И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Аялал жуулчлалын компаниудад төр засгийн зүгээс тодорхой боловсруулсан бодлого, чиглэл нэн чухал хэрэгтэй байна.

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 28

Eyeland Travel компаний ерөнхий менежер Б.Саруултай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

А: Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулна уу?

Х: Сайн байна уу? Намайг Б.Саруул гэдэг. Айланд Трэйвел ХХК /Eyeland travel Co.,LTD/-ний ерөнхий менежерээр ажилладаг. Аялал жуулчлалын салбарт франц, англи хэлний хөтөч тайлбарлагчаас ажлын гараагаа эхэлж байсан бол одоо тус салбар ажиллаад 13 жил болж байна.

А: Айланд Трэйвел компаний талаар товч танилцуулбал?

Х: Манай компани нь 2017 онд АУТБАУНД буюу монгол жуулчдыг гадагш нь аялуулах зорилготойгоор анх байгуулагдсан. 2019 оноос эхлэн ИНБАУНД буюу гадаадын жуулчдыг монголд аялуулах ажлыг эхлүүлээд явж байгаа шинэ залуу баг хамт олныг бүрдүүлсэн байгууллага юм.

А: Энэ удаа Outbound буюу гадагшаа монголчуудыг аялуулах талаар нь илүү түлхүү ярилцая гэж бодож байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монголд хэр олон байдаг бэ? Хоорондоо юугаараа ялгардаг вэ?

Х: Энэ төрлийн байгууллагууд нилээн олон байдаг. Монголд албан ёсны бүртгэлтэй, тусгай зөвшөөрөл гэрчилгээ авсан аутбаунд компани 300 гаруй байдаг. Гэхдээ гэрчилгээгүй бүртгэлгүй маш олон байгууллага байдаг. Тийм болохоор яг албан ёсны тоо гаргахад хүндрэлтэй байдаг. Одоогийн байдлаар Монголын аутбаунд компаниудын аялал ерөнхийдөө ижилхэн масст чиглэсэн, адал явдалт, эскстрим биш leisure буюу амралт зугаалгын аялал голчилдог. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын компаниуд 4,5-аараа нийлэн ижил төрлийн хөтөлбөр гарган хүмүүсээ нийлүүлэн, нислэгийн компаниудтай гэрээ байгуулан шууд нислэг үйлдэн аялуулах нь ихэсч байгаа.

А: Ихэнх байгууллагууд ижил төрлийн бүтээгдэхүүн гаргадаг гэж байна. Тэгвэл танай байгууллагын үндсэн бренд аялал ямар аялал байдаг вэ? Юугаараа онцлог вэ?

Х: Манай байгууллагын хувьд ижил төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа байгууллагуудаасаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгарч, өөр төрлийн аялал гаргая гэж анхнаасаа зорьсон. Мэдээж энгийн аяллуудыг зохион байгуулдаг хэдий ч илүү түүхийн болон байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газрууд руу аялуулах шинэ бүтээгдэхүүнүүдээ бренд аяллыг бий болгон ажиллаж байна. Эдгээрээс дурдвал дэлхийн эртний 7 гайхамшигийн нэг Иорданы Петра, Монголдоо хамгийн анх удаагаа Антарктидын аялал зарласан, Өмнөд Америкийн Амазоны ширэнгэн ойн аялал гэх мэт хүн тэр бүр сонирхоогүй, хараахан ороогүй байгаа аяллуудыг зарлаж эхэлсэн байгаа. Эдгээр аяллуудыг ямар төрлийн хүмүүс сонирхож байна вэ гэхээр аяллын туршлагатай, нилээн олон орноор аялачихсан, comfort буюу тавтай тухтай аяллыг эрэлхийлэхээс илүү байгальтайгаа ойр, шинэ содон зүйлийг сурах гэсэн, бусад улсуудын ёс заншлыг гүнд нь орж судалж мэдэх гэсэн, ахисан түвшний аялагч хүмүүс байдаг.

А: Анх удаагаа Монгол компани эртний гайхамшигт Петра руу явуулдаг гэж сонслоо их сонирхолтой санагдлаа. Ер нь монгол хүмүүс аяллаа төлөвлөхдөө хэдий хэр хугацааг зарцуулдаг вэ? Хэдэн сарын өмнөөс захиалгаа өгдөг вэ?

Х: Манай монголчууд нилээн тулгаж захиалдаг. Гадаадын хүмүүс бол багадаа 6 сар, тэгээд 1-2 жилийн өмнөөс аяллаа захиалдаг бол манай байгууллага дээр ирж байгаа аялагчид 1-2 сарын өмнө, зарим нь бол маргааш явъя ч гэж ярьдаг. Дундаж нь 1 сар л гэж бодож байна.

А: Анзаарч байхад Монгол хүмүүсийн аялах зорилго арай өөр байгаад байх шиг. Та монголчуудын аялах чиг хандлага ямар байна гэж боддог вэ?

Х: Монголчуудын хувьд их өвөрмөц үзэл бодолтой хүмүүс байдаг. Бид нар бүгд мэдэж байгаа бид гадагшаа аялсан тохиолдолд бүгд л дэлгүүр хэсдэг. Шоппинг буюу дэлгүүр хэсэх 1-2 өдрийг гаргаж өгөхгүй бол аяллын бүтээгдэхүүн, аялалдаа сэтгэл хангалуун байдал маш их буураад ирдэг. Тиймээс дэлгүүр хэсэх бол номер 1 зорилго нь байдаг гэж хэлж болно. Өмнөх жилүүдэд түүхийн дурсгалт зүйлүүд үзэх, музейгээр орох нь бага байсан ч сүүлийн жилүүдэд хандлага нь нилээн өөрчлөгдөж хөтөлбөрт орсон зүйлсээ заавал үзэх ёстой, хөтөч тайлбарлагчтай явъя, тайлбарлуулаад мэдчихье гэдэг болсон. Гэхдээ л leisure буюу амралтын аяллыг түлхүү сонирхдог, адал явдалт аяллыг тун бага сонирхдог.    

А: Аялах хандлага нилээн өөрчлөгдөж байгаа ч масс нь хэвээрээ байгаа юм байна?

Х: Энэнд цаг хугацаа хэрэгтэй гэж бодож байна. 3,4 жилийн дараа гэхэд бүх хүн музейгээр нь ордог, судалдаг, төлөвлөдөг болон өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

А: Саяхны нэг судалгаа харж байхад Монголчууд гадаадад аялахдаа 615 сая долларыг зарцуулж байна гэсэн судалгаа байна. Энэ хэр бодитой тоо вэ?

Х: Энэ тооцооллыг яг монголоос гадагшаа явсан хэдэн аялагч дээр хийсэн болохыг мэдэхгүй байна. Гэхдээ яг аяллын бүтээгдэхүүндээ 2-3 сая төгрөгийг зарцуулаад төдий хэмжээний мөнгийг халаасны мөнгө болгон авч явдаг. Тийм болохоор гадагшаа валютын урсгал нилээн байгаа байх гэж бодож байна.

А: Танай байгууллага өөрсдийн аялж буй жуулчдаасаа хэдэн төгрөг зарцуулдаг талаар судалгаа хийж байсан болов уу?

Х: Тэгэлгүй яахав. Бидний жилийн ажил нарийн төлөвлөгөөн дор явагддаг. Тухайн хүмүүсийн халаасны мөнгийг нарийн тооцож үзээгүй ч багц аялалдаа зарцуулж байгаа үнийн дүн дундажаар 1,8 сая төгрөг байсан. Энэнд Манжуур, Байгаль нуур гэх мэт ойрын аяллууд зонхилоогүй арай холын, тусгайлсан аяллууд орсон байгаа учир харьцангуй өндөр гарсан байж магадгүй. Хэрвээ ойрын аялал гаргадаг бол энэ дүн харьцангуй багасах байх.

А: Аутбаунд хийж байгаа байгууллагуудын хувьд зах зээл харьцангуй жижигхэн гэж боддог. Аутбаунд эрхэлдэг байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой гэж үздэг вэ

Х: Сүүлийн жилүүдэд байгууллагууд маш сайн хамтарч ажиллаж эхэлж байгаа. Ихэнх газрууд бие биенээ дэмжих, адилхан аялал гаргадаг газрууд нэг компани нь хүн нь бүрдэхгүй бол аль олон хүнтэй байгууллага руугаа хүнээ өгөх гэх мэтээр хамтарч байна. Дан онгоц гэлтгүй, машин, автобусаа хувааж байна. Хөтөч нь, хөтөлбөр нь дундаа нэг болж байна. Гэхмэтчилэн, зардлуудаа хуваагаад эхэлсэн. Эдгээр байгууллагууд нь юугаараа нэгдээд байна вэ? гэвэл ижил төрлийн, нэг хугацаанд, нэг чиглэлийн аялал зарлачихсан компаниуд хоорондоо нэгдээд явж байгаа нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд ажиглагдаж байгаа. Аль  аль талдаа зардлаа хуваалцах нь ашигтай гэдгийг байгууллагууд ойлгоод ажиллаад эхэлчихсэн байгаа.

А: Аутбаунд компаниудын байдал энэ цар тахлын үед хэр хэцүү байна вэ? Энэ хариуцлагатай үед бид аялах зан төлөвдөө хэрхэн өөрчлөлт гаргах ёстой гэж бодож байна вэ?

Х: Аутбаундын компаниудын хувьд жинхэнэ 0 зогсолт хийгээд байна. Гадагшаа нислэг , галт тэрэг гээд урсгал байхгүй учир аялал зохион байгуулах ямар ч боломжгүй байгаа. Энэ цар тахлын үед монголчуудын сэтгэхүй нилээн өөрчлөгдөх хандлагатай байгаа нь харагдаж байна. Жишээ нь: үүргэвчээ үүрээд, онгоцоо өөрөө захиалаад явахаас илүүтэйгээр мэргэжлийн байгууллагаар аялах нь илүү найдвартай юм байна гэсэн ойлголтыг авах болов уу гэж найдаж байна. Үүргэвчээ үүрээд аялах нь мэдээж сонирхолтой гэхдээ мэргэжлийн байгууллагаар аялах нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг учир хүмүүс энэ тал дээр анхаарч эхэлж байна.

А: Өөрийн чинь хэлснээр залуу хүмүүс буудал, нислэгээ өөрөө захиалаад, үүргэвчээ үүрээд бие даасан аялахыг илүүлд үздэг. Тэгвэл дундажаар хэдий хэр насны хүмүүс аутбаунд байгууллагаар аялдаг вэ?

Өнгөрсөн жил бид нарын гаргасан судалгаагаар 30-с дээш насны аялал жуулчлалын компаниар аялж байгаа нь харагдаж байгаа. Залуучуудын хувьд аялал хөтөлбөрт шахагдалгүй өөрсдөө аяллаа төлөвлөөд явъя гэсэн үзэл баримтлалтай байдаг. Гэхдээ найз нөхдөөрөө, гэр бүлээрээ нэг групп болчихсон тохиолдолд аяллын байгууллагад хандалгүй яахав.

 

А: Цар тахал дууссаны дараа иргэдийн аялах хандлага хэр өөрчлөгдөх бол?Covid 19 дууссаны дараа хэсэгтээ аялахаа азнах болов уу? Эсвэл хорио тавигдлаа гээд нүүдэлчин зангаараа шууд аялаад эхлэх болов уу?

Х: Энийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ харилцагч нартайгаа байнгын холбоотой байгаа. Харилцагч нарын байдлаас үзэхэд холын чиглэлийн аяллууд тэр бүр гарахгүй болов уу гэж харагдаж байгаа. Ойрын зүүн өмнөд Тайланд, хятад, Хонгконг гэх мэт Азийн орнуудад л Монголчууд маань аялах болов уу гэсэн таамаг байна.

А: Энэ жил дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж Монголчууд эх орноороо илүүтэй аялна гэж яригдаж байгууллагууд ч бэлтгэлээ хангаж байна. Та бүхэн үүнийг хэрхэн харж байна вэ? Дотоодын аялал хэр эрчимтэй хөгжих бол?

Х: Дэлхийн олон оронд яг одоо энэ жилийн хувьд дараа жил ч гэсэн энэ цар тахал бидэнд юу сургаж байна вэ? гэвэл дэлхий даяараа дотооддоо аялъя гэсэн ойлголтыг өгч байна. Монголын хувьд ч ижилхэн үзэл бодолтой байгаа байх гэж бодож байна. Манай монголд ямар үзэсгэлэнтэй газрууд байдаг билээ гээд иргэд маань монголдоо аялахыг илүүд үзэж байгаа байх. Өмнөх жилүүдэд холын аяллуудыг хийх гэхээр өөрсдөө унаа машины боломжгүй байгаад аяллын байгууллагаар явах уу яах уу? Шийдэж чадахгүй тээнэгэлздэг байсан бол энэ жил зоригтой явах байх гэж бодож байна. Гэхдээ аяллын байгууллагаар үйлчлүүлэхийн, хөтөчтэй явахын, аюулгүй байдлаа хангаж аялахын давуу тал нь байдаг вэ? гэдгийг аялал жуулчлалын байгууллагууд өөрсдөө иргэдэд мэдрүүлж, сурталчилах ёстой гэж бодож байна. Дотоодын аялал дээр иргэд маань мэргэжлийн байгууллаагаар аялахын давуу талыг хараахан ойлгоогүй мэдрээгүй байгаа. Энэ нь иргэдийн дотооддоо аялах сэдлийг төрүүлэх, гоё сайхан талыг нь бага урталчилж, мэдээлэл хомс байснаас болсон байх л даа. Энэ жил харин ч бидэнд иргэддээ төлөвлөж аялъя, аюулгүй байдлыг эрхэмлэе, мэргэжлийн байгууллагаар аялъя гэдэг мэдээллийг нийтээр нь хүргэх нэгэн том боломжийг олгож байгаа юм болов уу гэж бодож байна.

А: Өмнөх асуулттай уялдуулаад асуухад аутбаунд компаниуд тэр бүр дотоодын аялал хийж харагдахгүй байна л даа. Тэгэхээр эдгээр байгууллагууд хэрхэн тэсч үлдэх ямар стратеги барьж байгаа вэ?

Х: Яг  тодорхой баримталж байгаа стратеги гэхээр хэцүү л байна. Мэдээж улсаас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж байна. НДШ-г 6 сарын хугацаанд улсаас төлөхөөр болсон, 200,000 төгрөг ажиллаж байгаа хүмүүст олгоно гэж яригдаад яваад байгаа ч энэнээс өөрөөр дэмжлэг туслалцаа гэдэг зүйл байхгүй байгаа. Тэгэхээр ажлын байрыг хадгалж үлдэнэ гэдэг нь маш хэцүү болоод байгаа. Хэзээ энэ цар тахал зогсох нь тодорхой болчихвол хонгилын үзүүрт гэрэл харагдаад, ажилтнуудаа байлгаад байх боломжтой байгаа ч яг одоогийнх шиг нөхцөл байдлаар удаан хугацаанд хүний нөөцөө хадгалж үлдэнэ гэдэг их хэцүү байдалтай байна. Тиймээс төр засгаас болон аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, холбоодууд хүчээ нэгтгэн энэ салбарын олон мянган хүнийг хэрхэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлчихгүй байх вэ? гэдэг дээр анхаарах тал талын бодлого төлөвлөгөө л  хэрэгтэй гэж бодож байна.  

А: Та бүхэн Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг Улаанбаатар Травел Экспог анхнаасаа дэмжин ажиллаж ирсэн байгууллага. Аялагчдын хандлага, төлөвлөлтөнд АЖ-н үзэсгэлэн хэр нөлөөлдөг гэж боддог вэ?

Х: Бид нарын харж байгаагаар Монголчууд харьцангуй төлөвлөлттэй аялах нь ихэсч байгаа юм болов уу? Олон эх сурвалжаар хаашаа аялах вэ? гэдгээ түүж сонсолгүйгээр нэг дороос бүх мэдээллээ авна гэдэг манай хэрэглэгчдийн хувьд маш давуу талтай юм. Сүүлийн жилүүдэд монголчууд маань тэрийг сайн ойлгож байгаа учир үзэсгэлэнгийн үеэр дараагийн аяллын тренд, сонирхол татсан улс хаашаа байна, бид нар яаж аялбал зүгээр вэ? гэх мэт харьцуулалтуудыг энэхүү үзэсгэлэнгийн үеэр хийж чаддаг. Олон компаний аяллын хөтөлбөрүүд, шинэ шинэ чиглэлүүдийг үзэсгэлэнгээс ирж сонирхдог, бааз, буудлууд, шинэ газруудын мэдээ мэдээллийг авч болдог учир үзэсгэлэн маш их давуу талтай.

А:Энэ хүнд хэцүү цаг үед бусад орнуудаас давуу талтай нь монголчууд дотооддоо корона вирусыг алдаагүй гэдгээрээ дотооддоо аялах боломж нь нээлттэй харин ч их азтай байна. Хил нээгдчихвэл удахгүй гадагшаа аялах бололцоо нь ч нээгдчихнэ. Тиймээс гадаад, дотоодоо аялж буй иргэддээ хандан ямар уриалга гаргах вэ?

Х: Зөв уриалга их яригдаж байна. Үүнийг залуучууд, хүүхдүүд маань ч их дэмжиж байна. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа зүйл бол гадаадад ч бай монголдоо ч аялсан бай “усыг нь уувал ёсыг нь дага” гэдэгчлэн байгаль дэлхийгээ хайрлан хог хаягдалгүй аялах дадал зуршил суулгая, аливаа нэг газрын үүх түүх, онцлогийг тайлбартайгаар хүлээж авбал маш зөв байдаг. Аялал жуулчлалын байгууллагаар аялсан ч бай, үгүй ч бай тухайн газрынхаа онцлогийг мэргэжлийн хөтөч тайлбарлагчаар тайлбарлуулан мэдээллээ бүрэн дүүрэн, гүйцэд судлан, үнэн зөв мэдээлэлтэй болох нь маш чухал гэдгийг олон жил аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаагийн хувьд зөвлөх байна.

А:Ярилцсанд баярлалаа

Х: Баярлалаа

Сүүлд шинэчлэгдсэн