И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоо

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 20

2019 онд дахин боловсруулсан 300.000 тонн хогны талаас илүү хувийг хог түүгч иргэд цуглуулсан

Эртлэн босож салхивчаа нээн өглөөний сэнгэнэсэн агаар амьсгалаад зогсож байтал хог түүдэг хүмүүс зэргэлдээ орцны бункераас ундаа, усны хуванцар савнуудыг ялгаж харагдана. Өмнө нь би энэ хүмүүсийг нийгмийн орхигдсон хэсэг, архичид гээд тоомжиргүй өнгөрдөг байлаа. Цэнд гэдэг ахимаг насны эмэгтэйтэй ярилцахаасаа өмнө шүү дээ... Одоо бол бодол минь нэгэнт өөрчлөгджээ. 

Цэнд эгч, хүмүүсийн холиод хаясан хогноос дахиж ашиглаж болохыг нь ялгаж түүгээд цэгүүдэд тушаадаг билээ. Тэрээр дунд сургуулийн нэг хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Зах зээлийн нийгэмд шилжих үед нөхөртэйгөө найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж боломжийн амьдардаг байсан гэсэн.  Гэтэл нэг шөнө дэлгүүрт нь гал гарч хайртай хань нь бас дэлгүүр нь ч галд үрэгджээ. Амьдралыг зүхэн архи ууж зовлонгоо түр ч гэсэн мартмаар санагдавч торойтол харах үрээ бодоод уруудах эрхгүй гэдгээ голдоо ортол ойлгон зүтгэж эхэлжээ. Олон ч ажил хийсэн юм билээ. Гэсэн ч цаг ихтэй, цалин бага байжээ. Хамгийн гол нь ганц үрдээ санаа тавьж чадахгүй байсан тул ажлаасаа гараад, гудамж талбай дүүрэн байх дахиж ашигладаг хуванцар сав болон бусад дахиваруудыг түүж, цэгт тушаан амьдралаа залгуулах болсон байна. Ийм ажил хийж байгаадаа гутардаг уу? гэж асуухад минь:

-Телевиз, сонингоор хуванцар савнууд, шил, лааз, гялгар уут хөрсөнд булагдахаараа задардаггүй, асар хор хөнөөлтэй гэх юм байна лээ. Хөрсөнд булагдахаас нь  өмнө дахин боловсруулах үйлдвэрт тушааж байгаагаа буянтай ажил гэж бодох болсон гэсэн билээ. Тиймээ та бол буянтан. 

Монгол улсын хэмжээнд дахин боловсруулах боломжтой хогийг ялгаж түүдэг хорин мянга гаруй хүн байдаг. Гялгар уут, хуванцар, төмөр, лааз, машины дугуй зэргийг дахин боловсруулдаг 29 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны байдлаар  300,000 тонн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж үйлдвэрийн түүхий эд болгосноор нийт хог хаягдлын 13%-ийг дахин боловсруулсан тухай БОАЖЯ-аас мэдээлж байна. 300 мян тонн дахивар түүхий эдийн талаас илүү хувийг хог түүгч иргэд бүрдүүлжээ. 2017 онд нийслэлийн хот тохижуулах газраас хог ангилах сав тодорхой байрлалуудад тавьсан нь нөлөө үзүүлсэн гэж тайланд дурдсан байна. Өнгөрсөн онд БОАЖЯ-аас найман аймагт хуванцар, лаазыг шахаж овор хэмжээг багасгадаг прэссний машин олгосон.  Эдгээр машины ач тусыг нутгийн удирдлагууд бүрэн ойлгож, ажиллуулж, ашиглаж чадвал  орон нутгийн  хогны хэмжээ буурах боломжтой. Түүнчлэн дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй талаар үйлдвэрлэгчид ярьдаг. Тухайлбал хатуу хуванцрыг хайлуулан сантехник, цахилгаан утасны бүрээс үйлдвэрлэдэг компани дотоодоос цуглуулсан хаягдал хуванцраас үйлдвэрлэлийн түүхий эдийнхээ дөнгөж 30%-ыг үлдсэн 70%-ийг Хятад, Солонгосоос импортолдог байна. Хоёрдогч түүхий эд үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа төрийн зохицуулалт бодлогоор эдийн засгийн урамшуулал олгох, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэлгүй үйлдвэрүүдийг өрсөлдөөний зарчмаар байр сууриа олно гээд зөнд нь орхивол энэ салбар өндийн хөгжих боломжгүй гэдгийг нөхцөл байдал тод харуулж байна. Энэ салбарт хөрөнгө оруулах, менежментийг шинэчлэх  хүсэл сонирхол үе үеийн шийдвэр гаргагч нарт төдийлөн байсангүй. Урт хугацаанд, тогтвортой, иргэдтэй тулж ажиллаж байж хог хаягдлын салбарт ахиц гарна. Тиймээс иргэд нь хогоо ангилж хаядаг, төр засаг нь ангилсан хогийг тус тусад нь тээвэрлээд үйлдвэрүүддээ хүргэж өгдөг, тэдний бүтээгдэхүүн эргээд зах зээлдээ нэмэгтэй байх энэ л тойргийг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. 

                                                        “Хоггүй Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Булган

                                                                     “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”

 ----ooo----

Сүүлд шинэчлэгдсэн