурсгалын дэлгүүр байгуулж энэ чиглэлээр юм хийе гэсэн бодол сэтгэлийн мухарт бий болчихсон. Сургуулиа төгсчхөөд гар урлал хийж сувинерийн дэлгүүрээр зарна. Япон руу бэлэг дурсгалын зүйл гаргадаг хүнтэй хамтарч зураг зурах гэх зэргээр энэ салбартай холбоотой байсаар л байсан. Ингэж байгаад 2010 оноос аялал жуулчлалын ажил хийе гэж эргэлт буцалтгүй шийдсэн.

Аялал жуулчлалын салбарт орж ирэхдээ нүүдэлчин ахуйгаа сурталчилж эхэлсэн. Магадгүй энэ ажлыг эхлүүлэхэд уран бүтээлч хүний мэдрэмж нөлөөлсөн болов уу?

-Миний дур сонирхолтой л холбоотой гэж боддог. Багадаа хөдөө өвөө эмээгийндээ очдог байсан. Хангай газар сарлаг ихтэй. 10 нас ч хүрээгүй жаахан байхад том том үхэр, сарлаг хайнаг харахаар их сүр бараатай сайхан харагддаг байсан. Зөндөө олон хайнагийн шар дотроос хөрш айлд байсан хоёр содон хайнагийн шард их л дурладаг, холоос хараад туугаад явдаг байсан нь санаанаас огт гардаггүй. Амьдралаа босгохын тулд наймаа хийж, мэргэжилтэйгээ холбоотойгоор реклам чимэглэлийн ажлууд хийдэг байсан ч нэг төрлийн ажлаа хийгээд байхаар уйтгартай болж эхэлсэн. Цаг хугацааг хэрхэн, яаж өнгөрөөх вэ гэдэг чухал. Бид нарын ихэнх нь байгаа мөнгөө урагшаа хил давуулж гаргаад материал худалдан авч юм хийгээд монголчууддаа зардаг наймаачны л сэтгэхүйтэй хэвээр байсаар ирсэн. Валютын урсгал гадагшаа урсаад байгаа юм л даа. Тиймээс л илүү бүтээлч зүйл хийе гэж шийдээд, ажлаа сольсон. Ингээд хоёр сонголттой тулгарсан. Нэгдүгээрт нь энтертайнмент бизнес-эвент холлтой болох. Хоёрдугаарт, одоо хийж байгаа жуулчдад зориулсан монгол ахуйг таниулсан ажлаа хийх үү гэж багагүй хугацаанд бодож явсны эцэст хөдөөний ажлаа хийе гэж шийдсэн. Баялаг бүтээнэ гэсэн гэгээн, дэврүүн сэтгэлээр энэ ажлаа эхлүүлж байлаа. 

Одоо аялал жуулчлал таны гол бизнесийн нэг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Би бусад ажлаа орхиод, хүнд шилжүүлэхийг нь шилжүүлээд энэ ажлаа л хийж байгаа. 30 хувьд нь уран бүтээл, уран зургийн ажлаа хийгээд үлдсэн 70 хувьд нь ийшээ анхаарал тавьдаг. Үзүүлбэр, баазаа ажил хэрэг болгохын тулд маш их цаг зав, сэтгэл зүрхээ зориулж байна.

Аливаа зүйлийн эхлэл амжилтын 50 хувь байдаг гэдэг. Эхлэл хэзээд хэцүү байдаг. Баазаа байгуулж, үзүүлбэрээ олон таниулахад хэр хугацааг зарцуулсан бэ?

-Эхний гурав, дөрвөн жил ажилтнуудынхаа цалинг тавьж, малынхаа тэжээлийг дөнгөн данган олоод, заримдаа бүр олж чадахгүй ч үе байсан. Нэгэнт ажил хэрэг болгоно гээд сонгочихсон зам учир зүтгэсэн. Одоо л дөрөө олох шатандаа явж байна. Эхний хэдэн жил хэцүү байсныг нь бодохоор надаас өөр хүн байсан бол больчихсон байх байсан даа гэж боддог. Би өөрөө энэ ажилдаа маш их дуртай, сонирхолтой учраас болгох гээд яваад л байгаа юм шиг ээ. Монголд зөндөө олон эвент, үйл ажиллагаанууд шинээр гарч ирдэг ч ихэнх нь нэг, хоёр жил, за удлаа гэхэд таван жил болоод болих юм уу, муудаад ирдэг. Бид эхлүүлснээ аль болох сайжруулж, жилээс жилд чанаржуулах гэж хичээж байна. Хэрэв энэ жил ажилласан бол 10 дахь жил рүүгээ орох байлаа. Аливаа зүйл өөрөө ашиг орлого олохын тулд явж байгаа ч бидний хэлдгээр “БРЭНД” болгох нь л чухал. 10 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Анх эхэлж байснаа бодоход манай үйлчилгээ Монголын аялал жуучлалын салбартаа танигдаж, хотын ойролцоох зорин очих газрын нэг болсон нь бидний олон жилийн хөдөлмөрийн үнэ цэнэ оршиж байгаа гэж боддог.

Та брэндийн талаар ярьж байна. Танай бүтээгдэхүүн хэдийн брэнд болчихсон.  Үзүүлбэрийнхээ санаа, дэглэлтийг хэрхэн олсон бэ?

-Дэлхийн нийт хүн ам ихэнх нь суурьшмал соёлтой болсон энэ үед жуулчдын дийлэнхэд нь нүүдэлчин монгол ахуй, манай хөдөөнийхний амьдрал сонирхолтой, содон болж ирсэн дээр л тулгуурласан. Манай улсын аялал жуучлалын маркетингийн сурталчилгаан дээр маш сонирхолтой, өвч бүрэн хувцасласан морь унасан баатрууд, ердийн хөсгөөрөө нүүж яваа нүүдэлчин, үзэсгэлэнт байгаль гэх мэт өнгөлөг гоё зургууд байдаг. Гэтэл бодит амьдрал дээр эсрэгээрээ. Одоо бол малчид морио ч унахаа больж байна. Зарим нь бүр үнээгээ саахаа ч больж байна. Энэ мэт асуудал 10 жилийн өмнө л байсан. Одоо улам даамжирч байна. Жуулчид малчин айлд очиж үзээд хүлээж байснаас тэс өөр сэтгэгдэлтэй гарч ирэх үе бий. Яах вэ, өнгөн хэсгийг нь харчхаад л яваад өгдөг жуулчид байна. Цаад нарийн учир шалтгааныг нь сонирхоод явчихдаг аялагчид ч байна. Дотоодын аялагчид ч  ялгаагүй. Тэгэхээр өнгөн хэсгээс нь харахад ч нөгөө гоё зураг шигээ биш болоод байгаа нь дутагдалтай юм шиг санагдаад энэ үзүүлбэрээ хийх санаа төрсөн.

Аливаа зүйлд давс хужир нь таарсан байхаас гадна боловсруулалт, чимэг, шигтгээ хэрэгтэй. Ядаж л зөв сайхан инээгээд, хүнтэй сайхан харьцах нь чухал байдаг. Зураг зурдагтай минь ч холбоотой байсан байх. Бүх л санаагаа тархиндаа зураглаж, гэрийн дотор, гадна тал ийм байвал гэхээс эхлээд тийм юм үзүүлбэл гэх зэргээр төсөөлж хэтрүүлж хэлэхэд найруулга хийсэн. Ямарваа нэг зүйл дээр үйлчилгээ дутаад байдаг. Дээр нь цаг нартай, тогтмол байна гэдэг маш чухал гэж бодсон учир өнөөг хүртэл нэг хүнтэй ч байсан хийсээр л ирсэн. 

Дотоодын аялагчид танай үзүүлбэрийг үзээд биширдэг. Бүр хүүхдүүддээ үзүүлэхийг хүсдэг. Энэ нь даяаршил биднийг уламжлалт соёл, зан заншлаас минь улам л холдуулаад байгаагийн илрэл гэж бодож байна. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Манай үзүүлбэрийг үзсэн дундаас дээш насны монголчууд их баярлаж “Үр хүүхдүүддээ үзүүлье, та нар ийм сайхан юмаа сурталчлахгүй яасан юм бэ” гэдэг. Учир нь тэр хүмүүсийн бага, залуу насанд яг л ингэж ердийн хөсгөөрөө нүүж, малаа адгуулж байсан учир дурсамжтай сайхан байдаг юм шиг ээ.

Өнгөн талаас нь бодвол бид нар ахуйгаасаа холдоод байна гэж ойлгож болох юм. Бид нар заавал хотын хүүхдүүд энэ бүгдийг мэдэх ёстой, заавал мэд гэж шахаж болохгүй юм байна л даа. Гэхдээ яагаад гадна дотнын хүмүүс, суурьшмал соёлтой орны иргэд, бид ч ялгаагүй энэ зүйл руу хар аяндаа тэмүүлж, тэнд очихоор тайтгараад байна вэ гэдгийг бодох л асуудал. Хөдөө газар дураараа малаа маллан, дөрвөн цагийн эрхэнд нүүж амьдардаг энэ хэв маяг чинь хүн гэдэг амьтны хамгийн зөв сайхан амьдрал юм биш үү гэсэн ойлголт эндээс гарч ирнэ. Хотод бол мөнхийн л бухимдалтай. Хөдөөний хүмүүс эсрэгээрээ суурин газрын амьдрал сайхан гээд тийшээ тэмүүлэх нь ч бий. Гэхдээ цөөнгүй малчин энэ амьдралынхаа жинхэнэ цаад мөн чанарыг нь олж харчхаад сайхан амьдарсаар байна. Дахиад 50, 100 жилийн дараа Монголчууд ч юм уу, хүн төрөлхтөн жинхэнэ аз жаргал гэдэг чинь энэ л юм байна гэж ойлгох л байх. Нүүдэлчин ахуйгаа зөвхөн гадаадынханд үзүүлэх хэлбэр төдий харахаасаа илүү цаад нарийн утга учир, ач холбогдлыг нь ойлгох ёстой. Хүн нас ахих тусмаа хувцас нь энгийн болоод хөдөө рүүгээ тэмүүлж эхэлдэг. Тэр агуулга талаас нь хармаар юм уу гэж боддог.

Та “Монгол номадик” шоуг үзүүлэхийн тулд их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа харагддаг. Жишээ нь, малчин айл, ижил зүсмийн адуу, сарлаг, тэмээ, монгол банхар, тайга нохой гээд олон мал, амьтан адгуулж, олон зүйлийг цогцлоож байна. Энд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гардаг уу?

-Маш их асуудалтай. Гэхдээ асуудлыг шийдээд явах л хэрэгтэй. Болдог байсан бол хүн болгон л хийгээд явчихна шүү дээ. Таван төрлийн энэ олон малыг хотын ойр, бэлчээр муутай, нутагшаагүй газар оронд нь дасгах, бүрэн бүтэн байлгана. Дээр нь нохойгоо тэжээнэ гээд маш их бэрхшээл бий. Жишээ нь, энэ хавьд сарлаг дасаагүй, тэмээ бэлчээрлэхэд бас хэцүү. Хамгийн гол нь эднийг бүтээгдэхүүн болгож хүмүүст танилцуулахаас эхлээд цаг нартай, үйлчлүүлж буй хүмүүстээ амласан амлалтдаа хүрнэ гэдэг их чухал. Миний ажилтнууддаа байнга хэлдэг зүйл бол дэлхийн олон орноос Монгол орныг сонгоод хэдэн мянган км онгоц, галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслээр туулж ирчхээд манай баазыг сонгосон хүмүүст бид нар сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой. Тэгж байж манай харилцагч нар бидэнд итгэж хүнээ өгнө. Тиймээс бид чин сэтгэлээсээ харьцах ёстой. Өдөр бүр шинэ зочин ирдэг учир үргэлж инээнэ шүү гэдэг. Ихэнх жуулчин манай ажилтнуудыг хайрладаг. Тийм сайхан хайр, талархлаар өдөр бүр хөглөгдөж байгаа хүмүүс ажилдаа дуртай байх нь аргагүй. Бидний ажлын үнэн шүүлтүүр бол ирсэн жуулчдын сэтгэл ханамж, талархал байдаг. Бидэнтэй хамтардаг компаниуд болж өгвөл жил бүр өгсөн хүнээ дараа жил нь давуулж өгдөг.

Уг нь танаас үйлчилгээн дээрээ баримталдаг зарчмыг тань асуух гэж байтал хариултаа авчихлаа гэж бодож байна…

-Хүн юу хийнэ, хийх гэж зорьж байна түүндээ дуртай л байх ёстой. Өөрийн мөн чанарт тохирсноо хийхгүй ашиг орлого сайтай бүхэн рүү орчихдог хүмүүс байна. Тэд эхэндээ мөнгөн үр дүнгээсээ таашаал мэдэрч чадах ч сүүлдээ нэг л сэтгэл дундуур, ханамжгүй болж, ядарч эхэлдэг. Миний хувьд хийхээр сонгосон зүйлээ жижиг гэлтгүй хийсээр л байдаг. Тэр холоос цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулаад ирсэн хүнийг хайрлаж хүндлээд чин сэтгэлээсээ, хүслээс нь давтал үйлчилнэ гэдэг л Монголын аялал жуулчлалынхны санах ёстой зүйл гэж боддог. Монголд ирж буй аялагчид аль хэдийн нүд нь нээгдчихсэн, үйлчилгээ аваад үзчихсэн хүмүүс байдаг учраас тэдний сэтгэлийг хөдөлгөж чадах үйлчилгээний жижиг сажиг зүйлд сайн суралцах хэрэгтэй. Би 10 гаруй жил ажилласан ч суралцсаар л байна. Хэдий муу байсан ч сэтгэл гаргаж чадвал хүмүүс алдааг нь уучилдаг. Сайн байна гээд магтангуут л үйлчилгээ, бүх зүйл нь муудаад ирдэг байж болохгүй.

Нэгэн аялагчийн тэмдэглэлд үхэр тэргээр аялах төлөвлөгөөтэй байсан ч тэрэг байхгүй, тэрэг байсан ч үхэр нь хөллөж сураагүй учраас чадаагүй. Ер нь уламжлал минь устаж байна даа гэсэн байсан. Устаж байгааг нь хараад суух уу, эсвэл ямар нэг зүйл хийх үү. Хийе гэвэл яг юу хийх вэ?

-Бидний хөдөө амьдарч байгаа амьдрал байгальд хамгийн ээлтэй. Цаг хугацаатай харьцуулахад бид хумхын тоос төдий зүйл. Том зургаар өнгөрсөн рүүгээ харвал бид урт удаан хугацаанд нүүдэлчин соёлоор амьдарсаар ирсэн. Ердийн хөсгөөр нүүхийг зөв, буруу гэж ярих нь харьцангуй ойлголт. Одоо айл бүр машинтай. Бензин, түлш зарцуулж байна. Нэг айл нүүгээд шинэ газар буухад хоёр, гурван шинэ зам гарч маш их хөрсний эвдрэл бий болдог. Дээрээс дроноор харахад аалзны тор шиг сүлжсэн их зам л харагддаг. Хэдхэн жилийн өмнө өвөө, эмээ маань газар сэндийлж болохгүй, нүүхдээ шаасан гадсаа ч гэсэн заавал авч байхыг сургадаг байсан. Энэ талаас нь бодоод үзвэл үхэр тэргээрээ нүүж, нүүдэлчин уламжлалаа сэргээх нь байгаль орчиндоо ээлтэй. Малынхаа ашиг шимээ хүртээд үс ноосоо хэрэглээд, морио унаад явж байхад гаднаас худалдаа хийх шаардлагагүй. Жинхэнэ минимал хэв маяг энд л байдаг.

Өөр нэг асуудал бол төв зам, жуулчид дагасан газрын малчин айлууд их орчин үежсэн байдаг. Жуулчдаас “Энэ жинхэнэ малчин айл биш байна” гэх гомдол хүртэл гаргадаг. Гэтэл үүнд малчдыг буруутгах аргагүй. Та соёлоо хадгалахын тулд машингүй, утасгүй бай гээд хувийн амьдралд нь оролцох боломжгүй шүү дээ. Таны хувьд хамтран ажилладаг малчин айлаа хэрхэн монгол ахуйгаар нь байлгая гэж боддог вэ?

-Үнэндээ айлуудад нөлөөлөхөд бас хэцүү байдаг. Өөрийнхөө ажлын хүрээнд сүү сааль, үс ноосыг нь бүрэн бүтэн ашиглачихъя, тэр хавьдаа машин бага явуулъя гэж хичээж л байна.

Танай баазаас сар бүрийн тодорхой өдрүүдэд мини наадам зохион байгуулдаг. Ингэж тасралтгүй арга хэмжээ зохион байгуулж буй зорилго юу вэ?

-Н.Жанцанноров гуай “Улсын наадам бол Монгол хүний дархлаа” гэсэнтэй санал нийлдэг. Наадам хийх цаад агуулга нь маш гүн гүнзгий учраас нарийн учир холбогдлыг нь алдагдуулахгүй байх нь маш чухал. Бид жуулчдад зориулсан наадам хийдэг. Жуулчдын ихэнх нь Монгол наадмыг үзэхийг хүсдэг. Долдугаар сарын 11-нд Улсын наадмын нээлт үзэхээр зорьж ирээд тасалбар авч чаддаггүй, цэнгэлдэх хүрээлэнд орж чадсан ч их холоос хардаг. Монголчууд өөрсдөө наадаад сурчихсан учир энэ нь сонирхолтой л байдаг байх. Сүүлийн үед залуучуудад энэ нь сонирхолгүй санагдаж гэртээ байхыг илүүд үздэг болсон нь ажиглагдсан.

Бид сүүлийн дөрвөн жилийн турш сарын тодорхой өдрийг сонгож наадам зохион байгуулсаар ирлээ. Зуны аль ч үед ирсэн жуулчдад хоёр цагийн хугацаанд наадмын ерөнхий утга агуулгыг ойлгуулах зорилготой. Шинэ зүйл санаачилж хийж байхаар олон жилийн турш амжилттай хийсээр ирсэн наадам, эвентүүдийг төрөөс бодлогоор дэмжээд өгвөл зүгээр гэж боддог.

Миний мэдэхээр сүүлийн хэдэн жил танай үзүүлбэр, бааз олон хүнд танигдаж байгаа. Жилдээ хэдэн жуулчинд үйлчилж байна вэ?

-Жилээс жилд 10-20 хувийн өсөлттэй байгаа. 2019 онд хамгийн их жуулчинтай байсан. Хоёр цагийн хөтөлбөрийг 10,000 гаруй жуулчинд толилуулсан байна. Зундаа бид нар жуулчдад зориулсан үйл ажиллагаа явуулаад монголчууддаа зориулсан маркетингийг тэр бүр сайн хийж чаддаггүй. Уг нь, энэ жилээс үзүүлбэрийнхээ хөтөлбөрийг өвөлд зориулан боловсруулаад ажиллах байсан ч Ковидоос болоод түр хойшлоод байна. Бид бэлтгэл ажлаа бүрэн хангачихсан байгаа. 

Бүх зүйл цасанд хучигдаж, гадаа өвлийн улирал үзэмжээ гайхуулан тансгаар гялалзаж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ улирлыг уртасгах, эвентүүд зохион байгуулах зэргээр олон санал санаачилга гардаг. Танаас өвлийн аялал жуулчлалын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ер нь, Монголд өвлийн аялал хэр хөгжих боломжтой вэ?

-Зунаас өвлийн амьдрал илүү сонирхолтой. Нүүдэлчдийн дээл хувцас хэрэгсэл нь баялаг болж, малын үс ноос ургаад сүр бараатай болдог шүү дээ. Тиймээс өвлийн аялал жуулчлал манай оронд хөгжих боломж тун их байна гэж хараад байгаа. Аялал жуулчлалын хувьд  3-6 сард л байдал хэцүү болохоос бусад 9 сар нь маш боломжтой.

Өвөл болдоггүй, цас ордоггүй орны хүмүүстэй харьцуулахад өвөл бидний хувьд давуу тал. Үүгээр маркетинг хийж өвлийн байгалийн үзэсгэлэн, ан амьтан, монгол ахуйгаа сурталчилж, одоо хийж байгаа хүмүүс нь дор бүрнээ бүтээгдэхүүнээ хөгжүүлээд, нэг нэгнээ дэмжээд явбал болохгүй зүйл гэж үгүй. Нэг үеэ бодоход, өвөл ажилладаг газрууд нэмэгдэж, хүн хүлээж авахад асуудалгүй болсон. Хотын ойр цана чаргаар гулгах, цас, мөсөн сийлбэр гээд хийж болох зүйл олон байна. Үүнийг зөвхөн нэг хүн хийх бус чаддаг чаддаг зүйлийг нь хийлгээд дэмжээд ажиллавал олон хүн татна. 

Танайхаас зохион байгуулдаг “Хүлэгчийн золбоо” морьтны наадмыг зохион байгуулж эхэлсэн. Бусад адууны баяраас онцлог болгохын тулд юун дээр илүү анхаарах вэ?

-Монгол гэсэн утга агуулга бүхий баяр эвент зөндөө болж байна. Тэр бүхнээс онцлог зүйл хийхийг бид зорьж байгаа. Монголчууд хэдийнээсээ л адууг хайрлаж, адуунд эрэмгий залуусаар бахархаж ирсэн. Тиймээс энэ жилээс эхлэн жилийн дөрвөн улирлын турш газар газрын шилдэг адуучин залуусыг цуглуулж Адуучин тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар зорьж байна. Ингэхдээ дэлхийд стандартад нийцсэн цагтай, дүрэм журамтай, хувцас хэрэгсэл нь бүрэн гэх зэрэг шаардлагыг биелүүлсэн уралдаан тэмцээн хийе гэж шийдээд хашаа хороогоо бариад бэлдчихсэн байгаа. Адуунд дуртай залуусыг долоо хоног бүрийн бямба гаригт цуглуулж хоёр цагийн дотор бүх арга хэмжээгээ цогцоор үзүүлж чадах үйлчилгээг бий болгож байгаа. Ингэхдээ мэдээж бүх арга хэмжээг үзэгчдэд зориулсан байх, үзэгчдийн тав тухыг хангах тал дээр анхаарч байна.

Таны хобби юу вэ. Нүүдэлчин ахуйг сурталчилж, адууны соёлыг дэлгэрүүлэх зэргээр монгол ахуйд ойр байдаг учраас асууж байгаа юм л даа...

-Би их олон хоббитой л доо. Одоо хийж байгаа бүхэн маань миний дуртай, хоббирдог зүйл. Хүн зөвхөн мөнгөний төлөө яваад тийм ч их амжилтад хүрэхгүй. Мэдээж санхүү чухал. Хийж байгаа зүйл маань орлоготой, ашигтай байвал цаашаа улам хөгжинө. Бүх зүйл тэнцвэртэй байж гэмээнэ сэтгэл хангалуун байх нөхцөл бүрддэг. Монголжуу зүйлс хийж бүтээж, найруулж үзүүлэх нь миний хобби юм даа.

Уран бүтээлчид аливааг харах өнцөг нь өөр байдаг шиг санагддаг. Таны хувьд бусдаас өөрөөр сэтгэж чадаж байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог уу?

-Өөрөөр харахыг хичээдэг. Тэр нь зураг, урлагтай л холбоотой. Зураач ч гэлтгүй урлагийн хүмүүсийн туйлын хүсэл нь хэн ч үзээгүй, хэний ч хийж бүтээгүй зүйлийг хийх. Бусадтай адилхан юм хийгээд л байвал уйтгартай шүү дээ. Ажлын хувьд хэрэглээнд нийцсэн хирнээ сонирхолтой, өөр зүйлийг эрж хайж, харахыг хичээдэг. Мэргэжлээ магтаж хэлэхэд хүн төрөлхтний өнгөрсөн хугацааны оюун санааг өөрчлөгч нар нь зураачид байсан. Гоё гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт. Уран бүтээлч нар бүгд оюун санааны эрэлд явж байдаг.

Та хоббигоороо ажиллаж, амьдраад өөрийгөө олчихсон байгаа нь сайхан санагдаж байна. Үүнийг бүтээхийн тулд багагүй хугацааг зарцуулсан байх. Өөрийгөө олох гэж яваа залууст хандаж юу хэлэх вэ?

-Бид хүний амьдралыг үзэх үзлээр нь л дүгнэх хэрэгтэй юм шиг. Хөгжингүй орны хүмүүс аль хэдийн өөрийгөө олчихсон байгаа нь жуулчидтай харьцахад илүү сайн ойлгогддог. Ямар ч тансаглал байхгүй. 20 хүрээгүй залуус үүргэвчээ үүрчихсэн ганц, хоёроороо аялаад явж байдаг даа. Тэднээс маш эрт өөрийгөө олж буй дүр төрх ажиглагддаг. Хөгжил гэдэг чинь л энэ юм уу даа. Насан туршдаа зөвхөн мөнгөний төлөө амьдарна гэдэг утгагүй л дээ. Намайг 20 хүрээгүй байхад зах зээлийн үе таарч юун өөрийгөө олох манатай л явсан. Миний хувьд 30 нас хүрч байж л ийм бодолтой болж ирсэн.  

Буцаад бизнес рүүгээ оръё гэж бодож байна. Энэ жил Ковид-19 дэлхий нийтийг цочроож орхилоо. Бизнес эрхлэгчийн хувьд юу ойлгож авсан бэ?

-Амьдралын утга талаасаа огт таамаглаагүй зүйл тохиолддог юм байна. Бүгд орчлонгоос явахаас хойш хэт ихийг хүсч, хэмжээнээсээ хэтэрсэн зүйлийг хийж бүтээх гэж бид арай л их яарч байна уу даа. Илүү тайван байх ёстой гэж бодсон. Бизнес талаасаа яривал маш хүнд тусч байна. Манай салбар 100 хувь зогсчихсон байгаа. Хэзээ нэгэн цагт ийм эрсдэл байгалийн гамшиг, хөл хорио өвчин болно гэдэгт сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан ч арай ийм удаан үргэлжилнэ гэж санаагүй.

Ирж яваа цаг байна даа гэдэг. 2021 оныг хэрхэн харж байна вэ?

-Манай салбарынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй ч манай байгууллагын хувьд ажилтнуудынхаа цалинг тавьсаар өдийг хүрлээ. Олон ч компани ийм байдлаар явж байна. 2021 онд энэ хэвээрээ үргэлжилбэл үнэнээ хэлээд гараа өргөхөөс өөр аргагүй. Сайхан цаг ирэхийг л хүлээж байна. Ашиг орлого олох гэхээс илүү надтай хамт зүтгэж байгаа 20 гаруй хүнийг ажил орлоготой байлгаж, ажилдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж л хүсч байна. Ирэх онд аялал жуулчлал ямар ч найдваргүй болчихлоо л доо.

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн олон улс дотоодын аялал жуулчлалдаа мөнгө хаяад эхэллээ. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар та юу гэж боддог вэ?

-Энэ байдлаар бол дотоодын аялал жуулчлал өсдөгөөрөө өснө. Гэхдээ энэ өсөлт хэнд ашигтай байна вэ гэдэг нь чухал. Гадагшаа аялал жуулчлал байхгүй учраас дотооддоо их аялна гэж өнгөрсөн зун таамагласан ч хүнд байдалд орсон, бодит дэмжлэг хэрэгтэй байгаа бааз, үйлчилгээний газруудад төсөөлж байсан шиг дэм болж чадаагүй. Ирэх жил ч мөн адил энэ хэвээрээ байх болов уу л гэж таамаглаж байна. Ковид нь дуусч хил гааль нээхгүй л бол энэ салбарынхан маш хүнд байдалд байгаа. Улс орны эдийн засгийн тулгуур гурван баганын нэг нь Ковидод нэрвэгдэж байхад төр засгаас дэмжих хэрэгтэй л баймаарсан.

Аялал жуулчлалын салбар дахин хөл дээрээ тогтоход маш хэцүү болж, арайхийж тогтож байсан байгууллагын соёл нь үгүй болж элгээрээ хэвтэж байхад нөхөн олговор өгдөг ч юм уу бодит дэмжлэг л хэрэгтэй байна. Татварын хөнгөлөлт бол тийм ч том дэмжлэг болж чадахгүй байгаа нь нууц биш. Яг идэвхтэй ажилладаг хэдэн зуун тур оператор, бааз, түүний хэдэн үндсэн ажилтан байгаа билээ дээ. Тэдгээрийнхээ үйл ажиллагааг бодитойгоор дэмжээсэй. Энэ бол дан ганц байгууллагын биш улс орны асуудал. Сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваарай.

-Баярлалаа.

Сүүлд шинэчлэгдсэн