И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Карибын тэнгисийн талын салхи

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 12

Дал модны сүүдэрт нэлэмгэр цагаан даашинзтай залуухан бүсгүй урдаа том тэмдэглэлийн дэвтэр барьчихсан сууж байв. Би түүнтэй анх удаа цахим ертөнцөөр холбогдож байгаа нь энэ бөгөөд бидний дунд цаг хугацаа, орон зайн хязгаар байхгүй мэт санагдаж байлаа. Тэрээр ахуй   биеэрээ тэнгисүүдийн охин тэнгэр гэгддэг   Карибын тэнгисийн орчим торгон элсэн  дээр гэлээ  сэтгэл нь аль хэдийнээ Дорнодын Мэнэнгийн хязгааргүй уудам талдаа дураараа сэвэлзэх салхи мэт исгэрч байгаа нь мэдрэгдэнэ. Манай сэтгүүлийн энэ удаагийн дугаарын эрхэм  зочин бол Монголын цахим ертөнцийн  жиргээнд “Халгай” нэрээр олонд танил болсон Гомбосүрэнгийн Баярчимэг гэх бүсгүй юм.


Тэрээр хэдэн сарын өмнөөс Монголын үзэсгэлэнт газрууд тэр дундаа бидний тэр бүр мэддэггүй газруудыг үүх түүхтэй нь судалж цуврал байдлаар оруулсан нь олон монголчуудын эх орныхоо байгалийн үзэсгэлэнг биширч, эрүүл чийрэг агаарыг амьсгалж, эрх чөлөөт ертөнцийн хязгаараар   аялах хүсэл тэмүүллийг галын дөл мэт асааж өгчээ.
Хэн ч тааварлах аргагүй  далай далайн цаадах тэртээх Карибын тэнгисийн оронд монгол бүсгүй ямархуу  амьдарч байгаа нь жиргээчдийн сонирхлыг татсаар, нууцлаг ертөнцийг сониучирхсаар. Түүний амьдардаг Кабарет тэнгисийн эргийн хот дахь Sea Horse Ranch эдлэн газарт улс төрчид, урлаг, спортын одууд амьдардаг ажээ. Дэлхий дахиныг цочроосон “Covid 19” цар тахал дөнгөж эхэлж байхад Мальта улсад сурч байсан түүнийг нөхөр нь хувийн онгоц хөлсөлж, гэртээ  авчирсан талаарх пост нэг хэсэгтээ “жиргээг” доргиосон гэхэд болно. Дэлхийн нуур, далайн усыг цэвэршүүлэх буянтай ажил эрхэлдэг түүний нөхөр гэргийнхээ бүхий  санаа бодол , ажил үйлсийг  дэмждэг болохоор ирээдүйд Монголд ч бас энэ төрлийн ажлыг хийх боломжтой талаар ярилцжээ. Тэрээр очсон газар болгоноосоо ямар нэгэн зүйлийг Монголтойгоо холбох сонирхолтой. Жишээ нь гэрийнх нь ойролцоо хүүхдийн хөгжмийн сургууль байх, түүнд нь монгол хүүхдүүдийг сургах талаар асуугаад амжиж. Энэ хэрвээ бүтвэл хүүхдийн боловсролыг дэмжих зорилготой, ирээдүйд байгуулах сангийнх нь анхны ажил байх болно гэж ярьж байв.


Эгэл жирийн хөдөө буйдхан газар өссөн, гал халуун хүсэл мөрөөдлөөр дүүрэн  охин дэлхийн бараг өнцөг булан бүрт аялж үзсэн ч талын Монгол эх орон шиг сэтгэлийг хүчтэй соронздон хөдөлгөдөг нь тааралдаагүйг ойлгожээ.


Баярчимэг оюун санаагаараа өдөртөө хэдэн ч удаа Монголынхоо хөдөө хээрээр аялдаг ба монголчууд бид өөрсдийнхөө нүүдэлчний өвөрмөц өв соёл, үнэт зүйлсийг зөн мэдрэмжээрээ гүнзгий ухаарч мэдэрч чадвал оюун санаа, төсөөллийн аяллыг ч хөгжүүлэх боломжтойг дурдаж байлаа. Далайд дусал нэмэр гэж, тэр бас ч энэхүү төсөөллийн аяллыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс энэ зун агаарын хилийн хориг тавигдмагц, Монголынхоо 21 аймгаар аялж, үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн эгэл жирийн амьдрал, зан заншил, соёл уламжлалыг чихэндээ нааж, сэтгэлдээ ургуулаад цаашлаад ирээдүйд ном гаргаж дэлхийн уншигчдад хүргэх мөрөөдөлтэй байгаа юм байна. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.  

Жиргээнд таныг “ХАЛГАЙ” гэсэн нэрээр тань мэднэ. Яагаад халгай гэж?
-Халгай гэх ургамал хэн хүний анхааралд өртөхөөргүй, өнгө зүс даруухан, басчиг хүрмэгц цочроон хатгадаг чамгүй цэрвэдэг  ургамал гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ энэ ургамал нь өөртөө А,С ,В12 аминдэмийг агуулдаг ба эмчилгээний журмаар хандалж бас хатааж хүнсэнд хэрэглэвэл нойр булчирхай, дотор таван цул эрхтэнд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Яг л энэ эгэл ургамал шиг хүний анхаарлын төвд өртөхгүйгээр мэддэгээ түгээж бусдад дэм болж, өөрөө бас суралцъя гэсэндээ “Халгай” нэрээр жиргээнд бодол санаагаа бичдэг болсон. Түүнээс нэг их нууцлаг, сүртэй бодож олсон нэр биш л дээ.  
Та алс хол амьдардаг ч Монголоороо бүрэн амьсгалдаг санагдсан, хүүхэд нас, өссөн  төрсөн нутаг, өвөг дээдсийнхээ талаар дурсаач.
Би Сэцэн Хан аймгийн Санбэйсийн хүрээ, одоогийн Дорнод аймаг Чойбалсан  хотод айлын бага охин болж мэндэлсэн. Айлын бага болоод ч тэрүү эрх танхидуу өссөн. Миний аав Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу хатагин овгийн,  одоогийн Дорнод аймгийн Матад сумын хүн. Ээж маань болохоор Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу еншөөбү отгийнх  л доо. Одоогийнхоор бол  Дорнод аймгийн  Баян-Түмэн сумынх, хоёулаа монгол улсын онц тээвэрчин сайхан буурлууд бий.
Та жиргээнд өдөр болгон Монголын талаар мэдээлэл оруулдаг, ихэнхдээ олонд төдийлөн танигдаагүй газрууд байдаг. Аялал жуулчлалын талаар хэдийнээс яагаад сонирхож судалж эхэлсэн бэ?
Би багадаа явган  алхах дуртай хүүхэд байсан. Бага байхад аав минь мал малладаг байлаа. Зундаа гол усаа бараадаж аймгийн төвөөс урагш 20 гаруй  км–т Баруун Шорвог гэх газар зусдаг байв. Баасан гариг бүр хичээлээ тараад л хөдөө гэрлүүгээ алхчихна шүү дээ. Хүүхэд л болсон хойно ядраад хааяа замдаа хэвтэж амарна. Дээшээ хараад хэвтэхэд, гүн хөх тэнгэр, хээрийн намуухан салхины аясаар ганхах өвсний толгой нүдний үзүүрт харагдаж, чив чимээгүй ертөнцөд юу ч юм нэг зүйл алсын зэрэглээнд уусан бүдгэрэн бүдгэрсээр шингэн алга болох зураглал, хэлийг нь мэдэхгүй ч дуу л дуулж байгаа байх гэж боддог байсан бяцхан шувуудын жиргээ, хүүхэд насны минь ой ухаанд тодоос тод үлдсэн хонь хурганы бэлчээрт хөл нүцгэн гүйж явахдаа холын холд газар тэнгэрийн нийлэмжид шаргалтах их толгодыг харж үүний цаана юу байдаг бол гэсэн хүүхэд насны сониуч зан өнөөдрийн миний байгалийн сайхан руу тэмүүлэх бүр илүү сайхныг үзэж нээхийн эхлэл болсон байх. 
10 жилийн сургуулиа төгсөж хүссэн мэргэжлээрээ сурч 2006  онд  доктор, профессор түүхч Хүрэлбаатар багшийнхаа удирдлага дор “Монгол улсын түүхэн газар нутгийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь” сэдвээр диплом бичиж,  Соёлын гавьяат зүтгэлтэн  Г.Аким багшаар шүүлгүүлж байлаа.
Таны амьдардаг Доминикан репаблик бол монголчууд бидний хувьд нээгдэж амжаагүй ертөнц. Энэ улсын  бусдаас ялгарах онцлог нь юу вэ? Монголчууд бидэнд аялах ажил хөдөлмөр эрхлэх, бүр суралцах ямар боломж байдаг вэ?
Атлантын далайн хойд, Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших  Доминикан  репаблик улсын  нийслэл нь Санто Доминго. Арлын хэмжээ 18,792 мк. 10,77 сая хүн амтай. 40 хувь нь хар,  60 хувь нь цагаан арьстан, үндсэн хэл нь испани, мөнгөн тэмдэгт нь пейсо. Мэдээж их ялгаа харагдсан. Хэл, соёл, хүмүүсийн зан харилцаа гээд л. Энд хүн бүхэн хөтөч шиг санагдсан. Тэд гаднын жуулчдад хотынхоо түүх, соёл, үүсэл гарал угсаа, нийгэм эдийн засаг, хүн ам зүйн талаарх бүхий л мэдээллийг тайлбарлаж ойлгуулж чаддаг. Харин манайд энэ тал дээр ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Эрдэмтэн судлаачдын олж илрүүлснээс бусдыг хууччуулын ам дамжсан ярианаас л үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл сонсож байна шүү дээ. Хөдөөгийн алслагдсан суманд яваад очиход нутаг орноо таниулаад түүхээ ул үндэстэй тодорхой сонирхолтой тайлбарлаад өгчих хүн ховор. Сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, түүхийн багш нарыг хөтчөөр давхар мэргэшүүлэх хэрэгтэй юм байна гэж боддог. Хөдөөгийн нэг суманд Бяруут гэх газар очлоо. Яагаад энэ газрыг Бяруут гэж нэрлэсэн юм бол гэж асуухад, хэн ч хариулж чадахгүй байсан. Гэтэл нэг залуу худагт бяруу унаж үхээд тэгээд л бяруут гэсэн байхаа гэж хэлж билээ. Тэгсэн сүүлд сонсохнээ хавар цэргийн хүнс бэлтгэх ажилд нутгийн өвгөн бяруу заржээ. Тэгээд намаржаандаа нүүж очиход зарсан бяруу нь их холоос гүйгээд ирсэн гэдэг тэгээд л бяруутын өвөлжөө гэх болж.  Ялгаа нь ийм жижиг зүйл дээр хүртэл харагдана шүү дээ.  Үүх түүхээ мэдэхгүй бол ёстой нөгөө залуугийн худал залдагаар талд төөрсөн бяруу шиг юмуу даа.  Мэдээж аялахад сайхан газар. Ажиллаж суралцахын хувьд сайн судлах хэрэгтэй, бизнес аялал жуучлалын томоохон боломж байгаа гэдэгт итгэлтэй байна.  
Гадны хүнээс Монголынхоо талаар сонсож байсан хамгийн гоё үг? Мөн хэзээ хамгийн сүүлд, яагаад монгол хүн гэдгээрээ бахархсан бэ?
Өдөр болгон найз нөхдөөсөө Монгол орны талаар сайхан үгс сонсдог. Олон жишээ бий. Гэхдээ сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Хятадад Технологийн их сургуулийн хэлний бэлтгэлд сууж байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй гадуур явж байгаад гудамжинд гуйлга гуйгаад зогсож байсан бяцхан хүүд хоол авч өгсөн юм. Голландаас ирсэн ангийн охид танай монголчуудыг их  тусархаг бас өгөөмөр зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг гэж сонсож мэдсэн, үнэн юмаа гэж билээ. Тэрхэн зуур  хэзээ, хаанаас тэгж сонссон юм болдоо гэж бодоод л өнгөрсөн. Бидний талаар тийм сайхан сэтгэгдэлтэй байсан нь сэтгэл баясгаж байсан.  

Та дэлхийн маш олон орноор аялсан, монголчууд бид  юугаараа бусдаас  илүү бас дутуу вэ? Бид юугаараа бахархах ёстой гэж боддог вэ?
Тиймээ, би олон орноор аялсан. Очсон улс орон болгонд би  монгол хүн гэхээр өөдөөс Чингисийн Монгол гэдэг. Үнэхээр Чингис хаан бол монгол гэдэг нэрийг дэлхийд тамгалсан суут их хаан юм даа гэж бодоход үнэхээр бахархалтай  сайхан санагддаг. Ер нь ямар ч өндөр хөгжилтэй оронд очсон нэг л давчуу, бүгчим, амьсгалахад хүртэл дутуу санагддаг. Монголын цэнгэг агаар, сэвэлзүүр салхи хаана ч байхгүйг мэдэрсэн. Гэхдээ сүүлийн үед хэт их төвлөрөл үүсч түүнийг дагасан олон сөрөг үр дагаварууд гарч байна. Дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, техник технологийн тусламжтайгаар онгон зэрлэг байгалиа хамгаалахад онцгой анхаарч байна. Манай улс ч гэсэн энэ тал дээр онцгой анхаарч, байгаль хамгаалах хууль хяналтаа сайжруулж, байгалиа онгон дагшин байдлаар нь авч үлдэх хэрэгтэй. Хариуцлагагүй уул уурхай,  эрх мэдэл, мөнгөний улайрлын өмнө  эх орны минь газар шороо уйлж байна шүү дээ. Бидэнд харж баясах зүйл улам хомсдож байгаад сэтгэл эмзэглэж явдаг.
Та  энэ зун Монголынхоо 21 аймгаар аялах төлөвлөгөөтэй гэсэн. Нууц биш бол аяллын маршрут болоод яагаад энэ аяллыг хийхээр төлөвлөж байгаагаа бидэнтэй хуваалцана уу ?
Тиймээ, Монголынхоо 21 аймаг, зарим сумдуудаар аялах төлөвлөгөөтэй байна. Ковид цар тахлаас болоод агаарын хил хаачихсан тул хил хурдан нээгдээсэй гээд л хүлээж байна. Монгол  хүн бүр хүний нутагт явахдаа Монгол  эх орноо  маш их санадаг шүү дээ. Очсон зорилго, хүсэл тэмүүлэл нь л аргамждаг байх. Ёстой л бугуйл шидэм ойроос наран ургах Дорнод нутгийнхаа алдарт Мэнэнгийн талаас л аяллаа эхэлнэ дээ. Мэдээж аавынхаа төрж өссөн нутгаар аялна. Аавын минь нутгийн цэнхэр уул, ус намайг түшиж явдаг гэдэгт итгэдэг. Тиймдээ ч Дорнод аймгийн Матад сумаар хамгийн түрүүнд заавал очно. Аав минь Нажирын хошууны баруун хойд суганд их олон жил өвөлжсөн. Тэр бууцан дээрээ очно. Нажирын хошуунаас холгүйхэн холбоо хоёр ухаа бий. Дээр үед юм гэнэлээ Юм гэдэг хөгшин хэдэн ямаатай хойд ухаа дээр нь зунждаг байж. Нэг өдөр ямаагаа алдаад урд ухаа дээрээс би ямаагаа алдчихлаа гэж хашгирахад тээр урд байсан айлын хүн сонсож Юм хөгшин ямаагаа алдчихлаа гэж хэлэх шиг боллоо гэж хүүхдүүдээ мордуулж байсан гэдэг. Тэр цагаас хойш Юм хөгшиний зунждаг хойд ухааг нь  Юмын ухаа, дээр нь гарч хашгирахад  дуу нь их тод сонсогдсон учир урд ухааг Тодын ухаа гэж нэрлэх болсон гэдэг. Энэ мэт бид газар орныхоо нэршлийн утга учрыг сайн мэдэж байх хэрэгтэй. Түүнээс худагт бяруу унаж үхээд ийм нэртэй болсон гээд сууж байвал ичгэвтэр биз дээ. Энэ талаар би номондоо сайн дурдана гэж бодож байгаа.

Яагаад ном бичих болсон бэ? Номынхоо тухай бидэнтэй хуваалцаж болох уу?
Ном бичих нь миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Ер нь хүн бүрийн дотор өөрийнх нь түүхийг өгүүлсэн зохиол байдаг гэдэг шүү дээ. Миний хувьд эх орныхоо үзэсгэлэнт байгалийн талаар бичихийг хүсэж байна. Аялал гэдэг биеэр очиж мэдрэхээс гадна ном зохиолоор дамжуулан тухайн орны соёлтой танилцаж оюун ухаан, төсөөллөөр аялах ч боломжтой.  Тиймдээ ч ирээдүйд бичих номоороо дамжуулан Монгол орны уудам дэлгэр тал нутаг, нүүдэллэн амьдардаг ард түмний соёл, ёс заншил, байгалийн үзэсгэлэнг дэлхийн мянга мянган хүнд мэдрүүлэхийг хүсэж байна. 
Таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу эсвэл дурсамжтай аялал?
Хонг -Хонг –д далайд аялсан нэг өдрийн аялал хамгийн галзуу бас айдастай байсан. Шуургатай өдөр байсан болохоор далайн давлагаа завин дээр түрж орж ирээд, нойтон хувцастай маш их айдастай жолоогоо ч эргүүлж чадахгүй сандраад хад мөргөчилгүй ирээд яасан их баярласан гээ. Тэгэхэд л айдас, аймшиг  гэдгийг бие сэтгэлээрээ бүрэн мэдэрсэн. Жинхэнэ галзуу аялал байсан.
Миний дурсамжтай холбоотой сайхан бүхэн дандаа л хөдөө болж өнгөрсөн байх юм. Хэзээ хүрэх бол гэсэн дуусашгүй их тал дундуур давхиж явсан минь, зах нь үл харагдах цагаан зээрийн сүрэг, хамар цоргих таанын үнэр, ах эгч нартайгаа хээр гадаа од ширтэн хонож миний од таны од гэж нойргүй өнгөрүүлсэн шөнүүд... Би ер нь урьд насандаа салхи байсан байхаа...
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бид яах ёстой вэ?
Сүүлийн жилүүдэд Хятадын хязгаар нутгууд маш хурдацтай хөгжсөн. Шалтгаан нь аялал жуулчлалыг хөгжүүлэх төрөөс баримталж буй бодлого, түүнээс олсон орлого гэж боддог. Дорнодод хил залгаа БНХАУ-ын Манжуур хот гэхэд зун намартаа жуулчдын хөлд дарагддаг. Нийт жуулчдын ихэнхи хувь нь дотоодын жуулчид байдаг. Яагаад Монголын хязгаар нутаг үүн шиг хөгжиж болохгүй гэж. Бид Монгол улсын дөрвөн захын цэг дээр жуулчны бааз байгуулж болно шүү дээ. Монгол алтайн Мааньт уул, Соёлз уулын модтой хамар, их Сияаны нуруун дахь Монгол шарын даваа, Орвог гашууны бор толгой. Очиж үзэхийг хүссэн хичнээн олон хүн байгаа нь ойлгомжтой. Мөн зүүн баруун гурван улсын хилийн баганыг үзэх хүсэлтэй мянга мянган монголчууд байгаа. Гэтэл нөхцөл нь бүрдэхгүй л байна. Одоохондоо бид Хөвсгөл, Буйр нуур, Өмнөговь, Архангай, Орхоны хүрхэрээ  гэх мэт хэдхэн л газраар аялаж байгаа харагддаг. Гэтэл бидэнд ямар олон гайхамшигтай үүх түүхтэй, байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг билээ. Тэднийгээ судалж мэддэг болмоор байна. Зүгээр нэг зугаалж цэнгэх биш эх орноо таниж мэдэх, хайрлах сэтгэлээр аялмаар байна. Мөн төрийн түвшинд бодлогоор аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг солонгоруулж, дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй.

Ярилцсан: Ц.Энхжаргал 

Сүүлд шинэчлэгдсэн