И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Цар тахлын үед хэрхэн аюулгүй аялах вэ?

А.Эрдэнэбаатар, expo.ubtourism.org
2020 оны 05 сарын 20

ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРХЭН АЮУЛГҮЙ АЯЛАХ ВЭ?
Дэлгэр сайхан зун цаг болоод олон амралт, аялал төлөвлөж байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионд орж хэрхэн яаж аялахаа мэдэхгүй, бас айдастай байна уу? Тэгвэл бид дотооддоо хэрхэн аюулгүй аялах зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

1.      Дүрэм журмаа дагах
2020 онд бүх нийтийг хамарсан цар тахал гарч дэлхийн хүн амын 3-ны нэг нь хөл хорионд ороод байгаа энэ үед Монгол улс дотооддоо уг вирусыг алдаагүй цөөн улсын нэг болсон билээ. Тиймээс бид аюулгүй байдлаа ханган дотооддоо аялах боломж бүрдэж байгаа нь бусад орноос давуутай байгаа ч сэрэмж алдалгүй ЭМЯ-наас өгч буй зөвөлгөө зөвлөмжийг даган өөрийн болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний үүрэг билээ. Үүнд: баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах, өөрийн хувийн ариун цэврийг сахих, 1-2 м зай барих, хоол  хүнстэй холбоотой дэглэмүүд сахих, өвчтэй бол аялахгүй байх зэрэг орно. 1 хүнд оногдох газар нутгийн хэмжээгээрээ тэргүүлдэг манай орны хувьд хөдөө орон нутагт social distancing буюу зайгаа баримтлах боломж хамгийн ихтэй.

2.      Төлөвлөх, төвлөрлөөс зайлсхийх
Монголчууд бид тэнгэр хангай, цаг агаараа харж байгаад нүүдэг шигээ гэнэтхэн шийдээд л хаа нэг тийшээ гараад давхидаг уламжлал өнөөгийн аялагчдад ч бий. Энэ жилдээ гадаад руу явах төлөвлөгөөтэй байсан бол огт явах боломжгүй болсон гэдэг нь тодорхой учир, эртнээс дотооддоо аялах төлөвлөгөөгөө өөрийн цаг зав, санхүү, сонирхолдоо тулгуурлан гаргах нь зүйтэй. Заримдаа бид зуныхаа амралтаараа хаашаа явах, ойролцоогоор хэдэн төгрөгний зарлага гаргах, хаана хаана хоноглох зэргээ бүрэн гүйцэд мөн эртнээс төлөвлөж чадаагүйгээс амралтаа үр дүнтэй өнгөрөөж чадалгүй нэг бол санхүү мөнгөндөө баригдан хүссэнээрээ аялж чадалгүй байсаар байгаад дуусах нь бий. Тэгвэл энэ цар тахлын үеийн нөхцөл тэр дундаа бизнес, эдийн засгийн байдал санхүүгээ аль болох хэмнэх, төлөвлөгөөтэй байхыг цаанаасаа шаардаж байна.  Жишээ нь заавал наадмын өдрүүдээр амралтаа тааруулж хүмүүс бужигнасан аль нэг гол нуурын эрэг дээр очиж амрах нь зөв үү? ямар тээврийн хэрэгслээр явах, ямар төрлийн аяллыг хэнтэй хийх вэ? хаана байрлах вэ? гэр бүлээрээ яваа тохиолдолд хүүхдэд зориулсан аялал, хөтөлбөр зарладаг байгууллагууд байна уу? надад аяллын хуримтлал бий билүү? өөр үзээгүй аймаг, зорин очих газар юу билээ? гэх зэрэг олон асуулт ургах нь зайлшгүй.
Корона вирусын аюулаас дугуй, ердийн хөсөг, хувийн машинтайгаа явах нь үр дүнтэй ба сүүлийн үеийн гадагшаа аялж буй Монголчуудын гол тренд болоод буй усан онгоцны аялал, нийтийн тээвэр, онгоц зэргээр аялах нь эрсдэл дагуулж байна гэж зарлаж байна.
Аль болох хүн ихтэй газраас зайлсхийх нь тухайн аялах газар орны орчны бохирдол, даац хэтрэх зэрэг эрсдэлээс сэргийлэх, байгаль орчинд ээлтэй байх зэрэг ач холбогдолтой. Тиймээс та энэ жил Тэрэлжид голын эрэг дээр бөөнөөрөө хэдэн өдөр майханд байрлая гэж байсан бол яагаад хэдхэн км яваад Баян даваа орон ойр хавийн малчин айлд очоод 1-5 өдрийн морин аялал хийн, үр хүүхдүүдээ хонь малтай ойр байлгаж болохгүй гэж? Таньдаг айл байхгүй юм чинь гэж бодож байвал ийм төрлийн багц аялал зардаг байгууллагууд байдаг шүү.

3.      Урьдчилан сэргийлэх, БЭЛЭН байх
Халдварт өвчин гэдэг бол тоглоом биш гэдгийг энэ онд бид сайн мэдэж авлаа. Монгол хүний “хэнэггүй” зан заримдаа бидэнд чөдөр тушаа болох нь бий. Аюулгүй байдал нэн түрүүнийх учир бид УОК-ийн заавар шийдвэрийг заавал дагаж мөрдөх ёстой. Түүнээс гадна ямар ч нөхцөл байдал тохиолдсон бэлэн байж, техникийн бүрэн бүтэн байдал, сэтгэл санаагаа бэлэн байлгаж, гэнэтийн асуудал тохиолдоход авах арга хэмжээгээ бодолцох хэрэгтэйг бидэнд хөл хорионд орсон эдгээр өдрүүд сургамжилж байна. Жишээ нь УОК-с гэнэт шийдвэр гарган хөдөө орон нутагт олон хоногоор тусгаарлагдах бол бэлэн мөнгөний нөөцөө базаах, картандаа мөнгөтэй байх, хоол хүнсээ тохируулан цуглуулах, техник хэрэгслийн бүрэн байдлаа шалгаж оношлуулах зэрэг орно.

4.      Тогтвортой аялал жуулчлалын зарчимд нийцүүлэх
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн чиг хандлага “Тогтвортой аялал жуулчлал” руу чиглэж байгааг бид бүгд мэднэ. Корона вирусийн улмаас хорионд орсон улсуудад байгаль өөрөө өөрийгөө дахин сэргээж зэрлэг ан амьтад ирж, озоны цоорхой хүртэл нөхөгдөж байгаа тухай сонсогдож байна. Энэ нь хүн төрөлхтөн өөрсдөө хэрэгцээнээсээ хэтэрсэн үйлдвэрлэл явуулж эх дэлхийгээ бохирдуулж байгаатай холбоотой нь харагдаж байна. Монголчууд ч бид эх орныхоо хаана ч яаж ч аялсан миний дур гэж дур зоргоороо загнах учиргүй. Бидний эх орныг бид л өөрсдөө хайрлах учиртай билээ. Машин явж болохгүй ердийн хөсгөөр явах газар машинаар очин хөрсний элэгдэл бий болгох, буцахдаа хогоо үлдээгээд явах, уул хад, модонд хадаг уях, гол ус бохирдуулах, хэт их пластик хог хаягдал аялах явцдаа гаргах зэрэг асуудлууд байдаг. Тиймээс бид тогтвортой аялал жуулчлалын зарчим болох аль болох байгальд ээлтэй байршуулах хэрэгсэл сонгох, ЭКО бааз, буудлыг судлан тэд нарт давуу тал олгох, тээврийн хэрэгслээ байгальд бага хөнөөлтэйг сонгох, батлагдсан зам маршрутын дагуу явах, дур мэдэн зам гаргахгүй байх, орон нутгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг болж тэдний хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, бэлэг дурсгалын зүйлийг худалдан авах, аялахдаа байгалийн гаралтай саван, шампунь хэрэглэх, аль болох нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзах, аялагч бүр усны савтайгаа явах зэрэг зарчмуудыг дагаж мөрдөх ёстой болж байна. Үүнтэй уялдуулан аймаг бүр өөрийн онцлог бренд бэлэг дурсгалын зүйлийг гаргаж таниулах шаардлага урган гарч ирж байна.

5.      Багц аялал, мэргэжлийн байгууллагаас аялал авах
Корона вирусын аюулаас үүдэн дэлхий нийтийн эдийн засаг унаж олон сая хүн ажилгүй болж байгаагийн хамгийн их үр уршиг нь аялал жуулчлал түүнийг дэд салбаруудад тохиолдоод байна. Дэлхийд 75,2 сая хүн, Монголд 54000 шууд ажлын байраа энэ салбарын хүмүүс алдаж зуны 3-5 сарын турш олдог орлого нь огт үгүй болсон. Гэвч аялал жуулчлалын салбарынхан зүгээр суулгүй дотооддоо аялагч жуулчдыг зөв боловсон, шинжлэх ухаанч, экологид ээлтэй, төлөвлөдөг, мэргэжлийн үйлчилгээ авдаг болгохоор олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санаачлан, техник технологийн дэвшлийг ашиглах контент хүргэх зэргээр ажиллаж байгаа нь тун сайшаалтай. Тиймээс мэргэшсэн аяллын байгууллагуудын багц аяллуудыг худалдан авах, майхантай аялах хугацаандаа хэдэн өдөр аялахаасаа хамааран багада 1-3 удаа гэр бааз, орон нутгийн нөхөрлөл, буудлуудад хоноглох, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжаа төлөх зэргээр “Эх оронч”-оор аялах нь тус салбарын хүний нөөц, үйл ажиллагааг аварч үлдэх, мөнгөн урсгалыг эх орондоо үлдээх ач холбогдолтой. Монголчууд гадагшаа аялахдаа жилдээ 615 сая доллар зарцуулдаг гэсэн тооцоолол бий. Энэ хэмжээний валютыг дотооддоо эргэлдүүлэх нь эдийн засгаа, улс орноо дэмжсэн томоохон шийдэл гэж харж байна.  
5

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сонирхол илүү нарийн чиглэсэн болж тусгай сонирхлын аялал эр дундаа авиралт алхалт, загасчлал, мото спорт, унадаг дугуй бүр мөнх цаст оргилуудаас тавцангаар гулгах зэрэг аяллуудыг хийж эхэлсэн бөгөөд аялна гэхээр л бөөндөө цуглаж уудаг гэсэн ойлголт багасч байна. Гэхдээ л аль нэг бааз, амралтын газар очихоор Монголчууд уудаг, уугаад юм эвддэг учир авдаггүй гэх үйлчилгээний газруудын нийтлэг ойлголт байдаг. Хаа хаанаа бодох л асуудал. Үйлчилгээний газрууд энэ хандлага өөрчлөгдөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, харин бөөнөөрөө цугларч хаа байгаа газраа хог тарьж архи дарс уудаг бүлэг хүмүүс хандлагаа өөрчлөх хэрэгтэй.  

 

Сүүлд шинэчлэгдсэн