И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

УУЛ, БУРХАД БА ШУВУУДЫН ОРОН

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 20

УУЛ, БУРХАД БА ШУВУУДЫН ОРОН
ГИМАЛАЙН ХААНТ БУТАН УЛС

Дэлхийн хамгийн өндөр ноён оргил уулсаас бүрдсэн алдарт Гималайн уулсын зүүн өмнөд энгэрт Бутан хэмээх үзэсгэлэнт улс оршино. Энэ улсын хүн ам 800,000 гаруй бөгөөд аз жаргалын индекс гэдгийг мөрдөж ажилладагаараа дэлхийд алдартай. Бутан улсын онцлог юу вэ? Бутантай танилцахын ач холбогдол юу вэ?

      Тэнгэр, газрын заагт, далай, эх газрын уулзварт Бутан улс оршдог. Бутаныг судлаж мэднэ гэдэг Хималайн уулсыг судлаж мэдэхийн бас нэг нэр болно. Монголчууд өөрсдөө уулсын дунд өсч торнидог болоод ч тэрүү Бутанд хүрэлцэн очиж өндөр уулсын дунд ороход өөрийн эрхгүй сүрдэх, бишрэх мэдрэмж амтална. Бутан нь Хималайн уулсын зүүн салбар уулсын урд энгэрт тэр чигээрээ багтан орших агаад зүүн захаас баруун зах руу шулуунаар хэмживээс 300 гаруй км, хойд цэгээс, өмнөд цэг хүртлээ 140 км хүрэх нийт 38,394 хавтгай дөрвөлжин км нутагтай улс юм. Бутан Монголыг хооронд нь харьцуулж үзэхэд төстэй гэмээр олон зүйлс ажиглагдна.
      Бутан нь Монгол шиг дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй улс болно. Хималайн сүрлэг уулс нь өнө эртнээс олон үндэстний соёл, иргэншлийг тэтгэсээр иржээ. Эдүгээ Балба, Энэтхэг, Хятад, Пакистан, Бутан гэсэн таван улс үндэстний 50 гаруй сая хүн амыг тэтгэн амьдрах бүс нутаг болжээ. Бутаны ихэнх уул нуруудын ноён оргил нь дтд-ээс дээш 7000 метрт сүндэрлэнэ. Дрангме Чу, Пуна Чу, Ванг Чу болон Амо Чу гэсэн дөрвөн том гол мөрөнтэй. Тоолж баршгүй олон жижиг горхи, булагнуудтай. Хүн амын гуравны хоёр нь Түвдийн Бурханы шашны Махаяна буюу Их хөлгөний сургаалийг шүтэж амьдрах бол (Монголтой адил) үлдсэн хэсэг нь Хиндүгийн шашинтай бөлгөө. Эдийн засгийн голлох экспортыг усан цахилгаан станцаар үйлдвэрлэх цахилгаан бүрдүүлнэ.
       Монголын адил Бутан нь үе үеийн туршид гадаад улс, орнуудын анхаарлыг татаж ирсэн нууцлаг мэт улс орон. Энэ ч бас аргагүй. Түүхэндээ энэ улс аль нэг хүчний харъяат, колони болж байсангүй. Мөн тал бүртээ өндөр уулсаар хүрээлэгдсэн тул Бутан руу ердийн хөсгөөр ирж очих амаргүй байжээ. Энэтхэг улстай албан ёсны харилцаагаа өргөтгөж, улс төр, эдийн засгийн дэмжлэг авсаар ирсэн нь манай түүхийн нэг хэсэгтэй адил юм.

Бутан руу хүрч очих арга замууд
       Бутан руу авто машинаар зөвхөн Энэтхэг улсаас гурван боомтоор нэвтэрч болдог. Агаараар зөвхөн Паро хэмээх нутгийн баруун хэсэгт орших хотод бууна. Нисэх онгоцоор Балбын Катманду, Тайландийн Бангкок, Сингапур зэрэг хотуудаас шууд нисч хүрнэ. Монголчуудад хамгийн дөхөм нь Бангкокоос хоёр цаг хүрэхгүй нисч очих явдал юм. Нислэгийн суудлаа бичүүлэхдээ туршлага, мэдээлэл сайтай жуулчид онгоцны зүүн талын цонхон тушаа суудлаа бичүүлдэг арга байдаг аж.

Бутаны хотууд
        Бутаны хотууд өнгөлөг агаад, сонирхолтой. Үүнд хэд, хэдэн хүчин зүйлс байдаг гэмээр. Нэгд, Бутаны хот тосгодууд дандаа өндөр уулын энгэрт оршдог учир алсын харагдацтай байгалийн үзэсгэлэн төгөлдөр дунд оршино. Хоёрт, Бутаны барилга байшингууд өөрийн гэсэн өнгө, хээ, хуар бүхий дизайн, шийдэлтэй. Үүний нэг шалтгаан нь барилга байгууламж бүрт үндэсний хэв загвар оруулах ёстой хэмээн шийдвэрлэсэнтэй нь холбоотой ажгуу. Энэ нь хот бүрийг өнгөлөг, жавхаалаг харагдуулна. Гуравт, Бутаны хот бүрт Зонг хэмээх засаг, захиргаа, сүм дуганыг нэтгэсэн гайхамшигт архитектур бүхий байгууламжуудаа тойрон байрласан байдаг. Өнгө үзэмж бүхий хотын дундуур явахад Бутаны өнгөлөг, дизайн сайтай үндэсний хувцсаа өмссөн хүүхэд, хөгшид, залуусыг харах нь нэн сонирхолтой.

Бутан хүмүүс
       Аливаа эрх чөлөөт орны иргэдийн адил Бутанчууд өөрийн гэсэн зан заншилтай, соёл угсаатай, өнгө зүстэй, дуу хууртай ард түмэн юм. Бутаны ихэнх иргэд нь бор царай, хар нүд, хөмсөгтэй, Түвд маягийн төрхтэй хүмүүс байх аж. Харин өмнөд хөршийнх нь нөлөө болов уу гэмээр индо-ари төрхтэй хар бордуу царайтай иргэд хаа нэгтээ мөн тааралдна. Охид, бүсгүйчүүд нь даруу, ичимхий янзтай боловч өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй биеэ авч явна. Бутан хүнийг чимэх нэг өв соёл нь тэдний өмсөх үндэсний хувцас аж. Төрөл бүрийн өнгөн дунд улаан, хүрэн өнгө голлох богино дээл маягийн хувцас, орхимж нөмрөг маягийн хувцас хэрэгслийг эр, эмгүй өмсөнө. Эрчүүд нь өвдөгөө давсан нэгэн төрлийн урт оймс өмсөх нь содон. Хүүхэд хөгшидгүй бараг бүгд зөвхөн үндэсний хувцсаа өмсөж явдаг нь энэ улсын бас нэг онцлог юм.


Бутаны Аялал Жуулчлал
         Бутан улс өөрийн улсын соёл, уламжлалыг сурталчлах зорилгоор анх 1974 онд үүдээ олон улсын жуулчдад нээж байжээ. Хэдийгээр аялал жуулчлалын талаар нээлттэй бодлого явуулдаг боловч түүнээс гардаг сөрөг үр дагаварыг давхар багасгах зорилгоор тус улсаас тусгай журам гаргасны үр дүнд “өндөр үр ашигтай аялал жуулчлалын бодлого” гэдгийг мөрдөж эхэлжээ. Үүний гол зорилго нь жуулчдын тоог эхнээс тодорхой хязгаарт барих явдал юм. Үүний үр дүнд өнөөг хүртэл Бутан өөрийн онгон байгаль, соёл, уламжлалаа байсан чигээр нь уламжлан авч иржээ. 2018 оны байдлаар тус улсад албан ёсны лицензтэй 75 компани ажиллаж байна. Бутан руу зорин очиж аялах жуулчин бүр ямар нэг багц аяллыг эдгээр компаниудын аль нэгээс авсаны үндсэн дээр аялах боломж бүрддэг. Үүний дүнд Бутанд ирж буй нэг жуулчин бүрээс хамгийн багаар бодоход нэг өдрийн $250-$290 ам.долларын хураамж авч байна.

Бутаны байгаль
        Бутан нь Монголын адил далайд гарцгүй орон гэж дурдсан билээ. Өндөр уулын бүсэд орших учир хурц шовгор уул нуруудтай. Уул, хөндий нь арвин баялаг ой ургамалтай. Бутаны нийт газар нутгийн 71 гаруй хувийг ой мод эзэлнэ. Иймд тус улсын хүн амын амьжиргаа, эдийн засгийн гол эх үүсвэр нь ой мод нь болдог байна.
Бутан улсын хамгийн эрхэмлэг хамгаалдаг хоёр зүйлийнх нь нэг нь түүх соёл бол нөгөө нь түүний байгалийн өв юм. Бутан гэдэг үг нь өөрөө ургамал, мод, бут гэснээс гаралтай үг ажгуу. Бутанд үндсэн дөрвөн эко систем оршино. Эдгээр нь дээр дурдсан ой моддын, далайн төвшнээс дээш 4,000 м болон түүнээс дээр орших Альпын, гол, горхи, намгархаг газруудыг агуулсан усны болон хөдөө аж ахуйн гэсэн дөрвөн үндсэн экосистемүүд тус тус болно.


Түүх, соёл
       Түүх бол тухайн ард түмний туулсан замнал, соёл бол түүний иргэдийн таних тэмдэг гэж үзэж болох билээ. Бутаны хувьд аль аль нь өвөрмөц бөгөөд содон. Түүхэндээ аль нэг улсын колони байж үзээгүй энэ улсын өөрийн мөн чанараа алдалгүй хадгалж ирсэний нэг гол хүчин зүйл нь газар зүйн байрлал нь гэж үзэж болох талтай. Тус улс Гималайн нуруудын зүүн жигүүрийн салбар уулс дунд орших учир ард тал буюу хойд зүгээс бараг нэвтрэхийн аргагүй гэж үздэг. Бутанд бурханы шашин 8-р зууны үеэс дэлгэрэн хөгжиж иржээ. Тэр цагаас хойш Бурханы шашин Бутаны салшгүй нэг хэсэг болсон бөгөөд өөрийн хойд хөрш Түвдээс бие даасан шашин суртал ухуулга явуулж ирсэн байдаг. Өдгөө тус улсын эрх барих түвшинд төр, шашин ижил үүрэг, нөлөөтэй байдаг нь төрийн далбаад тусгалаа олсон байгаагаас харж болно. Бутаны албан ёсны хэлийг Зонгка гэх бөгөөд Түвд хэлний группт хамрагддаг.

Бутаны аз жаргалын индекс
       Бутан уруу ажлаар явах болоход таньд наад зах нь хэд гурван "аз жаргалаа хэмждэг ганц улс шүү" гэж хэлэх вий. Бутан улсаар аялж   явахад ажиглах явцад хүмүүс нь тайван, амгалан улсууд шиг санагдна. Энэ нь төр засгийнх нь "аз жаргалын индекс" гэсэн бодлогыг   гаргасантай холбоотой юм болов уу гэж бодогдохоор. Бутаны “Дотоодын нийт аз жаргал”-ын дөрвөн тулгуур бага нь дараахаас бүрдэнэ.

Нэгд. тэнцвэртэй, тогтвортой нийгэм-эдийн засгийн хөгжил

Хоёрт. Соёл, уламжлалын хадгалалт, хамгаалалт,

Гуравт Байгаль хамгаалал,

Дөрөвт сайн засаглал зэрэг болно. Аз жаргалын индексийнх нь гол ойлголтууд нь энэ ажээ. Төр засаг нь өөрийн гэсэн бодлогоо урт удаан хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлоод, хэрэгжүүлж байгаа сайн жишээний нэг нь Бутан улс болж чаджээ.

Бутан орноор аялахуй
        Уулзаж учирч явахад нэг сайхан ард түмэнтэй дотно санагдах нутаг байдаг бол тэр нь Бутан улс болой. Бутанчуудын ихэнх нь найрсаг,   дулаан, дотно, үнэнч шударга. Улс орон нь гадны ямар нэг нөлөөнд автаагүй, эвдэрч, хувираагүй. Хүрээд очиход гадаад хүн шиг хүлээж   авахгүй. Газар нутгийн 70%-ийг эзлэх ой моддын анхилам үнэр, Хималайн цаст өндөр уулсаас орж ирэх шившээ салхитай холилдон таатайхнаа угтана. Бутан руу зорчих хамгийн тааламжтай цаг нь 3-5 болон 10-11-р сарууд юм. Энэ үед гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгдэх учир аяллын  өртөг дагаад өснө. Харьцангуй бага хүнтэй үед нь бага өртөгтэй аялах үе нь 12-аас 2-р сарууд ба цаг агаарын хувьд ч өдөртөө нэмэх 10 хэм учир Монголчуудын хувьд аялахад таатай.

  

Сүүлд шинэчлэгдсэн