И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Цахим үзэсгэлэн зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 19

Монголын аялал жуулчлал зах зээлийн нийгэм эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлүүдийн нуруун дээр тэдний чөлөөт өрсөлдөөний дүнд хөгжиж ирсэн салбар билээ. Монгол улс бол гадныхны нүдээр газрын баялаг ихтэй, хүн ам тааруу суурьшсан, дэлхий дээр цөөхөн үлдсэн нүүдэлчдийн өлгий мөн амьдралдаа заавал очиж үзэх газруудын нэг юм. Манай улсын аялал жуулчлалын гол нөөц нь хүний хөл хүрээгүй онгон дагшин байгаль, өвөрмөц ёс заншил, түүх соёл ба гадаад валютыг татдаг, МУ-н засгийн газраас зарласан эдийн засгийн тулгуур 3 салбарын нэг тул бид энэ салбарыг улам эрчтэй, алсын хараатай цогц бодлоготойгоор хөгжүүлж, дэлхийд өрсөлдөх ялгарлыг бий болгох шаардлага улам бүр урган гарч байна.

 

2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч түүний үр нөлөөгөөр бүхий л бизнесүүд тэр дундаа аялал жуулчлалын салбар маш их нэрвэгдэж, бизнесүүд нь бүрэн зогсолт хийн дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарын 75.2 сая хүн, Ази Номхон далайн орнууд хамгийн ихээр буюу 48,7 сая хүн ажилгүй болох магадлалтай байна. Манай улсын хувьд тус салбарын 54,000 хүн ажил орлогогүй болж, цомхтголд орон, зарим нэг байгууллага нь хаалгаа барихад хүрээд байна. Эдгээр хүмүүс нь аялал жуулчлалын шууд салбарууд болох инбаунд тур оператор (гадаадын иргэдийг монголд аялуулдаг), аутбаунд тур оператор (гадагшаа монголчуудыг аялуулдаг), авиа компани, билетийн касс, ресторан, гэр бааз, зочид буудал, хөтөч орчуулагч, жолооч гэх мэт хүмүүс юм. Аялал жуулчлал шууд ба шууд бусаар үр өгөөжөө өгдөг хамгийн багадаа 13 салбар буй бөгөөд виза мэдүүлэхээс эхлээд татагдан оролцдог 30 гаруй салбар байдаг ч гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид аялал жуулчлал гэхээр аль нэг хэлний хөтөч, аль нэг газар байрлах гэр бааз гэж л ойлголтоос салж аялал жуулчлалаас олж авах үр өгөөжийг атган улс орны хөгжилд нэмэр болох нь зүйн хэрэг юм. 

Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагч, жуулчдын тоо тодорхой хэмжээгээр өсч, тэр дундаа дотоодын аялагчид улам эрчтэй нэмэгдэн, аялах төрөл хэлбэр нь улам нарийсч, төрөлжиж байгаа нь сайшаалтай. 

Зам тээвэр, дэд бүтэц сайжирсантай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал мөн эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь 2018 онд Өмнөговь аймгийн Говь гурван сайхан байгалийн цогцолборт газарт байрлах Ёлын аманд нийт 40 гаруй мянган хүн хураамж төлж орсноос 88% нь дотоодын аялагчид байжээ. Үүнтэй ижил тоо баримтыг Хөвсгөл нуур, үндэсний аялал жуулчлалын хамгийн том бүтээн байгуулалт байгуулалт болох Цонжин Болдог зэрэг газруудын жуулчдын статистик мэдээнээс харж болно. 

ШУТИС-ийн багш Н.Галиймаа докторын судласнаар дотооддоо 2 сая орчим хүн аяладаг бөгөөд ямар нэгэн эдийн засгийн хямрал, бусад нөлөөллөөс үл хамааран аяллын чиглэлээ өөрчлөн аялдаг гэжээ. Дотооддоо аялж буй иргэдийн эдийн засагт үзүүлж буй нөлөө 225 сая доллар байна гэсэн албан бус судалгаа ч бий. Тэгэхээр энэ жил аялал жуулчлалын салбар дотооддоо эрчимтэй явагдаж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болон, аялагч жуулчдын бие даан аялж байгаа ухамсар дээшлэн, байгаль хамгаалал, илүү эко, илүү танин мэдэхүйд чиглэсэн аяллуудыг хийнэ гэсэн дүр зураг харагдаж байна. 

“Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо” 2015 оноос эхлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний нэг нь жил бүрийн 5-6 сард зохион байгуулагддаг “Улаанбаатар Травел Экспо” юм. Энэ жил тодорхой нөхцөл байдлын улмаас дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах боломжгүй болсон ч бид анх удаа аялал жуулчлалын “ЦАХИМ БИРЖ” байдлаар зохион байгуулж байна. 

Зорилго: 

  • Дотоодын аялагчдад зориулан дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгээс шууд хүргэх, 

  • Хариуцлагатай, төлөвлөгөөтэй аялал жуулчлалыг хэвшүүлэх, 

  • Монгол улсад байгаа дотоод, гадаадын иргэдэд аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд борлуулах,

Ач холбогдол

  • Аялагчид гадаадын болон дотоодын сонирхсон аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ даатгалыг нэг дороос хөнгөлөлттэй үнээр авах зэрэг боломж бүрдэх, 

  • Аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг нэг дор сурталчлах, аяллын биржийн үйлчилгээг хөгжүүлэх, 

  • Байгалийн үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл өгөх,

Давуу тал: 

  • ЦАХИМ БИРЖ-д бүртгүүлсэн байгууллагуудаас заагдсан хугацаанд багц бүтээгдэхүүнийг багадаа 10 хувийн хөнгөлөлттэйгээр захиалах боломжтой

  • Бүтэн жилийн хугацаанд ашиглаж болох вэбсайт

  • Бүтэн жилийн турш үнэгүй мэдээлэл түгээх ХЭВЛЭМЭЛ болон ЦАХИМ сэтгүүл 

Сүүлд шинэчлэгдсэн