И-МЭЙЛ: info@ubtourism.org
  • Холбоо барих

Өвөл хийж болох есөн сонирхолтой аялал

М.Мөнхжаргал, expo.ubtourism.org
2021 оны 05 сарын 20

Өвөл гэхээр л даарахаас айж, аль болох дулаан оронд очиж амарч зугаалахыг боддог байсан нь саяхан. Гэтэл титэмт вирус нэг талаараа хүн төрөлхтнийг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгосон ч нөгөө талаараа эх орныхоо өвлийн гоо сайхныг биширч, адал явдлыг мэдрэх боломжийг бий олгож байна. Цасан цагаанаар будагдсан Монголын өвлийн үзэсгэлэнг жуулчдад мэдрүүлэх олон аялал, эвент наадам зохион байгуулагддаг. Тэдгээрээс та бүхэндээ хамгийн сонирхолтой есөн төрлийн аяллыг танилцуулж байна.

1.    Өвлийн хурим- Өвөрхангай аймаг найман нуур- Ciel Voyage Mongolia
Монгол орныхоо жилийн дөрвөн улирлын онцлогт тохирсон, орон нутгийн иргэдэд түшиглэсэн, тэдэнд тогтвортой аялал жуулчлалаас үр өгөөжөө хүртэх боломжийг олгодог аяллыг Сиел Вояж ХХК зохион байгуулдаг. Дотоод, гадаадын жуулчид Хүйсийн найман нуурын үзэсгэлэнт газарт 2-5 хоног аялах, байгалийн сайханд эко жуулчны баазад байрлаж олон төрлийн эвентэд оролцох боломжтой. Тус компанийн аялал болон эвентүүд нь нутаг орны олон зуун жилийн түүхийг байгалийн сайхантай хослуулан нүүдлийн соёлыг гадаадын жуулчдад танилцуулдаг. Мөн дотоодын аялагч, хүүхэд, залуучуудад мартагдаж буй үндэсний уламжлалт зан заншлыг сэргээн танин мэдүүлдгээрээ онцлог юм.


Энэ удаа бид “Уламжлалт хурим найр”-ын арга хэмжээ, өвлийн “Хүйсийн найман нуурын морин аялал болон Мөсөнд авиралтын аялал”-ыг онцлон санал болгож байна.  
Уламжлалт хурим найрын аялалд хамрагдсанаар Монгол ёс заншлын дагуу хуримлаж буй хосуудын хуримын зочин болох боломжтой. Энэ аялал нь гадаад, дотоодын аялагчдыг татаж чадах цоо шинэ аяллын маршрут, эвент юм.
Энэхүү аялал нь нэг сумаар хоёр туулай буудах боломж олгодог. Хүйсийн найман нуурын үзэсгэлэнт газраар аялангаа гэрэл зураг авч, хуримд оролцоод буцахдаа Улаан цутгалангийн мөсөнд авирах авиралтыг сонирхох, тэр бүү хэл сонирхогчийн тэмцээнд хүч үзэх боломжтой гээд бод доо... Та нүдээ аниад төсөөл дөө. Зулай дээрээс нар төөнөх ч нуурын жавар үлээсэн өвлийн нэгэн өдөр үстэй дээл өмсч цан хүүрэг татуулсан морь унан, ачаатай сарлагтай явж байна. Эргэн тойрон нам гүм, морьд цасан дээр гишгэлэх чимээ, салхины исгэрээнээс өөр юу ч үгүй… Гайхалтай биш гэж үү? Энэ л цаг үед дотор хүнтэйгээ ярилцаж, өөрийгөө илүү ихээр таньж мэддэг...
https://www.facebook.com/CielVoyageMongolie

2.    Монгол ахуй соёлтой танилцах- Монгол Номадик жуулчны бааз
Монгол номадик жуулчны баазын “Нүүдэлчдийн үзүүлбэр” нүүдэлчин соёл иргэншлээсээ өдөр ирэх бүр холдож буй бидэнд жинхэнэ монгол ахуйг бодитоор мэдрүүлээд 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа билээ. Улаанбаатар хотоос 55 км давхиад л Төв аймгийн Аргалант суманд байрлах жуулчны баазад хүрч 100 жилийн өмнө нүүдэлчид хэрхэн амьдарч байсныг мэдрэх боломжтой.


Ямаа, чонын арьсан дах нөмрөөд гэр юугаа сарлаг тэргэнд ачаалаад, морь тэмээгээ унан нүүдэллэх монгол ахуй нүдний гэм болж. Техник технологийг шүтсэн зуунд ердийн хөсгөөр хэрхэн нүүдэллэдгийг үзэж, хөөмий, морин хуур, ардын дууны хөг аялгуунд уярсан шигээ суухад хэсэг ч болов цаг хугацаагаар аялсан мэт мэдрэмж өгөх буй заа. Үүнээс гадна эдний хамт олон арваннэгдүгээр сараас эхлэн өвлийн турш хагас сайн өдөр бүр “Хүлэгчийн Золбоо” морьтны наадмыг зохион байгуулж эхлээд байгаа аж. Гэрэл зураг сонирхогч, адуунд хайртай хэн бүхэнд нээлттэй уг арга хэмжээг очиж сонирхохыг зөвлөж байна.
https://www.facebook.com/Mongolnomadic

3.    Адал явдалт өвөл- Монголиа Экспедишнс энд Турс ХХК
Цастай өвөл
Мөстэй өвөл
Цана чаргаар гулгадаг өвөл...

Тийм ээ, цас мөс бол өвлийн бэлгэ тэмдэг. Цасаар байлдаж мөсөн дээр тэшүүрээр гулгаж, цана, чаргаар гулгах дургүй хүн нэгээхэн ч үгүй. Тэгвэл үүнээс арай илүүг, экстрим адал явдлыг эрэлхийлээд үзэх үү...
УБ хотод ойр Найрамдал зуслангийн орчим болон Горхи Тэрэлжийн БЦГ мөсөнд авиралтын хиймэл хана бий болжээ. Үүнээс гадна хотоос хамгийн ойр орших хүрхрээ болох Улаан цутгалангийн 24 метр өндөр мөсөн хананд авирч үзэх ч боломж бий гэвэл итгэх үү. Адал явдал сонирхогч хүн бүрд энэ төрлийн спорт нээлттэй.
Үүнээс гадна Туул гол, Хөвсгөл нуур, тэр бүү хэл Байгал нуурын мөсөн дээр дугуй жийж болох нь ээ. Өндөр уулын өвлийн авиралт, снөүборд, цанаар өндөр уулнаас буух, скайранинг зэрэг адреналин ялгаруулж, айдсаа ялан дийлэх, өөрийгөө сорих олон зүйлсийг өвлийн улиралд л хийх боломжтой юм шүү.
Энэ боломжийг олон жилийн туршлагатай, адал явдалт аяллаар дагнасан Монголиа Экспедишнс энд Турс компани болон Монгол Аялагч клубийнхэн мэргэжлийн түвшинд санал болгодог. Хэрвээ танд өчүүхэн ч гэсэн айдас байвал мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө аваад үзээрэй. Нэг эхэлсэн байхад зогсохгүйгээр донтож ч мэдэх юм шүү...

https://www.facebook.com/MongolAyalagch

4.    Нохой чарганы аялал- Тэрэлж жаргал ХХК
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бол яалт ч үгүй нохой чарганы аялал. Х.Түвшинжаргал хэмээх энэ залуу хүний хамгийн сайн нөхөр болох морь, нохой хоёрыг өөрийн найз нөхөр, гэр бүлээ болгосон гэхэд хилсдэхгүй. Түүний аяллууд гэр бүлд аз жаргалд бэлэглэж чадаж байгаа нь бахархам билээ.
Гэр бүлээрээ аз жаргалтай нэгэн шинэ дурсамж бүтээхийг хүсвэл түүнд хандах нь тохиромжтой. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө эсвэл ганцаараа байсан ч группд нэгдээд аялалд явж болдгоороо давуу талтай. Хэрвээ машингүй бол эднийхээс зарласан аялалд нэгдээд хотоос автобус хөлөглөн, замын танилтай ч болоод ирэх боломжтой.
Багц аялал нь зөвхөн таван км нохой чаргаар давхиад зогсохгүй нэг цаг морь унах, замдаа нум сум харваж, мөсөн хаданд авиралт хийн, морин чаргаар зугаалах гээд сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаасан аж. Морьдоо уналга, эдэлгээнд сургасан бөгөөд хөл хөнгөн хурдаас эхлээд номхон бор нь ч бий. Тиймээс хүүхдээ морь унаж сургах бол номхон морь сонгоод, харин өөрөө морин дэл дээр салхи татуулан давхих боломжтой гэсэн үг.
Аяллаа төлөвлөхдөө богино хугацааны, өдрийн, хоногийн гэдгээ л сонгох шаардлагатай. Хамгийн сэтгэл татам зүйл нь боломжийн үнийг эднийх санал болгодог.
Морь унаад хөөрч догдлох хүүхдүүд, чарганы нохойг өхөөрдөн салж ядах төрх гээд өвлийн жаврыг үргээх хайр эндээс л ундарч байна шүү.
https://www.facebook.com/MongolianSleddingDogs

5.    Өвлийн тайга- Чүү чүү аяллын клуб
Хэзээ нэгэн цагт -30, -40 хэмийн хүйтэнд урцад амьдардаг хүмүүсийн тухай сонссон л биз дээ. Эсвэл Санта клаусын хөлөглөн ирдэг цаа бугыг унаад явахыг мөрөөдөж байв уу. Энэ л мөрөөдлийг тань биелүүлэх аяллыг санал болгож байна. Монгол орны хойд хязгаарт жилийн турш цаа бугаа маллан урцад амьдарч, хүйтэн сэрүүн газрыг дагаж нүүдэллэх цаатны отогт зочлох юм.
Тэсгэм хүйтэнд урцдаа нимгэн тэрлэгтэй тухалж, шөнөдөө дан хөгжил нөмрөн, нэг л удаа гал түлээд хонодог өлчир чийрэг хүмүүс бол цаатан ардууд. Тэд нимгэн ноосон малгай өмсөх ч чихээ гаргачихсан, зузаахан дээл өмсөхөөрөө хөөрөөд байгаагаа гайхан тайлаад шидчихдэг халуун цустай хүмүүс.
Таны аяллын маршрут Дархадын цэнхэр хотгор, 13 овоо, уулсын хаан-Дэлгэрхаан уулын барааг харж Монгол орны хамгийн хойд захын сум болох Ринченлхүмбэ, Цагааннуураар аялж цаатан ардтай золгоно. Буцахдаа Хөвсгөл нуурын тунгалаг мөсөн дээгүүр давхисаар Хатгал тосгонд ирнэ. Аа тийм, өвөл харзалж урсдаг Жаргалант голын эрэгт боргол чанасан шигээ суух нь эдний аяллын брэнд. Энэ бол жинхэнэ адал явдал.
Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг гуравдугаар сард Хөвсгөл нууран дээр болдог мөсний баярыг давхцуулан аялалд гарахад болохгүй зүйлгүй.
Даарахаас айж байна уу. Бэлтгэл сайн бол хэзээ ч даарахгүй. Олон хувцас давхарлахдаа биш зөв хувцсаа өмсөх нь чухал шүү. Даарсан ч хэзээ ч мартагдахааргүй нэг удаа даараад үзэж яагаад болохгүй гэж… Аялал бол адал явдал. Өөрийн тав тухтай бүсээсээ хааяа ч гэсэн гарч үзэх хэрэгтэй гэдэг байх аа.
https://www.facebook.com/CHUUCHUUtravelclub

6.    Цана чаргаар гулгацгаая- Скай ресорт
Зөвхөн цана, чарга, снөүборд, экстрим спорт сонирхогчид гэлтгүй гэр бүлээрээ өвлийн улиралд заавал зорин очих ёстой газар бол Скай резорт. Цана эсвэл снөүборд хөлөглөн өндөр уулнаас гэрлийн хурдаар буух нь өөртөө шинэчлэл хийх, сэргэх боломж шүү. Дэлхийн стандартад нийцсэн зам, хувцас, хэрэглэл, мэдлэг олгох багш нар ч бий.
Найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ очих хотдоо хамгийн ойрхон газар бол Скай резорт гэдгийг бүгд мэдэх учир олон зүйл нуршилгүй өнгөрөөе. Эрүүл агаар эм.
https://www.facebook.com/skyresortofficial

7.    Шувуу ажиглах аялал- Монголын шувуу хамгаалах төв
Хүүхдүүдээ байгальтай ойр өсгөмөөр байдаг уу. Униарт хотоос гарч, цэвэр агаар амьсгалах хүсэл хүн бүхэнд бий. Тиймдээ ч амралтын өдөр тал тал тийш таран одох нь нийслэлчүүдийн зан. Хүссэн цэвэр агаараа олоод уужуу амьсгалчихаад л буцаад давхих гэж үү…
Өвлийн ойд ороход шулганаад байдаг жижиг жижиг дууч шувуудыг юу юу гэж нэрлэдгийг мэдэх үү. Болжмор, хэрээ, шаазгай, бүргэд зэрэг хэдхэн төрлөөр л таны шувууны мэдлэг хязгаарлагдаж байгаа юм биш биз. Мэдлэгээ зузаатгаж шувуу ажиглах аялалд хамрагдаад үзээрэй. Шувууг ажиглаад ирэхээр хошуу, далавч, сүүлний өнгө, хэлбэрээсээ хамаараад бүгд ялгаатай гэдгийг ойлгох болно. Одоогоор монгол оронд 513 зүйл шувуу бүртгэгдсэн байдгаас ус гол, жимсний модтой газарт жижиг шувууд, зарим төрлийн нугас зэрэг 40 гаруй зүйлийн шувууд Улаанбаатар хотын орчимд өвөлждөгийг бид заримдаа анзааралгүй өнгөрдөг.
Хэрэв та өвлийг дүнсгэр байдлаар төсөөлдөг бол мэргэжлийн хөтөчтэй шувуу ажиглах аялал танд хөг нэмнэ. Монголын өвлийг давж гарахаар тэсээд үлдсэн шувууд хэчнээн хайрлам гээч. Магадгүй та энэхүү аяллыг сонгосноор цаашлаад шувууны гэрэл зурганд донтох ч юм билүү.
Эдгээр нь таны сонирхлыг татаж байвал Монголын шувуу хамгаалах нийгэмлэг, мөн шувууны гэрэл зураг авдаг зурагчидтай холбогдохыг зөвлөе.
https://www.facebook.com/Mongolian-Bird-Conservation-Center-1482899568691940  

8.    Шумбалтын аялал
Бас нэгэн адал явдалт ГАЛЗУУ аяллыг танилцуулж байна. Scuba Diving буюу гүний шумбалтыг зөвхөн гадаадад тэр дундаа далайд л хийдэг гэсэн өрөөсгөл ойлголттой яваа юм биш биз. Өвлийн улиралд нуурын гүнд шумбана гээд төсөөл дөө. Боломжгүй гэж үү. Үгүй ээ, энэ нь боломжтой төдийгүй бас нэлээн сонирхолтой, адреналин ялгаруулсан аялал юм.
Үүнийг ахисан түвшний гэж нэрлэхэд болно. Учир нь, хэрэв энэ аялалд явах гэж байгаа бол танаас мэргэшсэн шумбагчийн чадвар шаардана. Экстрим аяллын амин сүнс аюулгүй байдал, найдвартай хэрэгсэл, бэлтгэл ажил байдаг.
Олон жилийн туршлагатай, онцгой байдалд ажиллаж олон хүний амийг аварсан мэргэжлийн аврагч, зохион байгуулагчдад амь нас, эрүүл мэндээ даатгаад төсөөлшгүй ертөнцөөр аялах боломж байна. Гадаа хасах хэмийн хүйтэн үед мөснөөс доош нэмэх хэмтэй, дээр нь тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй учир осгох вий гэсэн айдсаа мартаж болно шүү.
Хөвсгөлд болсон “Мөсний баяр”-ын үеэр нуурын мөсөнд цооног үүсгээд шумбаж буй аялагчдыг хараад дараа заавал айдсаа ялан дийлж хийж үзнэ дээ хэмээн дотроо бодсон. Энэ төрлийн аяллыг зохион байгуулдаг газар цөөн ч бид энэ удаа Great Sea Resort болон Залуучуудын Аялал Жуулчлалын Хөтөч байгууллагуудыг онцолж байна. Тэд олон жилийн туршлагатай.
https://www.facebook.com/byambaa.buka болон 98193185 дугаараар холбогдоно уу.
https://www.facebook.com/greatsearesort
9.    Ууланд авиралт, алхалт
Суурьшмал амьдралд эрүүл агаар, дасгал хөдөлгөөн эм болно. Ууланд алхалтыг эрхэм болгосон хувь хүн, гэр бүлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг дагаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аяллын клубууд шинээр бий болж байгаа нь сайшаалтай. Эдгээр клуб нь амралтын өдрөөр энгийн алхалтууд зарлаж, харин гишүүддээ зориулан тусгай уртын алхалт, өндөр уулын авиралт зэргийг зохион байгуулж байна. Ууланд алхах хүсэлтэй ч хаагуур, яаж, хэнтэй алхахаа мэдэхгүй, өвлийн аялалд юу хэрэгтэйг мэддэгггүйгээсээ болж хойш тавьсаар байгаа юм биш биз...
Энэ бол хамтын аялал учраас хамтрагчдаа сонгох нь хүний өөрийн сонголт. Тиймээс аяллын клубууд гишүүнчлэлд хамруулахдаа хамгийн багадаа 2-3 удаагийн алхалтад хамт яваад үзэхийг санал болгодог. Энэхүү боломжийг ашиглан өөрийн нөөц бололцоонд тохирсон клубуудыг хайж олоорой. Аяллын клубээ сонгохдоо гишүүнчлэлийн давуу тал, жилийн хураамж, клубийн нэр хүнд, зохион байгуулдаг аяллууд, аяллын тоног хэрэгсэл зэргийг харгалзаж үзэх нь зөв биз ээ.
Алхалтын нэг хэсэг бол хувцас, хэрэгсэл. Үнэтэй бүхэн хамгийн сайн гэсэн үг биш. Өөрт тохирохгүй баахан гутал, хувцас аваад дараа нь хэрэглэлгүй шүүгээнийхээ мухарт хадгалбал хэцүү биз дээ… Монгол орныхоо дээвэр Алтай Таван Богд уулын нэрээр нэрлэгдсэн аяллын дэлгүүр нь анхлан сонирхогчоос эхлээд мэргэжлийн тамирчид, энгийн алхалтаас эхлээд эрсдэлтэй спортод хэрэглэх аяллын хувцас хэрэглэл, багаж зардаг учир энэ дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвлөе. Аяллын тоног хэрэгслийн зөв сонголт хийхэд тань туслаад зогсохгүй, үнэтэй зөвлөгөөнүүдийг ч харамгүй өгөх болно.
https://www.facebook.com/Altai.Tavan.Bogd.Outdoor.Equipment.Store

Сүүлд шинэчлэгдсэн