И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

ЦАЙНЫ ЗАМААР АЯЛАХУЙ

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 19

Нийтлэлч Д.Гэрэлтөв “Цайны Зам” номоос
ЦАЙНЫ ЗАМААР АЯЛАХУЙ

1. Торго ба Цайны замын уялдаа
Дэлхий дахинаа хоёр улс, хоёр тив, тэр бүү хэл дэлхийн тал бөмбөрцөгийг ус ба газраар холбосон худалдаа наймааны зам олон оршиж байжээ. Жишээ нь манай эриний өмнө үеэс хойд, өмнөд Европыг холбосон худалдааны их замыг “Хув чулууны зам” хэмээдэг байв.
“Торгоны зам” хэмээх нэр томъёог 1877 онд Германий геологич Фердинанд фон Рихтефон хэмээх судлаач нэгэн лекц ярианыхаа үеэр анх хэрэглэснээс олон улсад хэвшсэн нэр томъёо болон хэвшсэн байна. Торгоны замаар тээвэрлэгддэг бараа таваар нь зөвхөн торго байгаагүй. Энэ замаар торгоноос ч илүү ач холбогдолтой бууны дарь, цаас, даавуу, давс, цай, зэс, төмөр гэх мэт олон бараа таваар тээвэрлэгдэж байжээ.
“Цайны зам”-аар “Торгоны зам”-ын адил дан ганц бараа, таваарыг зөөж байгаагүй. Үүгээр элсэн чихэр, амтат бурам гэх мэт хүнсний бараа, бүс даавуу, тамхи гэх мэт өргөн хэрэглээний бараа ч тээвэрлэж байсан билээ. “Торгоны зам”-аас дутахгуй ач холбогдолтой худалдааны зам монгол нутгаар дайран гарч байсныг өдгөө “Цайны зам” хэмээн нэрлэж байна. “Цайны зам”-ыг зөвхөн цай зөөж байсан худалдааны зам төдийгүй Монгол, Хятад, Оросыг холбосон түүхэн жим, дэд бүтэц, мэдлэг мэдээллийн суваг, газар зүйн холбоос, түүх, соёлын цагалбар гэж болох юм. Чингэж үзвэл “Цайны зам” нь өргөн их салбар, орон зай, цаг хугацааг хамарсан ухагдахуун болох нь тодорхой байна. Үүнээс үндэслэн “Цайны зам” дагуу үзэж харах, сонирхох зүйлс арвин бөгөөд баялаг ажгуу.


2. Үлэг гүрвэлийн эрэлд Цайны замаар аялах нь
1922-1925 онд онд Монголын Говь нутгаар хөндлөн гулд аялсан Америкийн нэрт судлаач Рой Чапмэн Эндрюс үлэг гүрвэлийн анхны өндгийг нээн илрүүлсэн Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг нь эдүгээ жуулчид хамгийн ихээр зочлон очдог Говийн дурсгалт газар болжээ. Өмнөд этгээдэд нь Говь Гурван Сайхан уул сүндэрлэн дүнсийх Баянзагын баруун мөр дээгүүр зурайн үлдсэн бүдэг мөр одоо ч гэсэн бий. Түүнийг нутгийн иргэд “торгоны замын нэг хэсэг” гэнэ. Р.Ч.Эндрюсийн бичиж тэмдэглэснээс үзэхэд үүгээр тэмээн жингийн нэг цуваа дайран өнгөрч байсан нь гарцаагүй ажээ. Монгол орны Говийн бүсийн зүүн хэсгээс баруун хэсгийг хүртэлх өргөн уудам нутагт Цэрдийн галавын бүх үеийн төлөөлөл болсон үлэг гүрвэлүүд олддогоороо дэлхийд хосгүйд тооцогдож буй бөгөөд Юнескогийн соёлын өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлээд байна.

3. Цайны зам дагуух эртний нүүдэлчдийн соёлын их өв
Өмнөд ба хойд хөршийн нутаг дэвсгэрээр “Цайны зам” дагуу аялахуйд эртний худалдааны зам харгуйтай холбоотой музей үзэсгэлэн, сүм дугана, байшин барилга, хөшөө дурсгал гэх мэт биет соёлын өв арвин их билээ. Тэгвэл энэ хоёр их гүрэнд он цагийн эхээр улирч, үгүй болсон нэгэн их соёл эртнийхээ тэр л жаяг, маягаар оршино. Энэ бол Монгол зон олны нэрийн хуудас, үндэсний бахархал, оршин тогтнолын баталгаа болсон эртний их нүүдлийн өв соёл билээ. Чухам энэ л их соёл, түүхийг үзэхийг хоёр их хөршийн жуулчид хүсэмжилж байна. Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх өргөн уудам нутаг дагуу орших Говийн өргөн хоолойнууд, тал хээр, нуга, хөндийгээр таван хошуу малаа даган амьдрах малчин түмний аж ахуй тэр чигээрээ амьд үзүүлэн, бахархал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм.


4. Цайны зам дагуух түүх археологийн дурсгалууд
Монгол орон нь түүх, соёлын арвин их өвтэй орон билээ. Хүннү Сүннүгийн үеэс эхлүүлэх, эзэн Чингисийн Их Эзэнт Гүрнээр өртөөлөн өнөө цагт үлдэж хоцорсон түүх, археологийн дурсгалт зүйлсээр Монгол орон хамгийн баян орон юм. Эдгээр түүх соёлын дурсгалт газруудыг судлан сонирхоё гэвэл асар их хугацаа орно. Аялагч бүрийн нас, сонирхол, үндэс, угсаа зэргийг харгалзан эдгээр арвин их өвт газруудаас сонголтоо хийн эртнээс уламжлагдан ирсэн байгаа байдалд нь очиж сонирхох боломж бидэнд бий нь манай орны аялал жуулчлалын бас нэгэн давуу тал билээ. Монгол орны зүүн хаяанаас нар зөв тойруулан зөвхөн зарим онцлох өвт, дурсгалт газрууд арвин их бий. Эдгээрт Хүрдэт агуй, Дэмчогийн хийд, Хэрлэний Хөдөө Арал, Дарьганга нутгийн хүн чулуунууд, Өвөр баясгалант Хамрын хийд, Онгийн хийд, эртний түүхт Хархорин хот, Ховд хот, Сангийн хэрэм зэрэг арвин их дурсгалууд хамаарна.

5. Цайны зам дагуух байгалийн өв
Их Говийн Экосистем
Монголын их Говь нутаг нь Алшагийн говьд хамрагдана. Зүүнээсээ баруун хүртэлх асар их өргөн уудам нутгийг хамрах Монгол орны Говь нь үзэсгэлэн төгс бүрдсэн олон уул нурууд, булаг шанд, тооройн төгөл, баянбүрд, хоолой, хөндийнүүдээс бүрдэнэ. Олон зууны турш их Говь нь гадаадад нууцлаг мэдрэмжийг төрүүлж байсан. Говь нутагт хүн үүссэн байж мэднэ хэмээн үзэх онол 1920-оод оны эхэнд АНУ-д дэлгэрсний дараагаар Рой Чапмэн Эндрюсээр ахлуулсан дэлхийд нэртэй “Төв Азийн Шинжилгээний анги” үүгээр хэдэнтэй аялжээ. Монгол оронд аялсан тухайгаа олон ном зохиолдоо сайнаар дурсаж, тив дэлхийн хүмүүст монголын талаар чамгүй сайн мэдээлэл хүргэсэн байдгийг нь бодолцон Эндрюсийг магадгүй “20-р зууны Марко Поло” хэмээж ч болох талтай юм.

Их нарт
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн аргаль хонийн байршлын хамгийн зүүн хойд тул байгаль, экологийн хувьд чухал ач холбогдолтой газар юм. Тал, хээр, говийн бүс хосолсон энэ нутагт ховор амьтан, ургамал ихтэй. Улаанбаатар хотоос 300 гаруй километрт орших тул аргаль хонь, янгир ямаа үзэх байгалийн аялал зохиоход тун тохиромжтой бүс нутаг юм. Энд аялал жуулчлалын нөхөрлөлүүд ажилладаг бөгөөд гэр буудлаар хоноглоод явах боломжтой. Мөн жуулчны нэг бааз үйл ажиллагаа явуулдаг.

Хустайн нуруу
Уугуул нутагтаа саяхныг хүртэл мөхөж үгүй болсонд тооцогдож байсан ч дотоодын болон олон улсын хүчин чармайлтаар эргэн ирж байгаа биологийн онцгой төрөл зүйл бол тахь билээ. Эдүгээ дэлхийд хамгийн их тахийн бодьгал бөөгнөрсөн Хустай Нуруу БЦГ-н зорилго нь тахийн тоо толгойг дор хаяж 500 хүргэж, байгальд зөнгөөрөө дасан зохицох чадварыг нь сэргээснээр онгон байгальд нь эргүүлэн тавих явдал юм. Түүх археологийн олон цаг үеийн арвин их дурсгалтай, 217 зүйл шувуу, 44 зүйл хөхтөн амьтан, 16 зүйл загас, 385 зүйл шавьж зэрэг байгалийн олон янз төрөл бүртгэгдсэн Хустайн Нуруу нь нийслэл Улаанбаатар хотоос 100 хүрэхгүй километрт орших мөртлөө байгалийн унаган төрхөө хадгалсан, баялаг нөөцтэй нь манай орны бас нэг гайхамшиг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг.



Горхи-Тэрэлж
Горхи Тэрэлжийн БЦГ нь Бага Хэнтийн Нурууны өмнөд салбар уулс, ар, өвөр Горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутгаас бүрдэнэ. Хөндлөн чиглэлтэй хэд, хэдэн салбар уултайгаас хамгийн том нь Алтан-Өлгий болно. Эндэхийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд Баян, Зүүн Баян зэрэг олон гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг. Сүүлийн үед Баруун баянг өгсөн Босгын Давааг давж, Хагийн Хар нуур хүртэл аялах явган аялал ихээхэн түгээмэл болж буй. Цөөн хоногтой яваа жуулчинд Улаанбаатар хотоос их холдолгүйгээр байгалийн сайхныг мэдрүүлж явган аялал, уулын аялал, морин аялал, шувуу ажиглах аялал зэргийг зохион байгуулах боломж олгодгоороо Горхи-Тэрэлж нь ихээхэн ач холбогдолтой юм. Туул, Тэрэлжийн бэлчир дээр Өргөө хот хэсэг хугацаанд оршиж байсан, Баруун баянгийн аманд Гүнжийн сүм байдаг гэх зэрэг онцлогтой.

Хөвсгөл Нуурын БЦГ
Дэлхийн цэнгэг усны 1%, Монгол улсын цэнгэг усны 75%-ыг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг монголчууд дээдлэн эрхэмлэж “далай ээж” хэмээн нэршдэг. Хөвсгөл далай нь баруун талаараа төрөл бүрийн морин болон явган аялал хөгжүүлж буй Хорьдол Сарьдагийн нуруугаар эмжээрлэгдсэн, хойд талаараа Саяны нуруу дүнхийсэн, зүүн талаараа ойн хөвч уулсаар хүрээлэгдсэг гүн цэнхэр устай, монгол орны хамгийн үзэсгэлэнт газруудын нэг билээ.

Алтай Таван богд БЦГ
Алтайн уулархаг муж нь Монгол Алтай, Сийлхэм, Хархираа, Түргэний уулс мөн Говь-Алтайн нуруудыг хамарна. Баруун хойноосоо зүүн урагшаа сунаж оршино. Алтайн их уулархаг муж нь 250,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэх бөгөөд түүнд Баян-Өлгий аймаг бүтнээрээ, Увс аймгийн баруун хэсэг, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын дунд хэсэг тус тус хамарна гэдгийг академич Ш. Цэгмид 1966 онд хэвлүүлсэн бүтээлдээ тодорхойлж байжээ. Алтай Таван богд БЦГ нь эдүгээ “экстрим” буюу уулын спорт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй газар юм.
5
6. Цайны зам ба зүүн бүсийн аялал жуулчлал
Чойбалсан хот нь Монгол орны дорнод хэсэгт Хэрлэн голын хойд эрэгт орших томоохон хотын нэг юм. Одоогийн Чойбалсан хотыг 1822 онд сүм байгуулснаар эхэлсэн бөгөөд хожим хошуу ноён Сансрайлдоржийн нэрээр Сан Бэйсийн хүрээ хэмээгдэх болжээ.
Сан бэйсийн хүрээ нь монголоос манж, сибирээс хятад орох жингийн замын чухал уулзвар дээр байсан учраас нэг хэсэгтээ худалдааны төв болж байжээ. (Д.Майдар, Монголын Архитектур ба Хот Байгуулалт, х.80) Хожим социализм байгуулалтын үед хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 1966 оноос эхлэн тусгагдаж, Дарханы удаах аж үйлдвэрийн гурав дахь төв болно хэмээгдэж байсан ажгуу.
Зүүн бүсэд Дорнодын их талаас гадна Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг, Хөдөө арал гэх мэт зорьж үзэх дурсгалт газар арвин ихтэй билээ. 2019 оноос Хэнтийн аймгийн Дадал суманд “Чингис Хааны Цогцолбор” барьж эхлээд байна.




 

Сүүлд шинэчлэгдсэн