И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Хойд туйлд гялалзсан Монгол бүсгүй

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 11

Нохой чаргаар хойд туйлын мөсөн дээгүүр зургаан хоног аялж, Монгол хүний тэсвэр тэвчээр, чадал чансааг сорьж, эх орноо сурталчилж байсан нэгэн бүсгүйг энэ удаагийн дугаартаа зочноор урилаа. Тэрбээр 2016 онд дэлхийн хэмжээний Fjallraven Polar өрсөлдөөнт тэмцээнд эх орноо төлөөлөн АНУ-аас оролцсон билээ. Тус уралдаанд оролцох хүмүүсийг сошиал санал асуулгаар шалгаруулдаг. Элэг нэгтнүүдээ уриалж, шалгаруулалтад ялалт байгуулж олон Монгол хүн энэхүү тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж өгсөн бүсгүй бол Zagdaa Baatar фэйсбүүкээрээ эчнээ танил болсон Б.Загдсүрэн. Энэхүү тэмцээнд 2015 Монголоос анх удаа “Цэнхэр үст” хэмээн алдаршсан Э.Цэрэндолгор оролцож байв. 

       

Б.Загдсүрэнтэй өрнүүлсэн ярианаас түүний даруухан хийгээд эрч хүч, зориг тэвчээрийг мэдрэх биз ээ. Түүнтэй ярилцлага хийх үедээ гэр бүлээ гэх сэтгэл, ханиа хүндлэх хүндлэл, гэр бүлийн нэгдмэл зорилго, бие биенээ сэтгэл зүрхээрээ хэрхэн дэмждэгийг өгүүлбэр бүрээс нь ойлгож мэдэрч, зарим үед сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байсныг нуух юун...

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. АНУ-д амьдраад багагүй хугацааг өнгөрүүлж буй учраас энэ бүхний эхлэлээс яриагаа эхлэе гэж бодлоо. Анх харь газар хөл гараа олох амаргүй байсан болов уу. Гэвч одоо бол тэр үеийг дурсах амттай байна байх...

-Өчүүхэн намайг энэ сайхан сэтгүүлийнхээ зочноор урьсанд баярлалаа. Миний үндсэн мэргэжил нягтлан. Гэвч одоо хувиараа аж ахуй эрхэлдэг. Миний ханийг Түвшинтөгс гэдэг. Бид гурван хүүхэдтэй. Хоёр том маань тусдаа гарцгаасан бага охин маань л бид хоёрын гараас арай гараагүй хамтдаа байна. Энд ирээд эхний жилүүдэд хүнд хэцүү, муухай гэж гололгүй хөдөлмөрлөснийх хүүхдүүддээ “Хүн хөдөлмөрлөж байж амиа тээх чадалтай явдаг юм” гэдгийг бат суулгаж өгсөндөө үнэхээр баяртай байдаг.
Хүний нутагт хоёр хүүхдээ хөтлөөд ирсэн бидэнд амьдрал амархан байгаагүй ээ. Хэл ус, оршин суух зөвшөөрлөөс эхлээд олон байхгүйг байлгах гэж зүтгэсэн он жилүүддээ маш их хайртай. Өглөө зургаан цагаас эхлээд л шөнийн бүрий болтол цэвэрлүүлэх айл бүрийг нарийн чамбай цэвэрлэдэг байлаа. Энд ирээд мэргэшсэн ганц зүйл маань цэвэрлэгээ. Монголдоо байхад өөрөө гэрээ цэвэрлэдэггүй л сайхан нөхөр байлаа шүү дээ. Гэхдээ би цэвэрлэгч хийгээд өдий хүрсэндээ хэнээс ч ичдэггүй, нуудаггүй харин ч бахархаж явдаг. Хөлсөө гаргаж цэмбийлгэчихээд гэрийн эзнээс цалингаа аваад гэр рүүгээ хурдалж явах чинь жаргал шүү дээ. Нэг онцлог нь энд хэн юуг хийж чадаж байна түүнийг нь үнэлдэг. Өдөрт 200-400 ам.долларын цалин авдаг гэвэл Монголд маань ч хийх хүн цөөнгүй л байгаа. Хамгийн гол нь би чин сэтгэлээсээ тэр айлыг цэмцийлгэдэг байсан болохоор хүмүүс нь ч мөнгөө харамгүй зарцуулдаг байсан. Энэ тухайгаа ярихаар сэтгэл сэргээд бараг ном бичмээр их юм болох байх ингэсгээд өндөрлөе.

-Та сошиалд гэр бүлээрээ дасгал хийж, ууланд гүйж байгаагаа нийтэлж эерэг энерги түгээдэг шүү. Анх яагаад гүйлт, адал явдалд дурлах болсноо хуваалцаач? 

Би багын л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Эрдэнэтийнхээ Баян-Өндөр хайрханд цэцэг жимс хөөж өссөн. Гүйх, ууланд дурлах болсон маань үүнтэй холбоотой гэж бодож байна. Харин энд ирээд эхэндээ юун уул ус манатай л ажилласан. 2012 онд нэг удаа хүнд өвдсөнөөс хойш ажлаа багасгаад дуртай зүйлсдээ цаг гаргах болсон. Ер нь хөдөлж байж л толгой маань зөв ажилладаг гэх үү дээ. Тэр сайхнаасаа сошиалд хүмүүстэй хуваалцсаар одоо намайг бараг тамирчин гэж хардаг болсон байна лээ. Угтаа бол би жирийн л нэг ээж, гэр бүлдээ хөдөлгөөний ач тусыг л хүртээх гэж хичээж яваа эмэгтэй хүн.

- Таныг Nomadic hiking club-г үүсгэн байгуулсан гэж сонсож байсан. Энэ клубийнхээ үйл ажиллагааны талаар ярихгүй юу? 

Тийм ээ, “Номадик Хайкинг” Клубийг 2013 онд хүү Оргил маань санаачилж хань маань эхлүүлсэн. Манай гэр бүл нэг нэгнээ онцгой дэмждэг. Дээр хэлсэн дээ, 2012 онд хүнд өвдсөний дараа хань маань ажлынхаа дараа надад гүйх цагийг байнга гаргаж өгдөг болсон. Бараг л одоо гар гээд хөөдөг байсан. /инээв/ Тэгээд л амралтын өдрөөр Түвшээг завгүй бол хүүтэйгээ ууланд алхана. Хүү минь найзуудтайгаа явмаар байдаг ч ээжийгээ орхиж чадахгүй. Тэгээд бидэнд “Та хоёр Монгол хүмүүстэй Монголоороо яриад ууланд алхвал гоё. Тийм хүсэлтэй найзууд руугаа яриад энэ хагас сайнаас алхаж эхэл. Би ч туслая. Тэгээд энийгээ бүр клуб болгочих” гэсэн. Ингээд анх 2013 оны гуравдугаар сарын 26-ны өдөр арвуулаа ууланд алхаж “Номадик клуб” эхэлж байлаа. Одоо бидэн шиг тогтмол үйл ажиллагаатай гэгээлэг хамт олон ер нь ховор доо. Маш их газраар хамтдаа аялж, ямар их баяр хөөрийг мэдрэв дээ. Цаашид ч бүр олон газраар явна гэж төлөвлөж байна. Одоо хоёр долоо хоногтоо нэг аялал хийдэг. Улиралдаа нэг уртын болон хүнд аялал, авиралт хийдэг. Жилд нэг удаа бүх нийтийн гүйлт зохион байгуулдаг. Нохой чарганы аялалд жил бүр тасралтгүй нэг хүнээ илгээдэг гээд хамт олныхоо амжилтуудаас яриад эхэлбэл нүд маань сэргээд, ярих юм мөн ч их байна даа.

-Уул, гүйлт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? 

Уул, гүйлт надад бодох бясалгах боломжийг өгдөг. Хань бид хоёр гүйж явахдаа эсвэл сайхан хайрханд алхаж явахдаа бодож сэтгэснээрээ амьдралынхаа шийдвэрүүдийг гаргасан байдаг. Тэр шийдвэрүүд илүү оновчтой байдаг. Тэгэхээр алхаж, гүйнэ гэдэг бол манай гэр бүлийн хувьд хоолноос ч чухал зүйл.

-Тэгвэл аяллаас та юу авдаг вэ? 

Аялал бол амьдралын олон санаа, санаачилгын эх үүсвэр юм даа.

-Таныг Монголын ард түмэн хойд туйлын нохой чарганы уралдаанд оролцсоноор тань илүү таньдаг болсон. Энэ уралдаан бол эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг. Анх энэ тэмцээнд оролцох зоригийг хэрхэн гаргасан бэ. Магадгүй таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу аялал байх тийм үү? 

Нохой чарганы аялалд оролцох эрх авах уралдаанд 2015 оны намар орсон. Энэ онлайн уралдаанд монголчууд маань намайг үнэхээр дэмжих шиг болж би ялж, эрх авсан. Манай монголчууд гайхалтай нэгдэж, надад боломж олгосонд би өдөр бүр талархан бодож явдаг.

Анх Цэрэн энэ аялалд явсныг та бүхэн мэдэж байгаа. Дараа жил нь Цэрэн “Миний явсан аяллын энэ жилийнх нь уралдаан эхлэх гэж байна. Уг нь, жил бүр нэг Монгол хүн явбал сайхан аа” хэмээн пост бичсэнийг уншаад дор нь “Ийм аялалд чам шиг л хүн явдаг байх” гээд бичсэн чинь Цэрэн “Битгий тэнэгтээд бай” (бусад хүмүүс муухай үг хэллээ гээд шуугиж байхад би жинхэнэ тэнэгтсэнээ ойлгосон) гэснийг уншаад шууд л “Би чадах юм байна” гэж ойлгосон. Гэвч өөртөө бүрэн дүүрэн итгэхгүй ханьдаа хэлтэл “Чи чадна ш дээ” гэж урам өгч, бид уралдаанд оролцохоор шийдсэн. Үр хүүхдүүд хамт олон, найз нөхдөөсөө тусламж гуйгаад л бэлтгэл ажилдаа орсон. Энэ аялал ганц миний ч биш олон хүний хувьд галзуу аялал шүү. Туйлын туяа харна, цасан цагаан талд зургаан нохой хөлөглөчихсөн цан татуулаад инээгээд давхиж явна гээд төсөөл дөө. Тэр бол гайхамшиг байсан.

-Шалгаруулалт сошиал санал хураалтаар шийдэгддэг. Шалгарснаа мэдэх хүртэл сэтгэл санаа ямар байсан бэ? 

Уралдаан 21 хоног болсон. Өдөр шөнөгүй дэлгэц ширтээд л хаана, хэн хэдэн саналтай байна, би яаж байна гээд л… ихэнх шөнө нойргүй хонож байсан. Хамгийн гоё нь эхний 14 өдөр би бүсдээ ч биш бүр дэлхий даяар түрүүлж явааг хүү маань хараад “Миний ээж дэлхийд тэргүүлж явна. Танд ямар олон хүн саналаа өгч, итгэж байна аа” гэж хэлсэн нь надад одоо ч санагддаг. Нэг тийм ээжээрээ бахархсан, ээждээ итгэсэн гоё харц. Нөгөө муу цэвэрлэгч чинь дэлхийд тэргүүлээд олон хүний итгэл хүлээгээд л. Орон нутгийн телевизүүд хүртэл сурвалжилга авсан. 

Дэмждэг гэр бүл, ард олонтой байхын жаргал намайг “Би энэ нутагт хар бор ажил хийж амьдрах гэж зүтгэж яваа” гэсэн дорой, буруу бодлоос минь бүтэн салгасан. Би өөрийнхөө зүтгэлээр өөрийгөө бүтээж, гэр бүлээ залахад нь ханьдаа баруун гар нь болж, хүүхдүүдийнхээ үлгэр авах гол хүн нь байх ёстой гэдгийг ойлгосон доо.

-Монголчууд таныг уралдаанд шалгаруулах гэж үнэхээр хичээсэн. Тэр үед танд юу бодогдож байсан бэ? 

Монголчууд маань намайг хэн гэдгийг ч мэдэхгүй, танихгүй мөртөө эрвийх дэрвийхээрээ тусалсан. Бүр огт танихгүй хүн утасдаад “Би одоо гарлаа. Дүүдээ санал цуглуулна аа” гээд л… Бүр үгээр илэрхийлэхийн аргагүй их хайр мэдрэгдсэн дээ.

- Сүүлийн жилүүдэд энэхүү уралдаанд залуус монгол болон АНУ-аас оролцох болсон. Гэвч эхэндээ манайхан дэмждэг байсан ч одоо бол “Энэ уралдаанд хувь хүнийг дэмжих ямар хэрэгтэй гэж. Өөрт нь л ашигтай юм биш үү” гэсэн сөрөг хандлага ажиглагдах болсон. Энэ уралдаанд АНУ-аас Монголоо төлөөлөн оролцох нь ямар давуу талтай вэ?

Сүүлийн жилүүдэд тийм хандлага их биш ч өссөн нь ажиглагдсан. Гэхдээ манай клубийг олон нийтийн эрүүл энх аж төрөх өөрөөр хэлбэл нийтийн биеийн тамирын төлөө хэрхэн тууштай явж залуусыг эрүүл амьдралын хэв маяг руу татаж байгааг мэдэрдэг учраас зөвийг хардаг хүмүүс дэмжсээр л байгаа. Мэдээж энэ аялалд аялагч бүр л явах сонирхолтой байдаг учраас шударга байх үүднээс клуб дотроо явах хүсэлтэй хүмүүсийн дунд уралдаан зарладаг. Аль нэг 14 мянгат буюу манайхаар бол далайн түвшинээс дээш 4000 метрийн өндөртэй оргилд гарах, клубийн зохион байгуулж байгаа ажилд идэвх санаачилгатай оролцох, жирийн хайкингт таслахгүй явах гэсэн гурван шалгуураар уралдаад ялагч тэмцээнд явах эрхтэй болдог. Жил бүр манай клубээс л шалгараад байхаар биднийг зөв ажиллаж байгааг анзаарсан Америк эмэгтэй ирээд “Танай клубийн гишүүн больё. Би энэ аялалд явах гэж удаа дараа оролдож байна. Харин дөрвөн жил танайхан ялалт авчихлаа” гэж байсан. Дөрвөн жил уралдаанд идэвхтэй оролцсоныг нь хараад шүүгчид тэр эмэгтэйг сонгож аялалд оролцуулсан. Би ч шүүгчид анхаарна уу гэж тодорхойлолт бичиж өгсөн. Энэ нь хүн аливаад өрсөлдсөн ч зөв сэтгэлтэй байх юм бол хэзээ нэгэн цагт хүсэл нь биелдэг гэдгийг харуулсан явдал болсон. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дээ. 

Уралдааны үеэр хүн рүү зүй бусаар дайрдаг, хор хутгадаг улсуудын талаар зохион байгуулах багт мэдээлэл өгч уралдааны ёс зүйд нийцэхгүй байгааг хэлж хасуулах ч тохиолдол гардаг. Манайхан дунд ч тийм зүйл ажиглагддаг. 

Энэ уралдаанд АНУ-аас оролцож байгаа ч гэлээ Монголын далбаагаа мандуулаад олон орны залуустай “Би Монгол хүн” гэж танилцдаг. Монголчууд хэдий цөөхөн ч нэг Монгол хүн энэ тэмцээнд оролцож байгаа нь эх орноо таниулах боломж гэж би үздэг. Үүнийг зөвхөн хувь хүн гэж харвал хувь хүнээс л Монгол Улс маань бүрэлдэнэ шүү дээ. Зургаан хоногийн турш хамт аялах хооронд нэг нэгнийхээ улсын талаар сонирхоно, аялах бол Монголыг сонгоно. Үгүй дээ л гэхэд дэлхийгээр тархсан монголчуудын маань хэн нэгэнд муу зүйл тохиолдлоо гэхэд аяллын Монгол найзтайгаа адилтгаад хамгийн түрүүнд гараа сунгана даа, тийм ээ. Энэ чинь л эргэх хорвоо шүү дээ. Мууг хийвэл тэр чинь эргээд өөрт ирнэ. Сайныг хийвэл тэр чинь эргээд л ирнэ.

-Хойд туйлд хийсэн аялал бол гайхамшиг байсан гэж та дээр хэлсэн. Тэр гайхамшгийн нэг хэсэг нь яалтчгүй зохион байгуулалт байх. Тухайн үед хамгийн сайхан санагдсан, одоо ч санаанаас гардаггүй зүйл юу байсан бэ?

Яг интернэтээр олон санал цуглуулахдаа уралдаж, аялалд оролцох эрх авна. Түүнээс нохой чаргаар бол уралддаггүй. Эрх авсан 30 гаруй хүн олон улсын том экспедиц болоод аялдаг. Үүнийг Шведийн Fjallraven хэмээх аяллын хувцас хэрэгслийн компаниас зохион байгуулдаг.

Миний хувьд хамгийн гоё агшин нь туйлын туяаг харсан мөч. Амьсгал авахаа ч мартан нам зогссон байдаг. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй гэрлийн бүжиг болдог юм билээ. Бас нэг онцлох зүйл нь, би 2016 оны аяллын хамгийн эхний аялагч нь болж гараанаас гарсан. Гарах команд аваад л гараанаас ухасхийсэн тэр мөчийг гүйлтийн эхлэл бүрдээ төсөөлдөг. Түүнийг хэзээ ч мартахгүй ээ.

-Энэ уралдаанд хэд хэдэн Монгол хүн оролцсон. Үүнээс Монгол хүний бусдаас ялгагдах онцлогийг юу гэж харж байсан бэ. Бидний бахархал юу байх ёстой гэж боддог вэ? 

За даа, надаас хойш явсан хүмүүс эртхэн очиж цагийн бүсэд зохицох, төрийн далбаагаа хэрхэн мандуулах гээд арга туршлагаасаа сайн хуваалцаж, туршлагажсаны дүнд бүгд амжилттай “Би Монгол хүн” гэдгээ илэрхийлж чадсан гэж боддог. Мэдээж “Би Монгол” гэчхээд аялалдаа арчаагүйтээд байж болохгүй л дээ. Энэ жирийн нэг аялал биш шүү дээ. Өдөр бүр 60-80 км туулж, хүйтэн цасан дунд өөрийгөө болон нохойгоо хооллож ундлаад, майхан саваа өөрөө барьж буулгаад, цасан шамарга, шуурга гээд байгалийн олон үзэгдэл дунд явна. Энэ бүхнийг хүний гар харахгүй хийчхэж чадахгүй үглэж дуулаад явбал Монгол хүний үнэлэмж хэр байх уу. Тиймээс эндээс явсан клубийнхээ залууст өндөр шаардлага тавьдаг. Тэр нь ч дээр. Чадахгүй, бие хаа нь өвдвөл зохион байгуулагч тал аяллыг нь цуцалчихдаг. Жил бүр л аяллын дундаас буцсан тохиолдол гардаг. Гэвч одоогоор нэг ч Монгол хүн замаасаа буцах нь байтугай дандаа замаа амжилттай дуусгаж бас аяллын экспедицийнхээ гол дүрд тоглосон нь харагддаг. Би ч түүгээр нь бахархаж суудаг. 

Өмнө явсан хүмүүс туршлагаасаа сайн хуваалцсан, тэгээд ч ууланд явдаг улс чинь өөрийгөө ялсан байдаг, өөрийгөө ялчихсан хүн хэрийн юманд бохирдоггүйг гадарладаг болохоор залуусаа сайн үлгэр дууриал үзүүлж, нэг ч гэсэн хүнд Монголын талаар сайны үр суулгаад ирсэн гэдэгт бат итгэлтэй байдаг.

Одоогоор тус аялалд таван Монгол хүн оролцсон байна. Хоёр Монгол хүн оролцох эрхээ авсан ч цагийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны аялал цуцлагдсан. Гэхдээ нөхөж явуулна гэсэн тул хүлээж байгаа. Бүгдийг юу гэж дүгнэснийг би сайн мэдэхгүй ч намайг очиход “Монгол эмэгтэйчүүд ийм гоё том том цагаан шүдтэй юу өнгөрсөн жил Цэрэн гэж яг чам шиг том цагаан шүдтэй инээсэн эмэгтэй ирсэн” хэмээн зохион байгуулагч нар хэлж байсан. Би ч бас л аялал гэхээр ангайтал инээнэ шүү дээ. /инээв/

-Та хэд хэдэн удаа надаас хойш явсан хүмүүст туршлагаасаа хуваалцдаг гэж хэллээ. Энэ уралдаанаас суралцсан хамгийн том сургамж юу байсан бэ? 

Авч явсан далбаагаа онгоцны ачаанд өгчихсөн чинь ачаа төөрөөд явчихсан. Далбаагүй аялалд гараад бага дуусах алдад далбаа маань араас ирсэн. Монгол түмэндээ “Далбаа мандуулна аа” гэж санал гуйж авчихсан болохоор “Одоо яана аа” гээд өөрт байсан жижиг далбаа бүрээ хувцсан дээрээ наасан. Ингэснээр Монголын далбаа маань бүх зураг, бичлэг зэрэгт орж, би хэлсэн амандаа хүрсэн ч яг зохион байгуулагч нарын зорилго болох хувцас хэрэгслээ биднээр дамжуулан рекламдахад нь маш том саад болсон юм байна лээ. Аяллаа яг дуусгах үед экспедицийн зурагчин залуу зургийг минь дарчхаад надад харуулаад их л эвтэйхнээр тайлбарласан. Тэгэхэд өөрийнхөө бодол, өөрийн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж бусдыг анзааралгүй муухай зан гаргаснаа ойлгосон. Хаалтын үйл ажиллагаан дээр өөрийн болон клубийн танилцуулгаа хийж уучлал хүсээд “Ирэх жилүүдэд клубийнхээ залуусын мөрөөдлийн аялалд туслах бас санал авсан хүмүүст хэлсэн амлалтдаа хүрэх гэж ийм зүйл хийсэн” гэдгээ тайлбарласан. Тэд ч сайн ойлгосон. Хүний орчлонд ярьж хөөрч байж л нэг нэгнээ ойлгодгийн илрэл энэ биз ээ. Том сургамж гэвэл энэ юм даа.

-Энэ жил монголчууд дотооддоо их аяллаа. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бид юуг илүү анхаарвал зүгээр гэж бодож байна вэ? 

Дотоодын аялал маш их хэрэгтэй санагддаг. Ялангуяа гадаадад олон жил болсон бидэнд гэхэд л эх орондоо очиж үзээгүй газар нутаг маш их байгааг одоо л анзаарч байна.
Бүр дунд сургуулийн сурагчдад эх орноо танилцуулах аялал зохион байгуулж, газар орноо үзүүлбэл маш хэрэгтэй санагддаг. Манай Монгол орон чинь гайхамшигтай үзэсгэлэн төгөлдөр өргөн уудам нутаг шүү дээ. Хамгийн гол нь жуулчид, аялагчдад тавтай тухтай, найдвартай үйлчилгээ үзүүлдэг бол олон хүн сонирхох нь зайлшгүй дээ.

- Таны амьдарч байгаа газарт дотоодын аялал жуулчлалыг ямар стандартаар, хэрхэн ээлтэй хөгжүүлж байна вэ. Эдгээр туршлагаас эх орондоо аваад ирчих юмсан гэсэн зүйл байдаг уу?  

Байгалийн үзэсгэлэнт газруудаа улс муж нь хамгаалалтдаа аваад, тохижуулж, бие засах газар, явган аялах жим зэргийг хийсэн байдаг. Харин түүнийгээ тордох мөнгөө жуулчдаасаа хураамж хэлбэрээр авчихдаг. Хүн бүр ухамсраараа мөнгөө төлж байгаа нь ч их таалагддаг. Орох хаалган дээр “Ийшээ мөнгөө хийнэ үү” гэсэн хайрцаг тавьчихсан, хүн мөнгө нэхээд зогсоод байхгүй ч хүн бүр л мөнгөө төлөөд үйлчилгээгээ авч байгаа нь бүр ч их таалагддаг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн сайхан бодолтой хүн олон байгаа санагддаг даа. Монголд байгальд аялахад тав тухтай байгальд ээлтэй бие засах газар дутагдалтай санагддаг. Бас явган аяллаар явж байгаа хүмүүс нэг л жимээр явж сурах нь чухал санагддаг.

-Манай сэтгүүлийн энэ удаагийн дугаар өвлийн улиралд гарч буй учраас өвлийн аяллын талаар илүү ярилцъя гэж бодож байна л даа. Та Монголд өвлийн аялал жуулчлал хэр хөгжих боломжтой гэж боддог вэ? 

Би хувьдаа өвлийн аялал жуулчлал манай улсад хөгжих ёстой зүйл, нэг боломж гэж хардаг. Өвлийн аялалд дуртай, цас малтаад тухлах байр бэлдэж, майханд хонож явдаг над шиг хүн олон байгаа гэдэгт итгэдэг. Зөв хөгжүүлбэл олон жуулчин татна даа, манайх. Жишээ нь, өвлийн морин чарганы аялал байна. Гэр бүлээрээ чаргаар аялах хүсэлтэй хүмүүс дотоодод маань ч их бий дээ.

-Өвлийн аялал хөгжсөн орнуудтай бид өрсөлдөх бололцоо бий гэж хардаг уу. Жишээ нь, Монголд Fjallraven Polar шиг том эвент хийх боломжтой болов уу. Иймэрхүү том эвент хийхэд бидэнд байгаа давуу тал болон сул талыг юу гэж харж байна вэ? 

Ёстой боломж их байгаа санагддаг. Ганцхан зүйл дээр санаа зовж байна. Шинэ үйл ажиллагаа санаачлаад, хийх зөвшөөрөл энэ тэр авахад төрийн байгууллагуудын хүнд суртал л үнэн боомилохоор харагддаг. Түүнээс Fjallraven-ий нохой чарга байтугайг хийх хүсэлтэй, чадалтай залуус бий гэж бодож байна. Монголд маань зохиогддог өвлийн экстрим аяллыг ихэнхдээ гадаадын компани хийж байгааг анзаарсан. Жишээ нь, Хөвсгөлд болдог нууран дээрх гүйлтийн уралдааны зөвхөн хураамж нь 3500 ам.доллар юм билээ. Үүнийг гадаадын нэг компани зохион байгуулдаг. Тэгэхээр бидний өргөн дэлгэр нутгийг гадны компаниуд л хэрэглээд байх шиг… Мэдээж энэ компаниуд даатгалаас эхлээд найдвартай системтэй байх л даа. Гэсэн ч яагаад бид өөрсдөө ийм юм сэтгэж, бодож, хийж болохгүй гэж. Мэдээж элдэв төрийн байгууллагуудын дарамт шахалтгүй бол шүү дээ.

-Бидний уламжлал болсон нэг асуулт байдаг. Монголынхоо талаар сонссон хамгийн гоё үг юу вэ. Мөн хэзээ хамгийн ихээр Монгол хүн гэдгээрээ бахархсан бэ?

Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл аль 1994 онд Шведэд явж байхад төрсөн юм байна. Харин Монголынхоо талаар сонссон хамгийн гоё зүйл гэвэл, өндөр уулан дээр гараад далбаагаа мандуулж байхад “Танай улсын далбаа үнэн цоглог, гоё харагдаж байна” гэхийг сонсоод бид чинь мандуулах далбаатай, тусгаар улс юм даа хэмээн цээж дүүрээд ирсэн. 

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын үйл хэрэгт амжилт хүсье. 

Та бүхэндээ бас баярлалаа. Сайхан сэтгүүлийн зочноор уригдаж ярилцахад сайхан байлаа. Та нартаа ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн